Уурхайчдын ажил, амралтын өдрийг тэнцүүлэхийг шаардлаа

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо болон уул уурхайн компанийн төлөөлөл өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд уурхайчдын ажил, амралтын хуваарийг 14/14 болгохыг шаардав. Уурхайчдыг уртын ээлжээр ажиллуулахдаа ажлын хоногийг 20-иос ихгүй, амралтын өдрийг 10-аас багагүй байхаар дээрх хуулийн төсөлд тусгасныг тэд эсэргүүцэж, хуваарийг тэнцвэржүүлэх саналыг улсын УИХ-ын дарга Г.Занданшатар болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт уржигдар хүргүүлсэн байна.

Уурхайчид ар гэрийнхнээсээ хол 40 хүртэлх хоног орон нутагт байрлан, олон цагаар ажиллаж байгаа нь хөдөлмөрийн бүтээмж муудах, ажил мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, ослын тоо ихсэх, амиа алдах төдийгүй гэр бүл салах шалтгаан болсныг Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Буянжаргал онцоллоо. Судалгаагаар сүүлийн таван жилд уул уурхайн салбарт 328 осол бүртгэгдэж, 139 хүн гэмтэн, 38 хүн нас барсан. Сүүлийн хоёр жилд уг тоо өссөн байна. Уул уурхайн салбарын ажилчдын гэр бүл салалт улсын хэмжээнд гуравдугаарт бичигддэг гэнэ. Түүнчлэн гэр бүл салалтын шалтгааны хоёрдугаарт тусдаа байснаас үүдсэн үл ойлголцол ордог аж. Эл тэнцвэргүй хуваарь нь уурхайчдын хувийн амьдрал төдийгүй сэтгэл зүй, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэнэ.

Монголд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудаас зөвхөн үндэсний хөрөнгө оруулалттай “Эрдэнэс Тавантолгой” болон “Бороо гоулд” компани ажил, амралтын тэнцүү хуваарьтай. Харин бусад компанийн ажилчид амрах хугацаанаасаасаа 7-20 хоногоор илүү ажилладаг байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)