Уушгиа залгигчдыг нэрлэв

WRI буюу Дэлхийн нөөцийн институтийн судалгаагаар 2001-2013 онд ОХУ-ын ой модны эзлэх талбай нь 37.2 сая га  болж буурсан нь дэлхийд толгой цохих үзүүлэлт юм байна. Энэ нь жилд  дунджаар 4.3 сая га ойгоо устгаж байсан гэсэн үг аж. Тус байгууллагын шинжээчид 10 гаруй жилийн судалгаагаа дүгнэж, жагсаалт гаргаснаа өнгөрсөн долоо хоногт тайлагнасан байна. Тэдний дүгнэлтээр дэлхийн хэмжээнд ой модны эзлэх талбай багасаж байгаагийн гол шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гал түймэр аж. Оросын хувьд ч дээрх хэмжээний ой устсаны 70 хувь нь түймэртэй холбоотой аж. Дараагийн нэг шалтгаан нь модон эдлэл, бүтээгдэхүүний хэрэгцээнд асар их мод бэлтгэж байгаа явдал гэж онцолжээ. Ийнхүү их хэмжээгээр устгагдсан ойн төгөл өөрийн хүчээр эргэн нөхөгдтөлөө 100 жил болдог байна. Энэ хугацаанд тэнд байсан амьтан, ургамлын хэдэн хувь нь мөхөж байгаа нь анхаарал татсан асуудлын нэг аж.

Дэлхийн нөөцийн институтийн гаргасан жагсаалтаар нэг жилийн хугацаанд ой модны эзлэх талбайн хорогдлоороо Канад удаалсан байна. Дэлхийн уушиг болсон ой модыг канадчууд  жил бүр ойролцоогоор 2.4 сая га-гаар хороож байгаа бол бол Бразил 2.1 сая га гэсэн үзүүлэлтээр ард нь жагсав. Түүнчлэн АНУ 1.7 сая, Индонез 1.6 сая га ой модыг түймэрдэж, бас ахуйн хэрэглээндээ огтолсон байх юм. Эхний 10-ын дотор Конго 608.000, Хятад 523.000, Малайз 465.000, Аргентин 439.000, Парагвай 421.000 га ой устгасан “гавьяагаараа” багтжээ. Удаан хугацааны уг судалгааг “Google” компанийн тусламжтай явуулсан юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)