У.ХҮРЭЛСҮХ: Байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах саналыг ОХУ дэмжиж буйд баяртай байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх албан ёсны айлчлал өчигдөр эхэллээ. Засгийн газрын тэргүүнийг ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа, тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов, Гадаад харилцааны дэд сайд И.В.Моргулав нар “Внуково-2” олон улсын нисэх буудалд угтаж, Москвагийн цэргийн хүрээний хүндэт харуул жагсан хүлээн авав.

“ГАЗПРОМ”-ЫН УДИРДЛАГАТАЙ УУЛЗАВ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүрэлцэн ирсэн даруйдаа “Газпром” компанийн тэргүүн А.Б.Миллерийг хүлээн авч уулзсан. ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведев Монгол Улсын Ерөнхий сайдыг Засгийн газрын ордондоо угтан авч мэндчиллээ. Хоёр улсын Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт хийсэн бөгөөд энэ үеэр талууд Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд есөн жилийн дараа болж буй уг айлчлалын ач холбогдлыг онцолсон юм. Ерөнхий сайд С.Батболд үүний өмнө айлчилж байсан бөгөөд тэрбээр энэ удаа УИХ-ын гишүүний хувиар эл айлчлалын бүрэлдэхүүнд багтжээ.

Хэлэлцээний үеэр Ерөнхий сайд Д.А.Медведев Монгол Улс богино хугацаанд өөрчлөгдөн хөгжиж буйг онцлоод, ОХУ-ын найрсаг түнш хэмээн үздэгээ илэрхийлэв. Тэрбээр “Дэлхийн II дайны хүнд үед бидэнд үзүүлсэн Монголын ард түмний тусламжийг хэзээ ч мартахгүй. Энэ оны есдүгээр сард манай улсын Ерөнхийлөгчийн Монголд хийсэн айлчлалын ач холбогдлыг өндөр үнэлж байна. Тэр үед хийсэн яриа, хэлэлцээний явцад Монголын талаас тавьсан бүх асуудлын талаар эргэн ярилцана гэдэгтээ итгэлтэй байгаа” гэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг түүнд уламжлаад, “Манай хоёр улс олон жилийн түүхэн харилцаатай. Энэ оны есдүгээр сард тохиосон Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч манай улсад айлчилсан нь уламжлалт харилцаа, найрсаг хамтын ажиллагаа, Монгол, Оросын эрэлхэг дайчдад хүндэтгэл үзүүлсэн хэрэг. Энэ үеэр хоёр улс харилцааны түвшнээ нэг шат ахиулж, иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрсэн. Манай хоёр улсын хоорондох улс төрийн харилцаа хамгийн сайн, амжилттай хөгжиж байгаа. Харин сүүлийн жилүүдэд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа саарсан. Цаашид энэ салбарын харилцааг бэхжүүлэх ёстой. Үүнийг хэрэгжүүлэх Засгийн газар хоорондын комиссын ажил амжилттай урагшилж байна” хэмээн тэмдэглэлээ.

“МОНГОЛ УЛС ВЛАДИВОСТОКТ ХУДАЛДААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРАА НЭЭХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БҮРДЛЭЭ”

Ингээд талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны 12 баримт бичигт гарын үсэг зурсан. Уг ёслолд Ерөнхий сайд нар оролцлоо. Дараа нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Д.А.Медведев нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведев “Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хийсэн уулзалт элэгсэг дотно уур амьсгалд боллоо. Манай хоёр улсын худалдаа 2017 оноос эхлэн өсөх хандлагатай байна. 2019 оны эхний есөн сарын байдлаар дахин 13 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан. Хөрөнгө оруулалт хийж, шинэ төслүүд хэрэгжүүлэх талаар тодорхой байр суурь илэрхийлсэн. Жишээлбэл, “Улаанбаатар төмөр зам”-ын ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх боломжтой. Цахилгаан, эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэ хэлэлцээрийн хүрээнд эрчим хүчний дэд бүтцийн шинэ технологи хуваалцах, найдвартай ажиллагааг хангах чиглэлээр хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна. Мөн 1957 оны БНМАУ ба ЗСБНХУ-ын хоорондох худалдааны гэрээнд нэмэлт оруулах тухай Монгол, ОХУ хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор Монгол Улс Владивосток хотод Худалдааны төлөөлөгчийн газраа нээх эрх зүйн орчин бүрдлээ. Мөн аж үйлдвэр, цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах чиглэлээр тодорхой төслүүд боловсруулж байна. Боловсролын салбарын харилцаа хурдацтай хөгжиж байгаа. ОХУ нь Монгол Улсаас боловсон хүчин бэлтгэж эхлээд 90 жил болжээ. Зөвлөлтийн болон ОХУ-ын их, дээд сургуулийг 60 мянга гаруй оюутан төгссөн. Одоогийн байдлаар ОХУ-ын их, дээд сургуулиудад 3000 монгол иргэн суралцаж байна. Хэлэлцээний үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ тухайд “Монгол Улсын хөгжилд оруулж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт” гэж онцолсон” хэмээлээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хэлэлцээний хүрээнд олон асуудлаар ажил хэрэгч, нээлттэйгээр санал солилцож, чухал шийдвэрүүд гаргалаа. Тухайлбал, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг шинэчлэх, үр ашгийг нь дээшлүүлэх, Монголд шинээр барьж байгаа төмөр замын төсөлд Оросын талыг оролцуулах, харилцан ашигтай төслүүдийг судлан хэрэгжүүлэхээр байр сууриа талууд илэрхийллээ. Хөдөө аж ахуй, газар тариалан, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн салбарт өргөн хэмжээний хамтын ажиллагаа хэрэгжүүлэх, боловсрол, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх, Монгол дахь Оросын үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой олон жил шийдэгдээгүй асуудлын эхний үе шатны хүрээнд 500 гаруй өрхийг орон сууцтай болголоо. Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд манай хоёр хөршийг холбосон байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулах саналыг ОХУ дэмжиж буйд баяртай байна. Уг төслийн судалгааны ажлыг хамтран хэрэгжүүлэх гараа эхэлж байна. Мөн цэрэг-техникийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тогтсон. Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг ОХУ-аас авах, хамтарсан хүнсний үйлдвэр байгуулах, хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүний худалдааны хэмжээг нэмэгдүүлэх өргөн боломж байгааг тэмдэглэж, цаашид хамтран ажиллах чиглэлээр тохиролцлоо. Евразийн эдийн засгийн комисстой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах хүсэлтээ дахин илэрхийлсэн. Үүнийг ОХУ дэмжинэ гэдэгт итгэж байна” гэв.

Мэдээллийн дараа Ерөнхий сайд Д.А.Медведев Монгол Улсын Засгийн газрын тэргүүнийг хүндэтгэн зоог барьж, өргөтгөсөн хэлэлцээ хийсэн юм.

Манай сурвалжлагч Б.Номин ОХУ-ын Москва хотоос мэдээлж байна


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)