У.Хүрэлсүх: Ард түмэн 14 мянган төгрөгөөр мах худалдаж авч байхад махны экспорт хийгээд хэрэггүй шүү дээ

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд болон 21 аймгийн Засаг дарга нарт үүрэг, даалгавар өгч байна. Тэрбээр "Шадар сайд давхар үүрэг өгөх учир би товч ярья.

Стратегийн бүтээгдэхүүнүүд болох мах, гурил, хүнсний ногооны асуудлыг ихээхэн анхаарна. Монголын ард түмний амьдрал мах, гурил дээр тогтож байгаа гэдгийг битгий мартаарай. Махны экспортыг нэмэгдүүлэх асуудлаа дахин бодолцож үзээрэй. Экспортыг нэмэгдүүлж чадвал сайн хэрэг. Гэхдээ дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангасныхаа дараа экспортын асуудлыг ярина шүү. Ард түмэн 14 мянган төгрөгөөр мах худалдаж авч байхад махны экспорт хийгээд хэрэггүй.Махны үнэ өсч байгаа нь экспорттой шууд холбоотой. Иймээс нөөц бүрдүүлэх шаардлагатай. Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор ургацын асуудал хэцүү болж байна. Байгаль цаг уур дээр юу болохыг хэн ч таашгүй. Иймд бэлтгэлтэй байх учиртай. Гурил, махыг онцгойлон анхаарах ёстой. Хэрэв ирэх жил мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд болон ХХААХҮЯ толгойгоороо хариуцна шүү. Мал нядалгаа эхлэхээс өмнө Ерөнхий сайдын хувиар би хэллээ шүү.

Бүтээн байгуулалтын асуудлыг мөн онцгойлон анхаарах хэрэгтэй. Ажлууд графикийн дагуу явах ёстой. Аймгийн Засаг дарга нар ажилдаа эзэн байж, сахилга бат, хариуцлага, дэг журмыг тогтоож ажилла.

Байгалийн баялгийг тэгш бус хуваарилж байгаа хүмүүстэй хатуу хариуцлага тооц. Нийгэмд шударга ёсыг бэхжүүл. Би энэ тухай олон ярьж байна. Монголын төрд олигархиуд орж ирснээс болж төрийн үйл ажиллагаа гацаанд орлоо. Хэдэн халтар цаасанд амаа үдүүлж болохгүй. Монголын төр мөнгөний өмнө гудайж болохгүй гэж олон удаа хэлж байна. Шударгаар ажиллаж, баялаг бүтээж байгаа хүмүүсийн тухай яриагүй байгааг ялгаж салгаж ойлгоорой. Бизнес, улс төрийг салгаж байж төр ариусна. Аймаг, орон нутаг ч мөн ялгаагүй.

Байгаль орчинд онцгой анхаарал тавь. Тост, тосон бумбын ордыг бид яаж байж эргүүлж олж авав. Тэрийг дагаад хэд хэдэн компаниуд өнөө маргаашгүй газар ухах гээд зогсож байгаа. Үүнийг Байгаль орчны яам анхааралдаа ав. Лицензүүдийг цуцал гэж хэлсэн. Арга хэмжээ авч байгаа байх. Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ, Булган, Архангай, Төв, Хэнтий аймаг дахь лицензүүдийг цуцал. Сая цагдаагийн дарга газар дээр нь ажиллачихаад ирсэн. Их сайн ажилласан. Төрд төмөр нударга байдаг гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй. Төрийн хууль зөрчвөл ямар ч олигархи бөхийдөг гэдгийг харуулах хэрэгтэй. Сүүлийн 30 жилд дутагдсан зүйл бол энэ юм шүү дээ. Үүний өмнө битгий шантраарай. Мөн хэдэн халтар цаасанд битгий худалдагдаарай. Мөнгөөр бүх зүйлийг хийж болдог гэж зарим хүн бодож байгаа байх.

