Уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 439.2 тэрбум төгрөгөөр буурчээ

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг энэ оны эхний хоёр сарын байдлаар гаргаснаа Үндэсний статистикийн хороо өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. Мөнгөний нийлүүлэлт (М2) хоёрдугаар сарын эцэст 20.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.9 их наядаар өсөхөд төгрөгийн хадгаламж 750.3, валютынх 616.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл хоёрдугаар сарын эцэст 17.3 их наяд төгрөг болсон нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 108.6 тэрбумаар нэмэгдсэн дүн болохыг мэдээллээ. Уг үлдэгдлийн 8.8 их наяд нь иргэдийнх, 8.6 нь аж ахуйн нэгж, байгууллагынх байв. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл хоёрдугаар сард 1.03 их наяд төгрөг болсон нь өмнөх сарынхаасаа 106.1, 2019 оны мөн үеийнхээс 103.5 тэрбум төгрөгөөр илүү үзүүлэлт болжээ. Ийм зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.9 хувийг эзэлж, 2019 оны мөн үеийнхээс 0.5 пунктээр дээшилсэн гэнэ.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ хоёрдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.5 их наяд төгрөг болжээ. Үүнээс тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 1.4 их наяд төгрөг болж, 93.5 хувийг нь эзэлсэн байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.5 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 120 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан аж.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ хоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх сарынхаасаа 1.2, өмнөх оны эцсээс 2.1 хувиар өсжээ. Тэгвэл өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 6.4 хувиар өссөн бөгөөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 10.3 (мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 21.8, согтууруулах бус ундааны дэд бүлгийнх 4.3), согтууруулах ундаа, тамхины бүлгийнх 3.6 хувиар нэмэгдсэн зэрэг нь нөлөөлжээ.

Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.2 их наяд төгрөг болсон нь 2019 оны мөн үеийнхээс 14.2 хувь буюу 360.7 тэрбумаар буурсан дүн боллоо. Уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 439.2 тэрбум төгрөгөөр (23.8 хувь) багассан нь үүнд голлон нөлөөлсөн аж. Тухайлбал, нүүрсний олборлолт 325.7 (39.6 хувь), газрын тосных 84.5 (55.4), металлын хүдрийнх 28.9 (3.4) тэрбум төгрөгөөр багассан нь түлхүү нөлөөлсөн гэнэ. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 1-2 дугаар сард урьдчилсан гүйцэтгэлээр 2.1 их наяд төгрөг болсон нь 2019 оны мөн үеийнхээс даруй 25.8 хувь буюу 733.1 тэрбум төгрөгөөр буурсан гэсэн үг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)