У.Хүрэлсүхийн нэг жил

У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдээд яг нэг жил болж байна. Гэхдээ сонгуулиар үнэмлэхүй ялж, Засгийн газраа дангаар бүрдүүлсэн Ардын намынхны амлалтаа биелүүлэх хугацаа хэдийн талаасаа өнгөрсөн. Тэдний амласнаа албажуулсан баримт бичиг буюу Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт энэ оны эхний хагас жилийн байдлаар 47.2 хувьтай байгааг сайд Г.Занданшатар саяхан уламжлав. Эл үзүүлэлт өмнөх Засгийн газрын үед дийлэнх нь хамаарах 2017 оны байдлаар хэд байгааг инфографикаас хараарай.

Уг хөтөлбөрийн хүрээнд явуулж буй бодлого тус бүрийн хэрэгжилтийн дүнгээс харахад Засгийн газрыг Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүхийн хэн нь тэргүүлснээс үл шалтгаалан огт “хөдлөөгүй” тоо ч байна. Гэхдээ эдгээр нь өөрсдийнхөө ажлыг өөрсдөө дүгнэж, гаргасан тоо болохыг тэмдэглэе. У.Хүрэлсүх Засгийн газрыг тэргүүлснээрээ бидний амьдралд бодитой ямар өөрчлөлт гарсныг ард түмэн дор бүрнээ дүгнэж буй.

Засгийн газрын танхимд дандаа УИХ-ын гишүүд орж ирээд суучихаар олигтой үр дүнд хүрдэг, эсэхийг ч харж суугаа, тэд. Ардын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны төвд жирийн монгол иргэн, ард түмэн нь бий, эсэхийг ажиглаж суугаа.

Ч.Сайханбилэг Ерөнхий сайд шиг “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг” гэж хэлж гарч ирээгүй ч “Эдийн засаг, төсөв, санхүүгийн нөхцөл туйлын хүнд” (Засгийн газраа бүрдүүлсний дараа хэлсэн үгэндээ ийн онцолсон) улс хүлээн авч буйгаа У.Хүрэлсүх хүлээн зөвшөөрсөн. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын “баруун гар” нь болж, шадарлаж асан, өмнөх Засгийн газар нь эдийн засгийг “сэхээн амьдруулах” тасгаас арайхийн гаргасныг ч У.Хүрэлсүх мэдэж байсан юм.

Түүний удирдсан Засгийн газрын бие даан хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнд бий болсон боломждоо тулгуурлан боловсруулсан төсвийн төслийг парламент ид хэлэлцэж байна. Энэ улсын ирэх жилийн төдийгүй цаашдын амьдрал ямар байхтай холбоотой тоон илэрхийллийг тал талаас нь сонжиж буй. Гэвч татвар төлөгчийн нэг төгрөгт ч хариуцлагатай хандахаа мэдэгдсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх сонгуулийн өмнөх жилийн төсвийг “ховсоддог” жишиг, хандлагаас хазайж чадсангүй гэх шүүмжлэл газар авч байна.

Хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, бүх сургуулийг хоёр ээлжээр хичээллэдэг болгох, тэнд ажиллаж буй багш нарын цалинг нэмэгдүүлэх гэх мэт гол амлалтаа ажил хэрэг болгох мөнгийг ирэх жилийн төсөвт чихчихсэн гэхэд болно. Жижиг, дунд үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд сохор зоос ч төсөвлөөгүй гэх шүүмжлэл сөрөг хүчин гэлтгүй намынх нь гишүүд ч хүчтэй илэрхийлээд эхэлсэн.

Тэдний зохиосон хэт өөдрөг төсөв эрх баригчдыг ирэх сонгуульд өвдөг шороодох, энэ улс элгээрээ хэвтэх, эсэхтэй шууд холбоотой. Тэндээс хариуцлагатай уул уурхай, олон тулгуурт эдийн засгийн бодлого үнэртэх учиртай сан, уг нь.

Монгол төрийн эмх цэгц, хариуцлага, сахилга батыг чангатгаж, дэг журам тогтоохоо Ерөнхий сайд болонгуутаа мэдэгдсэн. Үүнийг хийхэд мөнгө хэрэггүй, гагцхүү улс төрийн эр зориг, сэтгэл үгүйлэгдэж буйг ч тэрбээр хэлж байв. Магадгүй Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн хамгийн олон давтсан үг нь “хариуцлага” ч байж мэднэ.

Улмаар хөмсөг зангидсан дарга нарын хэлэх дуртай үг нь “хариуцлага” болов. Танхимаа бүрдүүлснийхээ дараа төрийн эрх барих дээд байгууллагын индэр дээрээс “Энэ цаг мөчөөс эхлэн Засгийн газрын бүх түвшинд, төрийн албаны бүх шатанд зөвхөн шударга ёс, хууль дээдлэх зарчим баримталж, өндөр ёс суртахуунтай ажиллахыг би хатуу шаардаж, бас үүрэг болгож байна” хэмээн мэдэгдсэн У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед төрийн албан хаагчид ажлын байрын дээрээ нэгийнхээ аминд хүрсэн нь эмгэнэлтэй.

Ерөнхий сайдынх нь тоть шиг давтсан анхааруулга төрийн албан хаагчид, ядаж л “хурган” дарга нарынх нь ой тойнд үлдсэн бол тэд ажлын байран дээрээ архидахгүй, алтан амь үрэгдэхгүй байв. Хэлэх нэг хэрэг. Хийх өөр хэрэг. Төрийн үйлчилгээнд ашиглах учиртай автомашинуудын бөөрөн дээр “Зөвхөн албан хэрэгцээнд” гэж бичсэнээрээ албан тушаалтны авгай, хүүхдийг түүгээр зөөхөө больчихно гэсэн үг биш. Бүхэлдээ унаж буй төрийн албаны нэр хүндийг аврахад ганц Засгийн газрын хүчин чармайлт хангалтгүй. Үнэмлэхүй олонх бүхий парламентын баталсан Төрийн албаны тухай хуулийг хоёр сар гаруйн дараа дагаж, мөрдөх гэж байна.

Эрх баригчдын баталсан хууль, хичээл зүтгэлийн хоршил дор төрийн албанд дэг журам тогтох, эсэхийг ирэх өдрүүд харуулах биз. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж суугаа атлаа үйлчлүүлэх гэж ирсэн иргэнээс өөрийнхөө “юм”-ыг авах гэж буй аятай гар хараад сурчихсан, авлигач албан тушаалтнуудтай ч “дайн зарласан”, Ерөнхий сайд. Сүүлийн жилүүдэд байр ухарсаар буй авлигын индексийг олон улсын хараат бус байгууллага ирэх оны эхээр танилцуулна. У.Хүрэлсүхийн Засгийн газрын авлигын эсрэг өрнүүлсэн тэмцэл үр дүнд хүрэх, эсэхийг тэр дүнгээс таамаглаж болно.

Юутай ч олон жил ярьсан ч цаасан дээр л “амилсан” томоохон төсөл, хөтөлбөрүүдээс газрын тосны үйлдвэртэй болох ажил гайгүй урагштай явна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд урьд байгаагүй их мөнгө төсөвлөх гэж байна. Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах гэж нэг бус томоохон бүтээн байгуулалт эхлүүлж, зарим нь дуусаж буй. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ, АНУ, БНСУ-д айлчлаад байна. Хойд хөршид айлчлахаар бэлтгэж байсан ч хойшилсон юм.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)