Уханьд илэрснээс 10 дахин хурдан тархдаг коронавирусийн төрлийг илрүүлжээ

* Хятадын Уханьд илэрсэн коронавирустэй харьцуулбал лабораторийн нөхцөлд 10 дахин хурдан халдварладаг төрлийг Индонезод илрүүлсэн бөгөөд “D614G” гэж нэрлэжээ. Үүнээс өмнө халдварлах чадвар өндөр төрлийг анх Германд илрүүлсэн нь АНУ-д их тархсан юм. Индонезод халдвар авсан хүмүүсийн 40 орчим хувиас ийм вирус илэрсэн гэнэ. Коронавирусийн хувилсан хэлбэр Европ, Мексик, Бразил, Хятадын Ухань хот, Филиппинд илэрч байжээ.

* Энэтхэгт ням гарагт илэрсэн халдварын тохиолдлын тоо дэлхийн аль ч улсад хоногт бүртгэгдэж байгаагүйгээр нэмэгджээ. Тодруулбал, 78761 тохиолдол бүртгэгдсэн нь АНУ-д өнгөрсөн долдугаар сарын 16-нд бүртгэгдсэн үзүүлэлтийг (77299) давжээ. Тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди халдвар нэмэгдэж буйг үл харгалзан цар тахлаас эдийн засагт үзүүлэх нөлөөг бууруулахын тулд хэвийн байдалдаа эргэн орохыг дэмжиж байна. Тухайлбал, 20 сая оршин суугчтай Шинэ Дели хотод метроны үйлчилгээг зарим хязгаарлалттайгаар энэ сарын 7-ноос сэргээх болжээ.

* Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага буюу АСЕАН-ы орнууд цар тахлын дараа эдийн засгийг сэргээх арга хэмжээний талаар хэлэлцжээ. Эдийн засгийн сайд нар нь 52 дахь бага хурлаа өнгөрсөн сарын 22-30- нд цахим хэлбэрээр зохион байгуулав. Энэ үеэр БНХАУ, Япон, БНСУ-ын төлөөлөгчдийн оролцоотой “АСЕАН+3” хэлбэрээр зөвлөлдөх уулзалт боллоо.

Энэ удаагийн уулзалтаас бүс нутгийн эдийн засагт үзүүлэх “Ковид-19”-ийн сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө болон цар тахалтай тэмцэх эдийн засгийн харилцаа холбоог бэхжүүлэх хамтарсан санаачилгыг баталсан байна. Эдгээр арга хэмжээнд худалдаа, хөрөнгө оруулалтын нээлттэй зах зээлийг дэмжих, худалдаа, тарифын саад хэрэглэхийг хязгаарлах, үйлдвэрлэлийг тогтворжуулах, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээн дэх уялдаа холбоог хадгалахын тулд худалдааг хөнгөвчлөх арга хэмжээгээ бэхжүүлэх талаар тусгажээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)