Улс орон гэж байдаг юм бол замбараагүй уул уурхайтай тэмцэх ёстой. Эх орноо хамгаалах цаг болсон. Шаардлагатай гэвэл цэрэг, цагдаагаа хөдөлгөе. Цэрэг, арми газар нутгаа очиж хамгаалаг. Хамгаалалтад аваг. Яах гэж бид цэрэг тэжээдэг юм бэ. Эх орноо хамгаалах гэж тэр шүү дээ. Тэгвэл хэдэн тонуулч нар ухаад дууслаа. Гол мөрнүүдийг чинь ширгээгээд дууслаа. Тэр Орхон голын асуудлыг хэдэн жил ярив. Таван аймгийг дамжиж явдаг Орхон гол ширгээд дууслаа. Монголын баялгийг ухаж, гадаадынханд алдаад дууссан олиграхиудаас эхэлсэн юм билээ. Одоо энэнд цэг тавих хэрэгтэй. Сэлэнгэ, Хүдэр, Ерөө, Орхон, Эко Алтан заамар, Тост, тосон бумба, Гутайн даваа гээд газруудыг эхний ээлжинд холбогдох байгууллагууд нь шалгаж, арга хэмжээ ав. Та нар ажлаа хийцгээ. Чадахгүй бол ажлаа өг. Хийх хүн байгаа.

Ө.Энхтүвшин даргаар ажиллуулсан дөрвөн сайдтай ажлын хэсэг гарсан. Монгол Улсад олгогдсон бүх лицензийг эргэж шалгана. Аль нь хууль ёсны, аль хууль ёсны биш гэдгийг шалгаж, цэгцэлж авъя.

Бидэнд алт хэрэгтэй юм уу, экосистем хэрэгтэй юм уу. Нэг зүйлийн онцгойлон хэлье. Байгалийн тогтвортой байдал, экосистемийн өмнө ямар ч дарга, албан тушаалтан, хууль бөхийх ёстой. Байгалийн эсрэг хууль дүрэм, албан тушаалтан гэж байхгүй. Нийгмийн хууль байгалийн хуулийн доор байдаг. Хамгийн агуу хууль бол байгалийн хууль. Үүнийг огт зөрчиж болохгүй.

Хууль бусаар газар ухаж төнхөж байгаа хүмүүс, баялаг эзэмшигчидтэй тэмцэх ёстой. Аймгийн Засаг дарга нар анхааралдаа авч ажиллаарай. Сумын Засаг дарга болон холбогдох алба тушаалтнуудад авилга өгөөд Тост, тосон бумбын ордыг зогсоох гэж оролдсоныг цагдаагийн байгууллага хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тагнуулын дарга аа, АТГ-ын даргыг дуудаж аврах хэрэгтэй. Манай өрөөнд өнөөдөр цугла. Нүдэн дээр чинь авлига явагдаж байхад таслан зогсоох ёстой. Гэмт хэргийг одоо илрүүл, шийтгэ. Ямар албан тушаалтан байх нь хамаагүй. Сайд, УИХ-ын гишүүн байсан ч хамаагүй Монгол Улсын өмнө гэмт хэрэг хийсэн бол тэр хүн ялаа эдлэх ёстой. Одоо цөмөөрөө ингэж ажиллая. Би энийг та нарт олон удаа хэлж байгаа. Одоо би ард түмний өмнө телевизээр хэлж байна.

Монгол Улсын Засгийн газар гэмт хэрэгтэй тэмцэх үүрэгтэй. Тэмцэх хүмүүс нь та бүхэн. Шударга ёсыг тогтооход хатуу, чанга ажилла. Ямар нэгэн байдлаар та бүхнийг дарамтлаад, амь насанд чинь заналхийлээд байвал энд нэр устай нь хэл. Та нарыг хамгаална. Төр томилсон хүнээ хамгаалах үүрэгтэй. Бүү ай. Тэр олигархи, хулгайч нараас битгий ай. Битгий барьцаанд нь орж, худалдагд. Төрийн сүлд та нарыг харж байгаа. Цаашдаа Монгол төрд олигарх, хулгайч нар сонгогдох ёсгүй. Хэн нь хулгайч вэ гэдгийг ард түмэн мэддэг болсон.

Хулгай хийнэ, хүн амины, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ гээд ер нь бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй" гэв.


    Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

    Сэтгэгдэл бичих (24)