Ухраагчид

Аливаа Засгийн газрын ажлыг 100 дахь хоног дээр нь дүгнэдэг жишиг манай улсад бий. Энэ бол хийе гэсэн сэтгэлтэй хүнд чамлахааргүй хугацаа. Томоохон реформ хийхэд хангалтгүй байж болох ч түүний эхлэлийг тавихад хүрэлцэнэ. Тиймээс л 100 дахь хоногийг онцлон, эхний дүнг тавьдаг болсон биз. Монгол Улсын Ерөнхий сайдаар Ж.Эрдэнэбатыг томилсны 100 дахь хоног энэ сарын 17-нд болно. Тэгэхээр 29 дэх Ерөнхий сайд томилогдоод өнөөдөр яг 90 хонож байна.

Түүний танхимд сүүлийн хоёр парламентад байгаагүй нэг том давуу тал бий. Энэ бол үнэмлэхүй олонх буюу парламентын 65 гишүүн. Иргэд МАН-д итгэл үзүүлж, 65 суудал бэлэглэсэн учраас олонхын Засгийн газар зөв санаачилга гаргахад “ногоон гэрэл”-ээр ажил нь урагшлах учиртай. Гэвч энэ давуу талаа МАН ашиглаж чадахгүй, эсвэл хүсэхгүй байх шиг. Тэр тусмаа иргэдийн эрх ашигт харшилсан шийдвэрийг хамтаараа гаргаад эхэлсэн нь сонин. Төрийн залгамж чанарыг хадгална, зөв ажлыг нь үргэлжлүүлнэ гэсэн амлалт салхинд хийсэв. Улмаар “АН-ын үед л гаргасан бол бүгдийг нь цуцал” гэж буй мэт авирлаж эхэллээ.

Баримт 1. Наймдугаар сарын 25-нд нээсэн УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэрэгжүүлэх хугацааг ирэх оны долдугаар сарын 1 хүртэл сунгав. Уг нь эдгээрийг өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжүүлэх ёстой байсан юм. “Процессын таван хуулийг ёсчлоогүй учраас бэлтгэл хангаж чадаагүй. Тэгээд ч төсөв мөнгийг нь шийдээгүй” хэмээн Засгийн газар үзэж, хойшлуулах төсөл оруулж ирснийг үнэмлэхүй олонхтой парламент дэмжсэн.

Мөн эдгээрийг дагалдуулж баталсан таван хуулийг буцаасан. Үүний нэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль байлаа. Олон нийтийн зүгээс тэдний энэ шийдвэрийг маш их эсэргүүцсэн юм. Тэгмэгц ээлжит бус чуулганы төгсгөлд өнөөх хуулийг дахин оруулж ирээд хэлэлцэх, эсэхийг нь шийдээд завсарласан. Хэрэв энэ хуулийн эцсийн найруулгыг уншаад л хэрэгжүүлсэн бол долоон настай хүү эцгийнхээ нууц амрагийн захиалгаар амиа алдахгүй байж болох байсан. Энэ хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчдэд эрүүгийн хариуцлага тооцохоор тусгасан байсан билээ. Гэвч оройтсон борооны хойноос цув нөмрөхөөр эдүгээ УИХ уг хуулийг хэлэлцэх гэж байна.

Баримт 2. Ээлжит бус чуулганы есдүгээр сарын 7-ны хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгов. 15-аас доошгүй жил хамт амьдарч, жаргал зовлонгоо хуваалцсан, 20 жилээс доошгүй хугацаанд нийгмийн даатгал төлсөн, тэтгэврийн насны хосын хэн нэг нь тэнгэрт хальсан бол үлдсэн нь энэ тэтгэврийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс авах байлаа. Ийм замаар ахмадуудын сэтгэлийг засах, амьдрал ахуйд нь дэмжлэг үзүүлэх зорилготой хууль байсан юм. Гэвч АН санаачилсан болохоор үргэлжлүүлж болохгүй байсан бололтой.

Үүний оронд МАН-ынхан сонгуулиар амласан “Насны хишиг”-ээ олгоно гэж буй. Энэ асуудлыг тусгасан Ахмад настны тухай хуулийн төслийг өргөн барихаар болсон. Харамсалтай нь, насны хишгийг зөвхөн 70-аас дээш насны ахмадуудад хүртээх юм билээ. Гэтэл монгол хүний дундаж нас 67. Эмэгтэйчүүд дунджаар 69 насалж буй бол эрчүүдийнх 63 байгааг судалгаа харуулна. Насаараа нийгмийн даатгал төлчихөөд тэтгэврийн мөнгөө тав хүрэхгүй жил аваад л бурхан болдог хүн олон. Ийм байхад 70 нас гэсэн өндөр босго тогтоож, ахмадуудаа ялгаварлаж буйд иргэд дургүйцэж байна.

...Хүүхдүүдээ, ахмадуудаа, эдийн засгийн тулгуур багана болсон аж ахуйн нэгжүүдээ МАН ийнхүү ялгаж эхлэв. Сонгуулиар өгсөн сайхан амлалт энэ тэрийг нь сануулж буй хүмүүст “Өдий том болчихоод үлгэрт итгээд байхдаа яадаг юм” гэсэн хариу өгч байна...

