У.Хүрэлсүх: Манай хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж их байна

Монгол, Казахстаны бизнес форум БНКазУ-ын нийслэл Нур-Султан хотноо эхэлж байна. Монгол, Казахстаны 300 орчим бизнес эрхлэгч, албаны төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Монгол, Казахстаны бизнес форумд оролцож, хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Эрхэм хүндэт Ерөнхий сайд Аскар Мамин, Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ, Хатагтай, ноёд оо, Өнө эртнээс хаяа дэрлэн оршиж ирсэн казах түмний өлгий нутаг, нүүдлийн соёл иргэншлийн өв уламжлалын баялаг түүхтэй, Монголчууд бидний ойр дотно түнш Казахстан Улсад Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар 25 жилийн дараа ийнхүү айлчилж байгаадаа би ихээхэн баяртай байна. Энэ удаагийн айлчлал маань Монгол, Казахстаны харилцааны түүхэнд шинэ хуудсыг нээж, хамтын ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргаж, манай хоёр ард түмний найрамдлыг улам бататгана гэдэгт итгэлтэй байна. Өчигдөр би Бүгд Найрамдах Казахстан Улсын анхны ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, Эрхэмсэг ноён Нурсултан Назарбаевт бараалхаж, Ерөнхий сайд, Эрхэмсэг ноён Аскар Маминтай албан ёсны хэлэлцээ хийлээ. Уулзалт, яриа хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, Монгол, Казахстаны харилцааг бид цаашид шат ахиулан хөгжүүлэхээр тохиролцлоо. Улс төрийн бат бэх харилцаан дээрээ суурилан худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, уул уурхай, мал аж ахуй, газар тариалан, хот төлөвлөлт, аялал жуулчлалын гээд өргөн хүрээтэй салбарт эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр бид ярилцлаа. Монгол, Казахстаны харилцааг өргөжүүлэхэд иргэд хоорондын солилцоо, нэн ялангуяа бизнес эрхлэгчид Та бүхний хамтын ажиллагаа нэн чухал үүрэгтэй. Монгол Улсын Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын хүрээнд өнөөдөр ийнхүү Нурсултан хотноо зохиогдож буй “Монгол-Казахстаны бизнес форум” нь хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд томоохон түлхэц болно гэдэгт итгэлтэй байна. Бизнес форумыг хамтран зохион байгуулж байгаа Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхим, Казахстаны үндэсний компани “КАЗАХ-ИНВЕСТ“ болон форумд хүрэлцэн ирсэн бизнес эрхлэгчид Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. 

