У.Хүрэлсүх: Би Ерөнхийлөгчийн засаглалыг ДЭМЖДЭГГҮЙ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Ард түмэн надаас хоёр л зүйлийг хүсэж байна. Заримдаа миний эрх мэдлийн ч, хуулийн ч хүч хүрэхгүй байна. Харин сэтгэл санааны хүч байна. Би хэнээс ч айхгүй. УИХ-ын даргыг 60 тэрбумын хэрэгт холбогдсон учир үүрэгт ажлаа хүлээлгэж өг гэж шаардсан. Үүний хажуугаар нэг зүйлийг баттай хэлмээр байна. Тэр “60 тэрбумын хэрэг” бол үнэн шүү. Тэрийг М.Энхболд хийсэн нь ч үнэн. Эвлүүлэг биш. Монгол төрийн алба тушаалыг хууль бусаар зарж, мөнгөжих гэсэн оролдлого хийсэн. Харин хэрэгжүүлсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Үүнийхээ төлөө УИХ-ын дарга М.Энхболд огцрох ёстой.

Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн даргыг огцруулах санал тавьсан. Шударга гишүүд огцруулж чадсан. Дараа нь Хотын захирагч С.Батболдыг ажлаа өгөхийг шаардсан. Өнөөдөр харин уг асуудлыг хэлэлцэж байна.

Энэ гурван шаардлыг тавьсны төлөө өнөөдөр Засгийн газрыг огцруулах гэж байна. М.Энхболд бид багын найзууд. Улс төрд ч олон жил хамт зүтгэсэн. Гэхдээ өнөөдөр найзаа сонгох уу, эх орноо сонгох уу гэсэн сонголт миний өмнө тулгарсан. Би эх орноо сонгохоор шийдсэн. Ард түмэн ч гэсэн өөрчлөлт шинэчлэлийг шаардаж байна.

Үүний дагуу Төрийн их цэвэрлэгээ эхэлсэн гэдгийг албан ёсоор мэдэгдье. Үүнээс гадна намаа цэвэрлэх ёстой юм байна гэдгийг ойлгосон. Улс төрд ямар үйл явдал өрнөж байгааг ард түмэн харж байгаа байх. Иймээс миний тэмцэл улам ширүүсэх болно. Үүнээс цааш газар үгүй гэдэгтэй адил, үүнээс цааш хугацаа алга. 

ЖДҮ-г хөгжүүлэх сангаас зээл авсан гишүүдээс би хоёр л зүйлийг шаардаж байгаа. Нэгдүгээрт, ард түмнээс уучлалт гуйх. Хоёрдугаарт, авсан зээлээ эргүүлэн төлөх юм. 

УИХ-ын дарга бол том эрх мэдэлтэй хүн. Ядаж л гишүүдээ үг хэлүүлэх үү үгүй юу, чуулганаар ямар асуудал оруулж ирэх вэ гэдгээ мэдэх эрхтэй. Тиймээс л би энэ хүнийг эрх мэдлээс нь чөлөөлөх гээд байгаа юм. Түүний оронд эрүүл саруул хүнийг тавьж байж энэ төр цэвэршинэ.

Ням гарагийн орой 17.00 цагийн үед над руу “Тантай уулзалт хиймээр байна. бид гудамж талбайд гарч, жагсаал хийхэд бэлэн боллоо. Та хүрээд ирээч” гэсэн. Тэр орой би Тусгаар тогтнолын ордонд очиход 400 гаруй хүн цугласан байсан. Тэр дотор миний зүс мэдэх цэргийнхэн ч байсан. Тэдэнтэй хэлэлцээр хийгээд, үймээн самуун хийж болохгүй гэж ятгасан. 7-р сарын 1-ний асуудлыг давтаж болохгүй, Монголын ард түмэн тайван байх ёстой. Тэрнээс биш цэргийнхнийг босгоод, бослого жагсаал удирдаад байгаа юм биш.

Надтай холбогдоод байгаа 950 сая төгрөгийн асуудлыг би огт мэдэхгүй. Мөнгө төгрөг тараасан асуудалд холбогдсон сайдыг ажлаас нь огцруулсан. Хуулийн байгууллага шалгаж байгаа. Удахгүй хэргийн үнэн мөн илрэх байх. Мөн зарим хүмүүстэй намын хариуцлага тооцно. Үүнийг та бүхэн удахгүй харах байх.

Би Ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэггүй. Парламентын тэр тусмаа хоёр парламентын засаглалыг дэмждэг " гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)