"Учралын эгшиг" дуу тэртээ 30 жилийн өмнөх энэ өдөр мэндэлжээ

1987 оны 3-р сарын 8-нд анх бичигдэж тэр цагаас эхлэн ард түмний сонорт гайхамшигтэй өвөрмөц чадалтай хоолойтой дуучин Д.Эрдэнэцэцэг агсаны дуулсанаар хүрсэн "Учралын эгшиг" дуу өнөөдөр 30 нас хүрч байна. Энэхүү дууны Аяыг МУГЖ Д.Жаргалсайхан Үгийг Ц.Чимэддорж нар туурвиж тухайн үед залуусыг уран бүтээлээрээ байлдан дагуулж байсан дуучин Должингийн Эрдэнэцэцэг агсан энэхүү дууг дуулан олны хүртээл болгож байв.

"Учралын эгшиг", "Намуун байгаль" зэрэг хит дуугаараа олон түмний талархалыг хүртэж байсан дуучин эмэгтэй  Должингийн Эрдэнэцэцэг агсан зүрхний өвчнөөр өөд болсон боловч үе үеийн залуусын дунд дуулсан дуу нь өдгөө хүртэл  ам дамжигдан дуулагдсаар байгаа нь хэр чансаатай уран бүтээлч байсныг нь илтгэж буй юм.

Тэрбээр Болгарын Хөгжмийн дээд сургуульд эстрадын дуучнаар суралцаж ирээд өөрийн гэсэн өвөрмөц нугалаа өнгө аясыг бий болгож чаджээ. Б.Сарантуяа, Д.Эрдэнэцэцэг, Ж.Алтанцэцэг Б.Ангирмаа нар үе зайгүй найзууд байсан бөгөөд цайлган сэтгэлтэй цагаанхан, өглөгч эмэгтэй хэмээн найзууд нь дурсан ярих дуртай. Б.Ангирмаа найзынхаа гэгээн дурсгалд зориулж "Дэндүү сайхан найз" нэртэй дуу бүтээн Б.Сарантуяагаар дуулуулж байсан аж. 

Учралын эгшиг

Цэцэгсийг тайтгаруулж чамайгаа аргадъя

Цэнхэр тэнгэрийнхээ өнгөнд хоёул уусъя аа

Намираахан бүлээхэн борооны дуслууд болж

Навчинд шүүдэрлэн хослон гялалзъя аа

Уулсыг жаргааж чамайгаа энхрийлье

Униартай сүлэлдэн хоёул эрхэлье ээ

Өртөөлөн нүүдэллэх үүлсийн хөх чөлөөнд

Өдрийн од болж ихэрлэн түгье ээ

Алаг хорвоод алтан наран ганцын адилаар

Амраг чи минь миний сэтгэлд ганцаараа шүү

Аялах дууг минь чи минь түрээч

Амин хайраар асгартал уярааж чи минь дуулаач

Долгиoсыг бүүвэйлж чамайгаа дагуулъя

Долгилон оргилон хоёул наадъя аа

Хөтлөлцөн хөөрөлдөн итгэлийн гал асааж

Хөхөө өвлөөр ч харзлан ундаалая

Жигүүртнийг ивээж чамайгаа хайрлая

Жиргээ исгэрээнд нь хоёул автъя аа

Хайланхан уяранхан амрагийн дуу зохиож

Ханийн хорвоод нэгнээ ивээе ээ

Алаг хорвоод алтан наран ганцын адилаар

Амраг чи минь миний сэтгэлд ганцаараа шүү

Аялах дууг минь чи минь түрээч

Амин хайраар асгартал уярааж чи минь дуулаач

Алаг хорвоод алтан наран ганцын адилаар

Амраг чи минь миний сэтгэлд ганцаараа шүү

Аялах дууг минь чи минь түрээч

Амин хайраар асгартал уярааж чи минь дуулаач


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)