Манай хоёр улс зах зээлийн харилцаанд шилжин орсноос хойшхи хугацаанд эдийн засаг, нийгмийн багагүй бэрхшээл, сорилтуудыг даван туулж өнөөгийн хөгжил дэвшилд хүрсэн билээ. Өнгөрсөн хугацаанд Казахстан Улс бизнесийн тогтвортой орчин бүрдүүлж, өрсөлдөх чадвараа ахиулан эдийн засгийн хөгжлийн өндөр амжилтад хүрч чадсаныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Монгол Улсын эдийн засаг 2018 онд 6.9 хувиар, энэ оны эхний хагас жилд 7.3 хувиар өссөн бөгөөд цаашид ч өсөх төлөвтэй байна. 2018 онд манай улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 18 хувиар өсч, энэ оны эхний хагас жилд ч хөрөнгө оруулалт нэмэгдсэн дүнтэй байна. Товчоор хэлэхэд Монгол Улсад бизнесийн таатай орчин бүрдэж, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгааг тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Монгол Улсын эдийн засаг өсөлттэй байгаа хэдий ч уул уурхайн салбараас хэт хамааралтай, эмзэг хэвээр байна. Иймд бид эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, уул уурхайн салбараас гадна бусад салбарын үйл ажиллагааг бодлогоор дэмжиж, хөрөнгө оруулалтын илүү таатай нөхцлийг бүрдүүлэхийг зорьж байна. Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ, Манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж маш их байна гэж би боддог. Энэ талаар өөрийн санал, бодлоо та бүхэнтэй хуваалцахыг хүсч байна. 2018 оны байдлаар Монгол-Казахстаны худалдааны эргэлт 35,6 сая ам.долларт хүрсэн нь манай нийт гадаад худалдааны дөнгөж 0,3 хувьтай тэнцэж байна. Манай улсаас 3,5 сая ам.долларын үнэ бүхий адуу, хонь, ямааны мах болон ноолууран бүтээгдэхүүн экспортложээ. Казахстанаас 32,1 сая ам.долларын үнэ бүхий цагаан будаа, янжуур тамхи, жимс жимсгэнэ, ургамлын тос болон тоног төхөөрөмж худалдан авсан байна. 1990-ээд онд Монгол, Казахстаны худалдааны хэмжээ 75 сая ам.долларт хүрч байсан бол өнөөдөр бараа эргэлт хоёр дахин бага байна. Хоёр орны худалдаа Та бидний хүсэн хүлээсэн хэмжээнд хүрээгүй, товчоор хэлэхэд боломжит нөөц бололцооноос хавьгүй доогуур түвшинд байна. Иймд худалдаа, хөрөнгө оруулалтын хэмжээг дорвитой өсгөхөд бизнес эрхлэгчид Та бүхний хүчин чармайлт, хамтын ажиллагаа туйлын чухал юм. Та бүгдийн хүчин чармайлтыг Монгол Улсын төр засаг бүхий л талаар дэмжин ажиллах болно гэдгийг энд цохон тэмдэглэе. Хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг шинэ түвшинд гаргахын тулд уул уурхай, хүнсний үйлдвэрлэл, мал аж ахуй, газар тариалан, газрын тос, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал зэрэг олон салбаруудад байгаа нөөц боломжийг хамтран ашиглах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ оны 6 дугаар сараас Казахстаны иргэний агаарын тээврийн “СКАТ” компани Нур-Султан - Улаанбаатарын хооронд тогтмол нислэг үйлдэж эхэллээ. Түүнчлэн, Монгол Улсын агаарын тээврийн “Хүннү Айр” компани Улаанбаатар-Алмата чиглэлд шууд нислэг хийхээр төлөвлөж байна. Эдгээр нислэгүүд бий болсноор манай хоёр орны иргэд, бизнес эрхлэгчид жуулчид шууд зорчих нөхцөл бүрдэж, хоёр орны эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа эрчимжихэд зохих хувь нэмэр оруулах нь дамжиггүй юм.

Казахстаны бараа бүтээгдэхүүн тухайлбал хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, нарийн хилэн бөс даавуу, алим жимс зэргийг манай ард түмэн олон жилийн өмнөөс хэрэглэж заншсан, чанар нь танигдсан бараа бүтээгдэхүүн юм. Сүү, махны чиглэлийн “Казахын цагаан толгойт” үүлдрийн үхэр, газар тариалангийн зарим сорт, төрлийг бид Монголд нутагшуулан ашиглаж ирсэн туршлагатай. Эдгээр уламжлалт худалдаа, хамтын ажиллагааг цаашид улам бүр эрчимжүүлэн хөгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Эрчимжсэн мал аж ахуй, мах үйлдвэрлэлийн чиглэлээр Казахстанд хэрэгжүүлж байгаа сайн туршлагаас судалж, Монголд хамтран ажиллах боломжийг бүрэн дүүрэн ашиглах нь зүйтэй. Дэвшилтэт технологи, инноваци нэвтрүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаанд онцгой анхаарч, хоёр улсын төр, засгийн түвшинд дэмжин ажиллах шаардлагатай гэж үзэж байна. Тухайлбал, хамтын ажиллагааны тодорхой түвшинд хүрээд байгаа “Алт цэвэршүүлэх үйлдвэр”-ийн төслийг Улаанбаатар хотод хэрэгжүүлэхэд хоёр талын холбогдох байгууллагууд эрчимтэй ажиллаж, бодит үр дүн гаргах нь чухал байна. Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид ээ, ​“Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэж монгол ардын зүйр үг байдаг. Миний дээр дурдсан эдгээр боломжийг бодит ажил хэрэг болгохын тулд хоёр орны бизнес эрхлэгчид Та бүхэн хүч чармайлтаа дайчлан, идэвхтэй хамтран ажиллахыг уриалж байна. Бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид Та бүхний үр дүнтэй яриа хэлцэл, харилцан ашигтай хамтын ажиллагаа нь хоёр орны эдийн засгийн харилцааг улам бүр бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Бизнес форумын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье. Манай хоёр орны ганбат найрамдал улам батжин хөгжих болтугай гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)