Уур амьсгалын өөрчлөлт дайнаас илүү аюултай болсныг сануулдаг охин

Шведийн дунд сургуулийн сурагч, 16 настай Грета Тунбергийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлжээ. Энэ охин дэлхийн ирээдүйн төлөө санаа тавьдаггүй улстөрчдийг зоригтойгоор шүүмжилдэг нэгэн. Өнгөрсөн оны наймдугаар сард улсынхаа парламентын ордны гадна ганцаараа эсэргүүцлээ илэрхийлсний дараа энэ охин олны анхаарлыг анх татсан юм. 

Улмаар Парисын уур амьсгалын гэрээний заалтыг биелүүлэхийг уриалан баасан гараг бүр парламентын ордны өмнө эсэргүүцлээ илэрхийлэх болжээ. Шведийн эрх баригчид уриалгыг нь хүлээн авах хүртэл сургуульдаа явахгүй гэж тэрбээр мэдэгдсэн. Энэ алхмаараа Грета Тунберг даян дэлхийн олон зуун мянган сурагчийг араасаа дагуулан, тэдний үлгэр жишээ болжээ. 

Үүний үр дүнд түүнийг “TEDx Stockholm” нийгмийн сүлжээ, НҮБ-ын ивээл доор болдог Дэлхийн уур амьсгалын хурал, Давосын чуулга уулзалтад урьж, 16 настай охин манай гаргийн улс орнуудын зарим удирдагчаас илүү мэдээний гол баатар боллоо. Жаахан хүүхэд байж, байгаль орчны талаар хэт туйлширсан үзэл баримталдаг хэмээн түүнийг шүүмжлэгчид ч бий. Өнгөрсөн онд тэрбээр Америкийн “Time” сэтгүүлийн хувилбараар хамгийн нөлөө бүхий 25 өсвөр настны нэгээр шалгарчээ.

Харин энэ удаа Норвегийн парламентын хэдэн гишүүн түүнийг Нобелийн шагналд нэр дэвшүүлсэн байна. Уур амьсгалын байдал өдгөө дайнаас илүү аюултай болсон учраас тэд ийм сонголт хийсэн гэнэ. Уур амьсгалаас учрах аюул дайн болон мөргөлдөөн дэгдэх хамгийн гол шалтгаануудын нэг байж болох. “Гретагийн эхлүүлсэн, олныг хамарсан хөдөлгөөн нь энх тайвныг дэмжин сахиулахад маш чухал хувь нэмэр болох юм” гэж Норвегийн улстөрч Андре Овстегар мэдэгджээ.

Парисын уур амьсгалын хэлэлцээр нь үйлдвэржихээс өмнөх эрин үеийн үзүүлэлтээс дэлхийн дундаж температурыг хоёроос илүү градусаар (болбол 1.5 градусаас хэтрүүлэхгүй байх) нэмэгдүүлэхгүй байхыг гол зорилгоо болгосон юм. Хоёр дахь зорилго нь агаар мандал дахь хүлэмжийн хийг XXI зууны хоёрдугаар хагасын турш багасгаж, тэг түвшинд хүргэхэд оршино. 

Уг баримт бичигт дэлхийн 195 улс болон Европын Холбоо гарын үсэг зуржээ. Улс бүр энэ хоёр зорилгод хүрэхийн тулд татвар төлөх үүрэг хүлээсэн. Энэ үйлсэд хувь нэмрээ заавал оруулах, цаашдаа өсгөх ёстой. Улс бүр өгсөн татварынхаа тухай НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай ерөнхий конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт таван жил тутам тайлагнаж, шинэ зорилтууд тавих ёстой аж. Улсууд эхний тайлангаа 2023 онд өгөх юм.

2018 оны арваннэгдүгээр сараас эхлээд Грета олон улсын хурлуудад уригдан үг хэлж буй. Хамгийн сүүлд тийрэлтэт, хувийн 1500 онгоцоор очсон олонх төлөөлөгчөөс ялгаатай нь тэрбээр Давост галт тэргээр 32 цаг явж хүрсэн байна. Энд үг хэлэхдээ “Зарим хүн, компани, шийдвэр гаргагч төсөөлөхийн аргагүй их мөнгө үргэлжлүүлэн олохын тулд ямар их үнэт зүйлээ золионд гаргадгаа сайн мэддэг.

