У.Хүрэлсүх: Нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албанд шударга ёсыг тогтооход онцгой анхаарна

У.Хүрэлсүх УИХ-ын гишүүдийн 98.5 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран сонгогдлоо. Ингэснээр У.Хүрэлсүх нь Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд болж байна.

Тэрбээр "Монгол Улсын ард иргэд ээ, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Та бид туурга тусгаар улсынхаа төрийг сонголоо. Бидэнд итгэл үзүүлсэн ард түмэндээ баярлалаа. Мөн надад итгэл үзүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин сонгосон УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчид талархаж байна.

Одоо бидэнд ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах цаг ирлээ. Манай ард түмэн төр барих эрхээ эдэлж, задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байхыг хүслээ.

Засгийн газар ирэх 4 жилд импортлогч улсаас экспортлогч улс болохын төлөө ажиллана. Хүнсний хэрэгцээгээ дотооддоо хангаж, хүнс экспортлогч улс болно.

Нам дамжсан улстөр бизнесийн олигархи бүлгүүдтэй бид тэмцэж байна. Ард түмэн маань эх орныхоо баялгийн эзэн болохыг хүсэж байна. Монгол төр шударга бусын өмнө толгой гудайх учиргүй. Цаашид нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албанд шударга ёсыг тогтооход онцгой анхаарч ажиллана. 

Банкны салбарт реформ хийнэ. Зээлийн хүүг сарын 1 хувьд хүргэхийн төлөө шат дараатай ажил хэрэгжүүлнэ. Манай шинэ Засгийн газар ёс зүйтэй, сахилга баттай, ард түмнээ гэсэн сэтгэл зүтгэлтэй ажиллана" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)