У.Хүрэлсүх: Хотын цэвэр усан хангамжийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, саарал усыг дахин ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ

Монгол Улсад усны салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ой тохиож байна. Тус салбарын баярын хуралд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон, амьдралын эх булаг усаа хайрлан хамгаалах, зүй зохистой ашиглах их үйлсэд сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн усны салбарын үе үеийн эрдэмтэн судлаачид, нийт ажилтан, алба хаагчдад түүхт 80 жилийн ойн халуун мэндийг өргөн дэвшүүллээ.

Монгол Улс түүхэндээ хоёр удаа Усны аж ахуйн яамтай байсан. Усны салбарын төрийн захиргааны төв байгууллагатай байх үед усны салбарт баримтлах бодлогын томоохон баримт бичгүүдийг гаргасан. Тухайлбал, 1965 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 69 дүгээр зарлигаар Бүгд Найрамдах Монгол Ард Улсын “Ус ашиглалтын хууль”-ийг анх тусгайлан баталж байсан. Мөн 1971-1975 онд “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын усны нөөцийг нэгдмэлээр ашиглах ба хамгаалах ерөнхий схем” гэсэн дөрвөн боть ном гаргаж байжээ.

1990 оноос хойш усны салбар эзэнгүйдэж байсан бол 2004 онд батлагдсан Усны тухай хуулиар усны асуудлыг Байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагад хамааруулж, улмаар 2004 онд тухайн үеийн Байгаль орчны яамны харьяа Усны хэрэг эрхлэх газрыгбайгуулж байсан түүхтэй.

Харамсалтай нь, Монгол орны усны салбарын бодлогыг нэгтгэн зангидаж байсан Усны агентлагийг 2012 онд татан буулгаснаар Монгол орны усны бодлогын асуудал нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын түвшинд зохион байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

Монгол орны усны салбарын өмнө тулгарч буй томоохон асуудлууд, цаашид хэрэгжүүлэх ёстой төрийн бодлого зорилтуудын цар хэмжээтэй усны байгууллагын одоогийн бүтэц, зохион байгуулалт нь дүйцэхгүй байна гэж манай нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачид дүгнэж байна. Иймд усны асуудал эрхэлсэн бие даасан агентлаг байгуулж ажиллуулах ёстой гэсэн эрдэмтэн судлаачид, тус салбарын мэргэжлийн хүмүүсийн саналыг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд би бүрэн дэмжиж байна гэж хэлээд агентлаг байгуулах асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатад үүрэг болголоо.

Монгол Улсын Засгийн газар цаашид Усны бодлогын асуудлыг тэргүүлэх чиглэлээ болгон ажиллахыг зорьж байна.

Өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилын сантай Улаанбаатар хотын усан хангамжийн эх үүсвэрийг сайжруулах зорилтбүхий 350,0 сая ам.долларын томоохон үнийн дүн бүхий гэрээг байгууллаа.

Энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол Улсын хүн амын 50 гаруй хувь нь оршин сууж байгаа Улаанбаатар хотын цэвэр усан хангамжийн эх үүсвэр нэмэгдэхийн зэргэцээ, саарал усыг дахин ашиглах нөхцөлийг бүрдүүлэх болно гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)