У.Хүрэлсүх: Сэтгүүлчдийн гарт нийгмээ соён гэгээрүүлэх, маргаашийн сайн сайханд уриалан дуудах асар их нөөц бололцоо, хүч байгаа

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвлэл, мэдээллийн байгууллагын нийт ажилтнуудад хандан мэдэгдэл гаргалаа.

МЭДЭГДЭЛ

Ардчилсан нийгмийн суурь үнэт зүйл болох иргэний мэдэх эрхийг хангахын төлөө хүчин зүтгэж буй Хэвлэл мэдээллийн салбарын хамт олон та бүгдэд Монгол Улсын Ерөнхий сайдын нэрийн өмнөөс болон хувиасаа Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн халуун мэндийг дэвшүүлье.

Дэлхий даяараа аюулт вирусийн эсрэг тэмцэж байгаа энэ үед мэргэжлийн ёс зүйгээ дээдлэн, иргэдэд бодит үнэн мэдээллийг шуурхай хүргэж ажилладаг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, албан хаагчид та бүгдэд гүн талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Өнөө цагт дэлхий дахинд технологийн дэвшлийг даган мэдээллийн асар их урсгал бий болж, хүн бүр нийгмийн сүлжээг ашиглан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үүд хаалга нээлттэй болжээ. Мэдээллийн энэ их орчил дунд мэргэжлийн сэтгүүлчдийн хараат бус байдал, мэргэжлийн ёс зүй, үнэн бодит эх сурвалжаас олж авсан мэдээллийн үнэ цэнэ, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.

Та бүхний гарт нийгмээ соён гэгээрүүлэх, маргаашийн сайн сайханд уриалан дуудах асар их нөөц бололцоо, хүч байгаа гэдэгт миний бие огт эргэлздэггүй.

Сэтгүүлчид бол төр, засгийн бодлого, үйл хэргийг нийтэд таниулан сурталчлах, түүнийг хэрэгжүүлэхэд гарч болзошгүй алдаа дутагдалд шүүмжлэлтэй хандан засч залруулахыг анхааруулж чаддаг нийгмийн түүчээ болсон хүмүүс билээ.

Тиймээс цаашид ч төр, ард түмнийг холбох гүүр нь болж нийгмийн эв нэгдлийг хангахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна.

Монгол эх орондоо шударга ёсыг бэхжүүлж, гадаадад нэр хүндтэй, дотоодод эв нэгдэлтэй, ард иргэддээ ээлтэй нийгмийг цогцлоохын төлөөх монгол хүн бүрийн хүсэл мөрөөдөл, чин эрмэлзлийг шингээсэн та бүгдийн үйлс тод, үг тань хурц байх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)