УУЧЛААРАЙ, ЭНЭ БОЛ ДЭЭРЭМ

Манай улс харьцангуй цөөн орон хэрэглэдэг, хавьгүй үнэтэй технологиор иргэдийнхээ паспортыг шинэчлэх гэж байна. Монгол Улс дипломат, албан паспортаа цахим болгохдоо өдгөө 160 гаруй орон ашиглаж буй, хавтсанд нь мэдээлэл хадгалах чип суурилуулдаг технологи ашигласан.

Харин одоо энгийн гадаад паспортаа 20 ч хүрэхгүй улс орон ашиглаж байгаа, өмнөхөөс өндөр өртөгтэй, чипийг нь эхний хуудсанд суурилуулдаг технологиор хийх гэж байна. Уучлаарай, энэ бол дээрэм. Элдэв гоё, ганган нэрээр халхавчилж, иргэдийнхээ халаасыг сэгсрэх дуртай төрийн ээлжит, боловсон дээрэм. Наргиж, нанчид хүртэх гэсэндээ настныг орцонд нь дээрэмдсэн нусгайнуудын үйлдлээс нэг их ялгарахааргүй явдал.

Е серийн буюу энгийн (улаан) гадаад паспортыг шинэчилж, цахим болгох шийдвэрийг Засгийн газраас хэдийнэ гаргаж, энэ оны хоёрдугаар хагасаас ажил хэрэг болгохоор бэлтгэлээ базааж буйг манай сонин өмнө нь мэдээлсэн. Ингэхдээ зөвхөн иргэний хүсэлтийг үндэслэн, ухаалаг болгохын хамт одоогийнх шиг “ухаалаг бус” паспорттай байхыг нь ч зөвшөөрнө гэж буй.

Өөрөөр хэлбэл, иргэн хүсвэл чиптэй, чипгүй хоёр янзын паспорттай байж болох нь. Үүгээр Сү.Батболдын, эсвэл Ч.Сайханбилэгийн Засгийн газар, ер нь нэртэй, устай хэнийг ч, юуг ч гутааж, үгүйсгэх гэсэнгүй. 2010 онд буюу Сү.Батболдын Засгийн газрын үед гадаад паспортыг цахим болгохоор шийдвэрлэж, өнөөдөр Ч.Сайханбилэгийн танхим түүнийг нь ажил хэрэг болгож буй тул эл хоёр эрхмийн нэрийг дурдав. Төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанар МАН-ын Засгийн газраас АН-ынхад ийн амжилттай уламжлагдаж, бодит ажил хэрэг болох гэж буйд баярламаар ч юм шиг.

Үндэсний баримт бичгээ шинэчилж, цахим болгох гэсэнд буруу ч юу байх вэ. Монголчууд хилийн дээс алхахдаа төхөөрөмжид ганц хүргэхэд л хувь хүний талаарх бүхий л мэдээлэл гарч ирдэг, ухаалаг паспорттай байж яагаад болохгүй гэж. Гадаад паспортаа чиптэй болгохыг ноот бичиг хүргүүлэн шаардаж буй Арабын нэгдсэн Эмират болон заавал виз мэдүүлэн зорчдог улс орнууд руу ухаалаг паспорттайгаа, бусад руу нь одоогийн улаанаа өвөртлөөд яваг л дээ, манайхан.

Гэвч мэдрэмж хамгийн чухал. Мэдрэмжгүй байснаас мэдлэггүй байсан нь дээр ч гэдэг. Тэр тусмаа төрийн нэрийн өмнөөс хийж буй бүхэн торгон мэдрэмж шаарддаг. Харин манайд эсрэгээрээ юм. Бүх нийтээрээ бүсээ чангалж байгаа нь энэ гэж хүүхдийн мөнгөнд хүртэл хуруу дүрж, хумсалж амжсан энэ цаг үед хаа очиж үүргээ нэр төртэй гүйцэтгэж, зөв зүгээр буй гадаад паспортыг шинэчилж, “ухаан суулгана” гэдэг нь чухам юу гэсэн үг вэ. Манай энгийн паспорт чиптэй паспорттай дүйцэхүйц өндөр нууцлалтай болохыг мэргэжлийн хүмүүс хэлдэг.

Өнөөдөр манай иргэдийн ашиглаж буй INFACIO технологийн, улаан паспорт Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын ISO DOC-9303 стандартын дагуу хийгддэг агаад 2002 оноос хойш ямар ч гомдол, чирэгдэлгүй үүргээ гүйцэтгэж ирсэн юм билээ. Тэгээд ч манай паспортуудын бэлдцийг (хувь хүний талаарх мэдээлэлгүй, нууцлал бүхий үнэт цаас) хийдэг ХБНГУ-ын “Giesecke and Devrient” үйлдвэр нь Европын холбооны болон дэлхийн бусад улс орны гадаад паспортдаа ашиглаж буй тусгай нууцлал бүхий программ, чип, евро мөнгөн тэмдэгтийг хэвлэдэг, 150 гаруй жилийн түүхтэй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аж.

