“Уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх ба дасан зохицох” Ази, Номхон далайн бүсийн хотуудын 3 дугаар форумд оролцлоо

Вьетнам улсын Хошимин хотод “Уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх ба дасан зохицох” уриан доор зохион байгуулсан Ази, Номхон далайн бүсийн хотуудын 3 дугаар форум (Resilient Cities Asia Pacific/RCAP 2017)-д Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Үндэсний хөгжлийн газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны төлөөлөл оролцлоо.

GIZ, UNDP, USAID зэрэг олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр ICLEI- (Хойд болон Зүүн Хойд Ази) - Тогтвортой хөгжлийн төлөөх нутгийн захиргаад- олон улсын хотуудын холбоо болон Вьетнам улсын Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын яамнаас зохион байгуулсан тус арга хэмжээнд оролцоход ХБНГУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яам (BMZ)-ны санхүүжилтээр Улаанбаатар хотын Захиргаатай хамтран хэрэгжүүлж буй Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслөөс дэмжлэг үзүүлсэн. Форумын үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны  мэргэжилтэн Ц.Булган, Үндэсний хөгжлийн газрын зөвлөх С.Намжилмаа, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Э.Энхцэцэг болон Аудит, дотоод хяналтын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаа нар оролцов.

Азийн 40 орчим хот, 10 гаруй олон улсын байгууллага оролцсон “Уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх ба дасан зохицох” Ази, Номхон Далайн бүсийн хотуудын 3 дугаар форумаар хотуудын дасан зохицох үйл ажиллагаанд НҮБ-ын Уур амьсгалын хэлэлцээрийн COP 23-ын үзүүлэх үр нөлөөг хэлэлцэх, энэ чиглэлээр ажилладаг байгууллага, мэргэжилтнүүдийн санал бодлыг сонсох, туршлагаа хуваалцах, тэр дундаа хотуудыг дасан зохицох үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зоригжуулж дэмжлэг үзүүлэх зэрэг олон асуудлыг хэлэлцсэн. Форум нь үндэсний болон нутгийн түвшний төлөөллийг оролцуулан уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг сааруулахад тухайн улсын оруулах хувь нэмэр (Nationally Determined Contributions/NDCs) болон 2015 оны Сэндайн Гамшгийн эрсдэлийг бууруулах хэлэлцээр (Sendai Framework for Disaster Risk Reduction)-ийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцэх чухал үйл арга хэмжээ болсон.

Форумын үеэр зохион байгуулсан олон тооны салбар хуралдаанаар Парисын уур амьсгалын хэлэлцээр болон NDC-ийг хэрэгжүүлэхэд хотуудын оруулах хувь нэмэр,  хотуудын уур амьсгалын сөрөг нөлөөллийг тэсвэрлэх чадвар (Urban Resilience)-ыг дээшлүүлэх, хотуудын дасан зохицох (adaptation) болон сөрөг нөлөөллийг сааруулах (mitigation) үйл ажиллагааны төлөвлөгөө, хотуудын хүчин чармайлтыг нэгтгэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хотуудын төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх, банк санхүүгийн байгууллагуудтай холбох, нөөцийн цогц менежмент буюу Нэксус хандлагыг хэрэгжүүлэх замаар хотуудын нөөц ашиглалтын үр ашгийг нэмэгдүүлэх,  хотуудын захын бүсийн эко системийн ач холбогдол, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх тал дээр хотуудын чадавхийг бэхжүүлэх зэрэг олон чухал асуудлыг авч хэлэлцсэн. Тухайлбал “Азийн хотуудын нөөцийн цогц менежментээр циркуляр/тойрог эдийн засгийг дэмжих нь” сэдэвт салбар хуралдаанаар нийслэлийн төлөөлөл Улаанбаатар хотод хэрэгжүүлж  буй зарим төсөл арга хэмжээг (барилгын дулаан техникийн шинэчлэл хөтөлбөр, цэвэр бохир усны менежментийг сайжруулах, саарал усыг эргүүлэн ашиглах төсөл зэрэг) танилцуулж өөрсдийн туршлага, сургамжаа бусад Азийн хотуудад танилцуулсан.

Мөн энэ салбар хуралдаанаар циркуляр эдийн засаг, хотуудын тогтвортой хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд ус, эрчим хүч, хатуу хог хаягдал болон хүнсний нөөцийн хоорондын нягт хамаарлыг харуулах, Нэксус хандлагыг олон төлөөллийн оролцоотойгоор нэвтрүүлэх боломжийг танилцуулсан юм.

Салбар хуралдааны төгсгөлд зохион байгуулсан ‘Панелист’ хэлэлцүүлгээр тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд тус нэмэр болох байгалийн нөөцийн тогтвортой менежмент, салбарын яамд болон хотуудын хамтын ажиллагаа, ногоон хөгжлийн стратеги болон хотуудын хөгжлийн мастер төлөвлөгөөний хоорондын уялдаа холбоо, тогтвортой хөгжилд хүрэхэд нөөцийн цогц менежментийн гүйцэтгэх үүрэг зэрэг асуудлыг улс орнуудын үндэсний түвшний болон хотуудын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлж байж болох зарим гарц шийдлийг тодорхойллоо.

Энэ сарын 7-8-нд буюу хоёр өдөр үргэлжилсэн “RCAP 2017” форумын үр дүнгээр “Хошиминий тунхаглал” баримт бичгийн төслийг хэлэлцэж санал нэгтэйгээр баталсан. Энэ баримт бичгийг ирэх жил  Индонезийн Куала Лумпур хотод зохион байгуулах World Urban Forum болон 2018 онд Канад улсын Монреал хотод зохион байгуулах ICLEI World Congress-ийн үеэр танилцуулахаар тогтсон гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)