Өнөөдөр та нарын олонх нь ийм бүлэгт харьяаллагддаг байх” гэжээ. Тус чуулга уулзалтын үеэр дэлхийн удирдагчдад хандаж дахин үг хэлэхдээ Грета “Бидний орон гэр шатаж эхлэв. Та нарыг айж, сандрахыг би хармаар байна. Өдөр бүр миний мэдэрдэг айдсыг та бүхэн ч мэдрээсэй. Залууст найдвар төрүүлэхийн тулд бид байдлыг өөрчлөх ёстой” хэмээсэн аж.

ЖИРИЙН БУС ГЭР БҮЛЭЭС ГАРАЛТАЙ ИДЭВХТЭН

Залуу идэвхтэн жирийн бус гэр бүлээс гаралтай. Ээж Малена Эрнман нь дуурийн алдартай дуучин, 2009 онд “Евровидение” дууны уралдаанд улсаа төлөөлөн оролцож байсан бол аав Сванте Тунберг нь жүжигчин, өвөө Улоф Тунберг нь жүжигчин, найруулагч. 

Ташрамд хэлэхэд, Грета байгаль орчинд хандах хандлагаа гэр бүлээсээ эхлэн өөрчлөхийг оролджээ. Аавынхаа нөлөөгөөр ногоон хоолтон болсон тэрбээр бусдад ч ийм хоолтон болж, нисэх онгоцоор зорчихоос татгалзахыг уриалдаг. Тэрбээр нэг эгчтэй. Охин нь алдаршсаныг эцэг, эх нь ашиглан амьдралынхаа тухай ном бичсэн нь түргэн борлогджээ. Грета нь Аспергерийн синдромтой. Энэ нь аутизмын адил нийгмийн харилцаанд орохоос бэрхшээдэг байдлаар илэрдэг ч том болохын хэрээр ийм шинж тэмдэг нь багасдаг.

Тэрбээр өнгөрсөн оны тавдугаар сард “Svenska dagbladet” сониноос залуучуудын дунд зарласан уур амьсгалын тухай мэтгэлцээний нийт лэлийн уралдааны ялагчдын нэг аж. Мөн оны арваннэгдүгээр сард тэрбээр Фришусетийн “Оны залуу манлайлагч” тэтгэлэг авчээ.

“ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨХ БААСАН ГАРГУУД”

Грета Тунбергийн санаачилгаар Швед болон бусад улсад уур амьсгалын өөрчлөлтөд улстөрчдийн анхаарлыг татахын тулд баасан гараг бүр хичээлийн оронд эсэргүүцлээ илэрхийлэх хөдөлгөөн өрнөсөн. Зөвхөн долоо хоногийн тав дахь өдөр болдог учир эсэргүүцлийн хөдөлгөөнийг “Ирээдүйн төлөөх баасан гаргууд” хэмээн нэрлэжээ. 

Уг хөдөлгөөнд нэгдсэн сурагчид хотын захиргааны ойролцоо эсэргүүцлээ илэрхийлснээ интернэтэд гэрэл зураг байрлуулах замаар баталгаажуулдаг. Хүүхэд хэдийгээр сурах үүрэгтэй ч уур амьсгал өөрчлөгдөж байхад сурах нь утгагүй гэсэн санааг энэ хөдөлгөөн агуулдаг. 

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар 270 орчим хотод 20 мянга гаруй сурагч эсэргүүцлээ илэрхийлсэн бол энэ сарын 15-ны байдлаар бүх тив, тэр дундаа Өмнөд мөсөн далайн зэрэг 123 оронд 2000 орчим ажиллагаа болжээ. Тэдгээрт нийт 1.4 сая хүн оролцсон гэнэ. ОХУ-ын Москва, Новосибирск, Киров, Ярославль, Ижевск нийт

хотод Гретагийн санаачилгыг дэмжин, зурагт хуудасбарьсан хүмүүс зургаа авхуулж, нийгмийн сүлжээнүүдэд тайлбарлан таниулах ажил өрнүүлсэн байна. Мөн өдөр Германы Дюссельдорфын зураач Жак Тилли хөдөлгөөнийхөнд Гретагийн баримлыг бэлэглэжээ. Чихнийхээ ард эрэгтэй, эмэгтэй хоёр хүн барьсан Гретаг гунигтай төрхтэй дүрсэлсэн аж. Эцэг, эхийн үе гэсэн бичээс баримал дээр бий. Харин Грета өөрөө “Уур амьсгалын гамшгийн эсрэг ямар нэг зүйл хийгээрэй” хэмээн бичжээ.