Тус үйлдвэрт манай дипломат, албан чиптэй паспортыг үйлдвэрлэдэг бөгөөд хариуцсан төрийн байгууллага, албан тушаалтан нь түүний чанар, аюулгүй байдалд эргэлздэггүйгээ мэдэгдсэн.

Тэгэхээр технологийн хувьд манай гадаад паспорт гологдох нь бүү хэл, харин ч тодорхой шалгуур, стандарт хангасаар байтал эдийн засаг, санхүүгийн хямралтай энэ үед түүнийг шинэчлэх гэж чичрэн дайрах хэрэг бий юү. Тэтгэвэр, цалингаа цагтаа тавьж чадахгүй шахам баларч байж юуг тэвчиж болох, эс болохыг ялгаж мэддэггүй төр үү, хаашаа юм. “Иргэн баян бол төр баян” гэдэг. Төр ядуу байгаа бол иргэн нь ч ядуу буй. Ямар сайндаа л дээрэм, тонуул нь дэндэж, бэлэн мөнгөтэй газар буун дуу гарах нь олшрох вэ дээ. Тэгээд ч энгийн паспортыг энгийн иргэд л ашигладаг.

Жижиг, дунд бизнес эрхлэгчид, оюутан, сурагчид болон өвдөж, зовсон хүмүүс л энэ паспортаар хил нэвтэрч, хэрэг зоригоо бүтээдгийг мэдмээр сэн. Тэртэй тэргүй шийдвэр нь гарсаар тав, зургаан жилийн нүүр үзэж байхад элдэв асуудалгүй, амьдрал үргэлжилсээр буй. Тийм л хэрэгтэй юм бол дахиад жаахан азнаж, ядаж л эдийн засгаа тэнхрүүлчихээд энэ ажлаа эхлүүлбэл яасан юм бэ.

Уг нь томоохон, өндөр хөгжилтэй улс орнууд руу заавал виз мэдүүлэн зорчдог манайх шиг оронд ухаалаг гэхээс илүүтэй, удаан хэрэглэгддэг, сунгаж болдог, одоо хэрэглэж буй паспорт нь илүү тохиромжтой. Гэвч нөгөө талаас нь харах гээд үзье. Энгийн гадаад паспортыг энэ жилдээ ухаалаг болгог. Ингэхдээ харин харьцангуй цөөн орон хэрэглэдэг, хавьгүй үнэтэй технологи сонгох ёстой юу.

Одоогоор хүн төрөлхтөн гадаад паспортыг ухаалаг болгодог хоёрхон технологи ашиглаж буй тухай бид өмнө нь мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, дээр дурдсан ICAO-гийн ISO DOC-9303 стандартын дагуу хийгддэг INFACIO технологийн, улаан паспортын хавтсанд, эсвэл дотор талдаа хувь хүний мэдээлэл бүхий эхний хуудсанд “чип” суулгаснаар л ухаалаг болчихоод байгаа юм.

Манай дипломат, албан паспорт хавтсандаа чиптэй байдаг бол энгийн нь дотор талын эхний хуудсандаа чиптэй болох юм билээ. Өөрөөр хэлбэл, энгийн паспортын эхний хуудас яг иргэний үнэмлэх шиг болно гэсэн үг. Уг нь урьдаар ухаалаг иргэний үнэмлэхийнхээ ид шидийг үзмээр байх юм. Үнэндээ бид арилжааны банкаар үйлчлүүлэхдээ л ухаалаг иргэний үнэмлэхтэй гэдгээ мэдэрч буйгаас бус, оршин суугаа хаягийн өөрчлөлтөө ч тэмдэглүүлж чадахгүй, шинэ хаягаа бичсэн цаасаа хавсралт аятай хэтэвчиндээ хадгалж яваа шүү дээ.

Монгол Улсын иргэний энгийн гадаад паспортыг цахим болгох гэж буй технологийн бэлдэц нь одоогийн улаан паспортынхаас 4-5 дахин өндөр үнэтэй. Дээр нь гаалийн болон НӨАТ, тэмдэгтийн хураамж зэрэг зардлыг оруулан тооцвол одоогийнхоос хавьгүй их дүн гарна.

Манай улс жилд 100 мянга орчим энгийн паспорт хэвлэдэг. Яаралтай болон энгийн нөхцөлөөр хэвлэхээс шалтгаалан нэг бүрт нь иргэн 30 мянга орчим төгрөг төлдөг. Нэгэнт иргэн чиптэй паспорттай байх, эсэхээ өөрөө шийдэх тул тал хувь буюу 50 мянган паспортыг цахим болгоно гэвэл ямар хэмжээний зардал төрд, бас иргэнд гарах нь ойлгомжтой. Үүнд л дээрмийн мөн чанар оршиж буй бус уу.

Яаж ч бодсон энгийн паспортыг одоо, ийм аргаар ухаалаг болгоно гэдэг нь буруу. Энэ бол төрийн нэрийг барьж ард түмнийхээ халаасыг ухаж буй нэг хэлбэрийн дээрэм болохыг дахин тэмдэглэе.

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)