У.Хүрэлсүх: Утаа хэмээх дайсантайгаа хамтдаа эрслэн тэмцсэний үр дүнд хорт утаа багассан байна

Өнөөдөр Соёлын төв өргөөнд Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүндэтгэлийн концерт тоглогдлоо. Арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон төр, засгийн түшээд, гадаадын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирлээ. Нийслэлийн 380 жилийн ойн хүндэтгэлийн концертод Үндэсний урлагийн их театр, УДБЭТ, ЦДБЭЧ, нийслэлийн Улаанбаатар чуулга тэргүүтэй мэргэжлийн урлагийн байгууллагууд, найман оркестр, Монголын хүүхдийн ордон, Монгол Улсын консерваторийн найрал дуу, бүжигчид, ОХУ-ын Буриадын Ардын жүжигчид зэрэг нийт 800 гаруй уран бүтээлч оролцож, нийслэлчүүддээ уран бүтээлийн дээжээ өргөн барьсан юм.

Нийслэлчүүддээ ойн баярын мэнд хүргэхээр хүрэлцсэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Энэ өдрүүд бол Нийслэлчүүдийн хувьд төдийгүй, нийт Монголчуудын хувьд их баярын өдөр юм. Нийслэл хот маань хөгжлийн шинэ  үеэ эхлүүлж, хотын түүхэн шинэчлэлийг мөн түүчээлэн явна. Олон сайхан бүтээн байгуулалтын ажлуудыг санаачлан өрнүүлж буй хотын удирдлага, нийслэлчүүд та бүхэндээ талархаж байна. Сүүлийн 20-иод жил Улаанбаатарчууд бид утааны асуудлыг ярьсан. Харин энэ жил та бид утаа хэмээх дайсантайгаа хамтдаа эрслэн тэмцэж байгаагийн үр дүнд хорт утаа харьцангуй багассан байна. Ирэх жил бид мөн олон ажлыг эхлүүлж хийх болно. Нэн тэргүүнд нийгэм, олон нийтийг соён гэгээрүүлэх ажилд илүү анхаарч, залуу хойч үеийнхэн, үр хүүхдүүддээ өв соёл, үүх түүх, уламжлалаа таниулж, өвлүүлэх чиглэлээр олон зүйлийг хийж бүтээхээр төлөвлөж байна” хэмээн онцоллоо.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)