ЭРДЭМТДИЙН ДЭМЖЛЭГ

Уур амьсгалын төлөө тэмцэж буй сурагчдыг Герман, Австри, Швейцарын 12 мянга гаруй эрдэмтэн дэмжсэн байна. Тэд “Ирээдүйн төлөө эрдэмтэд” цахим хуудсан дахь Залуу эсэргүүцэгчдийн болгоомжлол зөв гэсэн өргөх бичигт гарын үсэг зуржээ. Энэ сарын 20-ны байдлаар эл бичигт 23 мянган хүн гарын үсэг зурсан байв. 

Шинжлэх ухааны баттай мэдээллийг үндэслэн эрдэмтдийн мэдэгдсэнээр уур амьсгалын асуудал бодитой буй ч үүнээс гадна биологийн олон төрөл зүйл, ой мод, далайн баялаг хийгээд хөрс хамгаалах талаар өнөөгийн авч байгаа арга хэмжээнүүд үнэхээр хангалтгүй аж. Байдал аюултай болсныг залуучууд ойлгосныг “Ирээдүйн төлөөх баасан гаргууд” хөдөлгөөнд сурагчид нэгдэж байгаа явдал харуулж байна.

Өргөх бичигт хүмүүс гарын үсэг зурсан нь яаралтай бөгөөд шийдвэртэй арга хэмжээ авахыг шаардахыг дэмжиж буйн илрэл юм. Швейцарын өдөр тутмын “Le Temps” сонины цахим хуудсанд гарсан өргөх бичигт төрийн байгууллагуудыг уур амьсгалын өөрчлөлтийн өмнө, дэлхий нийтийг хамарсан эсэргүүцлийн талаар ямар ч алхам хийж чадахгүй байгааг Швейцар, Франц, Бельгийн 260 гаруй судлаач зэмлэн буруушаажээ.

ШҮҮМЖЛЭЛ

Гретагийн хэлсэн үг эрс шийдэмгий, сэтгэл хөдлөлтэйгөөрөө ялгаатай. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлтийн талаар хүмүүс сандралдаасай хэмээн хүсэж байгаагаа тэрбээр мэдэгджээ. Түүний дүр төрхийг өөрийнх нь болон гэр бүлийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр байгууллагууд ашигласан дуулиан ч энэ онд гарсан.

Нефтийн салбарын төлөөлөгчидтэй уулзаж, тэднийг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдэж буйд буруутгах тухай Гретагийн санааг Шведийн бизнес эрхлэгч, хуульч Дриё Годефриди шүүмжилжээ. Грета Тунберг бага балчир бөгөөд нийгмийн сэтгэл хөдлөлийн тэжээгч болох хандлагатай байгааг “Echo24” сонинд тэмдэглэсэн байна.

ШВЕД Ч, ГРЕТА Ч ЧУХАЛ ШИЙДВЭРИЙН ӨМНӨ

Грета Тунбергт буулт хийх тохиромжгүй. Аспергерийн синдромгүй байсан бол бусад хүн шиг л байх байсан гэж тэрбээр боддог. Грета үгээ зөөлрүүлээгүй, харин бодсоноо л хэлжээ. “Нэгийг ярьж, өөрийг хийдэг хүмүүс надад таалагддаггүй. Тэд байгаль орчин чухал гэдэг ч юу ч хийдэггүй. Зөвхөн ярих бус, хийх хэрэгтэй” гэж тэрбээр тэмдэглэсэн байна.

Дунд сургуулийн төгсөх ангийн сурагч Грета баасан гараг бүр эсэргүүцлээ үргэлжлүүлэн илэрхийлж, Швед орон Парисын уур амьсгалын гэрээнд тавьсан зорилгодоо хүрэх хүртэл долоо хоногийн энэ өдөр хичээлээ таслахаар төлөвлөснийг дээр дурдсан. Уг гэрээний дагуу агаарын температурыг 1.5 градусаас илүү өсгөх ёсгүй. Үүнийг биелтэл удаан хүлээх нь. 

Швед болон Европын Холбооны бусад улс ч 2030, 2050 он гэхэд биелүүлсэн байх зорилгодоо хүрэхгүй бололтой. Ирэх намар лицейд элсэх, эсвэл чөлөө авч байгаль орчны асуудалдаа анхаарлаа бүрэн төвлөрүүлэх гэсэн амьдралын чухал шийдвэрээ Грета Тунберг ойрын хугацаанд гаргах хэрэгтэй. Хэрэв тэрбээр Нобелийн энх тайвны шагнал хүртвэл хамгийн залуу шагналтан болно. Өнөөдрийн байдлаар эл нэр хүндтэй шагналыг хүртсэн хамгийн залуу хүн нь Пакистаны Малала Юсуфзай юм. Тэрбээр 17 настайдаа эл шагналыг гардсан билээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)