Ухань хотод 33 оюутан байгаагаас 31 нь эх орондоо ирэх хүсэлтээ өгчээ

Улсын Онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдаж байна. Уг хурлын үеэр БНХАУ-ын Ухань хотод байгаа оюутнуудыг авч ирэх тухай ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэлэхдээ "Гадаад харилцааны яамнаас Ухань хотод буй оюутнуудыг авчрах чиг үүрэг хүлээсэн. Ухань хотоос оюутнуудаа авч ирэх бэлтгэл бүрэн хангагдсан. 33 оюутан байгаагаас 31 нь эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн. Нэгдүгээр сарын 27-нд МИАТ ТӨХК-тай зөвшилцөн албан бичгээ илгээж, хариу хүлээж байна.

Одоогоор 56 улс иргэдээ Ухань хотоос авахаар зөвшөөрөл хүссэн байгаа. Мөн халдвар ихээр гарч байгаа учир БНХАУ-ын бусад хотод сурч, ажиллаж буй иргэд эх орондоо ирэхээр Консулын газарт хандсан. Одоогоор 100 гаруй хүн Эрээн хотын Консулын газарт хандаад байна.

БНХАУ-ын Ардын Засгийн газартай хэлэлцэж, зөвшилцвөл автобусаар иргэдээ авчрах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Гадаадад амьдарч буй иргэдийг бүртгэлжүүлж, халдварын тухай мэдээллийг цаг тухайд нь өгч байгаа. БНХАУ-аас ирэх бүлэг жуулчдын визийг зогсоосон"  гэж хэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)