Жилд тэтгэврийн насны 8000 орчим ахмад бурхан болдог гэсэн судалгаа бий. Хамтын тэтгэврийн хуулиар бол үүний цаана үлдсэн энэ тооны ахмад тухайн жилийн Засгийн газрынхаа шийдвэрээр эхнэр, нөхрийнхөө тэтгэврийн тодорхой хувийг үргэлжлүүлэн авах байсан. Харин өнөөгийн Засгийн газрын амлаж буй хишгийг авах 70-аас дээш настан хэр олон байх бол. Бас болоогүй, 70-80 настай бол жилд хоёр удаа 100, 80-90 настай бол 200, 90-ээс дээш настай бол 300 мянган төгрөг олгоно гэсэн “ангилал” тогтоон “даапаалжээ”. Ахмадуудад хишиг олгож буй нэртэй ч цөөхөн хүн хамруулж, бага мөнгө гаргах гэсэн “харамч” шийдвэр биш гэж үү.

Баримт 3. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс зогсоож, 2021 он хүртэл хойшлуулахаар болж байна. Сугалаанд азгүй байсан эцэг, эхчүүдийн 6000 гаруй хүүхэд энэ хуулийн хүрээнд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж буй. 1800 иргэн хуульд заасан шаардлагыг нь хангаад хүүхэд харах үйлчилгээ явуулах эрх аван ажиллаж байна. Гэтэл шууд л зогсооно гэлээ.

Хүүхэд бүр боловсрол эзэмших ёстой, аюулгүй орчинд өсөж торних учиртай. Эцэг, эх нь хоёулаа ажилтай, хүүхдээ харах хүнгүй, бас цэцэрлэгт хамруулж чадаагүй хүмүүсийн хувьд дээрх үйлчилгээ асуудлыг нь шийдэх сонголт болж байгаа юм. Гэвч үүнийг зогсоож, 5.6 тэрбум төгрөг хэмнэнэ хэмээн Засгийн газар тооцжээ. Оронд нь “Байгууллагын цэцэрлэг”, “Цалинтай ээж” хөтөлбөрөө санал болгож байна. Гэтэл “Цалинтай ээж” хөтөлбөрт хоёр хүртэлх настай хүүхэдтэй ээж л хамрагдах юм билээ. Бас л хүүхдүүдийг ялгаварлав.

Хүүхэд гурван нас хүрсэн ч өнөөх цэцэрлэгийн хомсдол хэвээр л байна. Тэр үед яах вэ, “хохь нь” гээд хаях хэрэг үү. Одоогоор ганцхан ГХЯ л дэргэдээ цэцэрлэг ажиллуулж байна. ХНХЯ, УУХҮЯ ийм цэцэрлэг байгуулна гээд цаасан дээр төлөвлөчихсөн яваа. Хэзээ байгууллага бүр дэргэдээ цэцэрлэгтэй болно гэж хүлээх юм бол. Эрх баригчдын энэ шийдвэр, орлуулан санал болгож буй хөтөлбөр нь дорх онигоог эрхгүй санагдуулав.

-Байна уу, цэцэрлэгээс ярьж байна. Танай хүүхдийн дугаар болсон шүү.

-Ямар дугаар вэ, манай хүү цэрэгт явчихсан шүү дээ....

Баримт 4. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барилаа. Жилийн орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс бага аж ахуйн нэгжүүдийн татварыг 90 хувиар хөнгөлж, нэг хувь болгох агуулгатай. Татвар нэмнэ гээд “айлгаад” байсных нь дэргэд бол сайхан мэдээ сонсогдож байна. Гэвч өнөөх л ялгаварлал “тууж” явна. Уг хууль зөвхөн мал аж ахуй, газар тариалан, нэхмэл буюу хувцас, хүнс болон барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 4600 гаруй аж ахуйн нэгжид хамаарна.

Эл салбаруудыг онцолж, бусдыг нь ялгасныг гишүүд буруушааж байна. Сангийн яамныхан “Ийм татварын хөнгөлөлт үзүүлснээр аж ахуйн нэгжүүд томорно” гэсэн эсрэг тайлбар хийж буй ч үнэндээ татварын хөнгөлөлтөд хамрагдахын тулд харин ч бизнесээ жижиглэхийг хүснэ. Үүнийг цөөнгүй гишүүн Байнгын хорооны хурлын үеэр сануулна лээ.

Хүүхдүүдээ, ахмадуудаа, эдийн засгийн тулгуур багана болсон аж ахуйн нэгжүүдээ МАН ийнхүү ялгаж эхлэв. Сонгуулиар өгсөн сайхан амлалт энэ тэрийг нь сануулж буй хүмүүст “Өдий том болчихоод үлгэрт итгээд байхдаа яадаг юм” гэсэн хариу өгч байна. Эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа. Тиймээс зарим үрэлгэн зардлыг танах ёстой. Гэвч дэд сайдын албан тушаал, түүнийг дагасан эрх ямбыг хасах зэргээр төр өөрөөсөө эхлэхийн оронд иргэдийн халаас руу гар дүрэх хялбар зам сонгоод байгаа нь буруу.

Иргэдийн өдөр тутмын амьдралд хамааралтай, өгөөжтэй шийдвэрүүдийг өмнөх нам нь гаргасан болохоор улстөржих байдлаар цуцалж байгааг нь ойлгох гээд үзье. Хариуд нь илүү сайн хөтөлбөр, санаачилга дэвшүүлж, хэрэгжүүлэх ёстой шүү дээ. Гэтэл урагшлуулсан шийдвэрүүдийг ухраах ажлыг л МАН, түүний Засгийн газар энэ 90 хоногт сайн хийжээ. Орлуулж дэвшүүлсэн хөтөлбөрүүдээс нь цөөхөн жишээ дурдахад л ийм дүр зураг гарч байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)