Уул уурхай, газрын тосны салбарт байгуулагдсан бүх гэрээ нийтэд ил болно

Өнөөдөр буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 22-ны 11.00-12.00 цагийн хооронд Эрдэс баялгийн салбарын гэрээний мэдээллийн цахим сан болох www.iltodgeree.mn вебсайтыг олон нийтэд танилцуулах нээлтийн арга хэмжээ Блю скай Зочид буудлын Даймонд танхимд болох аж.

Эрдэс баялгийн салбарт хариуцлага, хуулийн хэрэгжилтийг сайжруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулах зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нээлттэй нийгэм форум, Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн ажлын алба хамтран энэхүү мэдээллийн санг байгуулаад байна. Энэхүү сайтад уул уурхай, газрын тосны салбарт байгуулагдсан бүх гэрээг байршуулах бөгөөд одоогийн байдлаар 14 төрлийн 400 гаруй гэрээг байршуулаад байгаа юм. 

УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал “Гэрээний эрх зүйн хэм хэмжээ, уул уурхайн салбарын олборлогч аж ахуйн нэгжүүдийн гэрээний ил тод байдлыг хангах чиглэлээр хийгдэж байгаа маш чухал ажил бол энэ цахим сан. Бид анх удаа ийм мэдээллийн санг зохион байгуулж байна. Цаашид төрийн өмчит болон төрийн бус компаниудын орон нутгийн байгууллагуудтай хийсэн гэрээний ил тод байдал цахим хуудсанд байрших юм. Цаашид тухайн компанийн бүтээгдэхүүний тоо хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлж байгаа хөрөнгө оруулалт зэрэг бүх талын гэрээнүүдийг  цахим хуудсанд байршуулах болно” хэмээн тодотголоо. 

Энэхүү мэдээллийн санд одоогоор Хөрөнгө оруулалтын гэрээ, Бүтээгдэхүүн хуваах гэрээ, Орон нутгийн хамтын ажиллагааны болон газар, ус ашиглах зэрэг 35 гэрээг байршуулжээ. Цаашид Санамж бичгийн дагуу олборлох үйлдвэрлэлийн салбарт байгуулагдсан бүх гэрээг мэдээллийн цахим санд татан байршуулах замаар олон нийтэд ил болгох, гэрээний ил тод байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр талууд хамтран ажиллах болж байна. 

Мэдээллийн цахим сангаар дамжуулан олборлох салбарт байгуулагдсан гэрээг нийтэд ил тод болгож байгаа нь салбарын ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх, авлига, хээл хахууль ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд зохих хувь нэмрээ оруулахаас гадна хөрөнгө оруулалтыг татах замаар улс орны эдийн засгийн хөгжилд томоохон ахиц дэвшил авчрах юм.

“Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг эрдэс баялгийн гэрээний мэдээллийн сангийн талаар товч мэдээллийг өгсөн юм.  Тэрээр, www.iltodgeree.mnwww.resourcecontracts.mn гэсэн хоёр домэйн нэртэй сайтын  алинаар нь ч хандсан цахим сонин руугаа шууд холбогдож орно. Уг цахим сонингоос эрдэс баялгийн салбарт байгуулагдсан гэрээний эх бичвэрүүдыг PDF хэлбэрээр татаж авах боломжтой. Бүтээгдэхүүн хуваах гэрээ, Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний батлагдсан загварууд, тухайн гэрээний хэрэгжилтийг дүгнэсэн тайлангийн протокол, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, уурхайн хаалтын төлөвлөгөө, тухайн төсөлтэй холбогдох мэдээ баримт, гэрээний тайлбарууд, холбогдох хууль тогтоомж  зэрэг мэдээллийг авч болох аж.  


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)