“Уушгины хавдраар нас баралтын 40 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй”

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд тохиолдож байгаа өвчлөл, эрүүл мэндийн асуудал, хариуцдаг байгууллагын ачаалал, нөхцөл байдал, үүнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсов. Өвөлдөө Улаанбаатарт бүртгэгддэг, амьсгалын замын өвчлөлийн бараг тал хувь нь агаарын бохирдол болон цаг уурын хүчин зүйлстэй хавсран гарч байгааг салбарын дэд сайд мэдээлсэн. Мөн нийт хүн амын зүрх, судасны тогтолцооны өвчлөлийн 20, амьсгал болон зүрх, судасны өвчний улмаас нар барагсдын 30, уушгины хавдраар хорвоог орхигсдын 40 орчим хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэйгээр өвдсөн болохыг манай судлаачид тогтоосныг Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн онцоллоо. Үүнээс гадна амьсгалын тогтолцооны өвчин нь хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болсоор байгаа бөгөөд 2008 онд 10 мянган хүн тутмаас 972.9 нь өвдөж байсан бол 2017 онд энэ үзүүлэлт 1671.4 болж 1.7 дахин нэмэгджээ. Манайд өнгөрсөн онд хорт хавдрын 6073 тохиолдлыг оношилсноос 7.2 хувийг уушги, гуурсан хоолойнх эзэлж, нийт хавдрын өвчлөлийн хүрээнд гуравдугаарт бичигдэж байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)