“Уул уурхайтай “ханилсан” орчин цагийн малчин” сурвалжилгын шүүмж тэргүүллээ

БАЛДОРЖ сан СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуультай хамтран сэтгүүл зүйн шүүмжийн уралдааныг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Шагнал гардуулах ёслол өнгөрсөн баасан гарагт болсон юм. Уралдаанд оролцогчид БАЛДОРЖ шагнал хүртсэн шилдэг бүтээлүүдийг задлан шинжилж, шүүмж бичдэг уламжлалтай. Монголын сэтгүүл зүйд шүүмж, судлалын орон зайг төлөвшүүлэх, залуу судлаачдыг төрүүлэх, бүтээлүүдийн чанар чансааг сайжруулах, сургалтыг онол, практиктай хослуулах зорилгоор 2017 оноос эл уралдааныг уламжлал болгосон. Сэтгүүл зүй, хэл шинжлэл, утга зохиол, урлаг судлаач, сонирхогч гээд хүн бүхэнд нээлттэй. Уралдааны энэ жилийн өнгийг СУИС-ийн захирал, доктор, профессор Э.Сонинтогос “Сэтгүүл зүйн чиглэлийн эрдэм шинжилгээний байгууллагууд, мэргэжлийн судлаачдаас гадна бусад салбарын, тухайлбал, ШУА-ийн түүх, угсаатан, хэл судлаачид оролцсон нь онцлог байв. Мөн ОХУ, АНУ, Франц улсад ажиллаж, амьдарч буй монгол судлаачид, СУИС-ийн бакалаврын IV ангийн оюутнууд идэвхтэй оролцлоо. Миний бие болон СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Урлаг судлал, утга зохиолын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор П.Батхуяг, мөн манай сургуулийн багш, судлаач, доктор Ю.Эрдэнэтуяа нар шүүмжүүдийг үнэлж, дүгнэсэн. Уралдаанд ирүүлсэн бүтээлийн тоо өнгөрсөн оныхоос өсөөгүй ч чанар нь шат ахижээ” хэмээн тодорхойлов.

БАЛДОРЖ шагналт сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн энэ удаагийн уралдаанд 21 судлаач, оюутан оролцжээ. Тэднээс нэг, хоёрдугаар байрт тус бүр нэг, гуравдугаар байрт хоёр судлаачийг шалгаруулж, урамшуулсан юм. ШУА-ийн Түүх, угсаатан судлал, биет бус соёлын өвийн төвийн эрдэм шинжилгээний ажилтан М.Энхбаатар тэргүүн байрт шалгарч, нэг сая төгрөгөөр шагнууллаа. Тэрбээр 2018 онд БАЛДОРЖ шагнал хүртсэн сэтгүүлч Ж.Сувдмаа, Т.Энхбат нарын “Уул уурхайтай “ханилсан” орчин цагийн малчин” цуврал сурвалжилгыг задлан шинжилжээ. Өмнөх жилүүдэд судлаачид сэтгүүл зүйн бүтээлийг ихэвчлэн хэл, найруулгын үүднээс шүүмжилсэн бол М.Энхбаатар дээрх бүтээлийг хүн судлал, соёлын талаас нь харж, шинжилснээр онцлог байжээ. Хоёрдугаар байрт сэтгүүлч Б.Баярбаясгалан “Редакцдаа эргэж ирэхдээ юутай очих вэ”, гуравдугаарт СУИС-ийн Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн сэтгүүл зүйн IV ангийн оюутан Б.Хорвоо “Сонголт”, Э.Булган “Б.Ганчимэгийн нууц” шүүмжээрээ шалгарлаа. Сэтгүүлч Б.Баярбаясгалан АНУ-д ажиллаж, амьдардаг бөгөөд БАЛДОРЖ шагналт олон бүтээл, нийтлэлийг сонгон, шүүмж бичсэн аж. СУИС-ийн IV түвшний оюутан Б.Хорвоо БАЛДОРЖ шагналт сэтгүүлч Ж.Тэгшжаргалын ӨМӨЗО-оос бэлтгэсэн “Луугийн атган дахь цаасан шувуу” цуврал сурвалжилгыг, Э.Булган сэтгүүлч Б.Ганчимэгийн бүтээлүүдийг шинжилжээ.

Уралдааныг анх 2017 онд зохион байгуулахад 13 бүтээл ирж байв. Өнгөрсөн жил 34, энэ удаа 21 бүтээл ирүүлсэн байна. Шүүгч П.Батхуяг “Эхний жилийн хувьд шүүмжүүд мэргэжлийн судлаачийн дүн шинжилгээ бус, бичигчийн сэтгэгдэл мэт байсан. Хоёр дахь жилээс оролцогчид тухайн бүтээлийнхээ мөн чанарт нэвтрэн, судлаачийн үүднээс задлан шинжилж, хэл найруулгыг үнэлж, дүгнэсэн. Энэ удаагийн уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг шүүгчдийн бүрэлдэхүүн маш өндөр үнэллээ. Учир нь оролцогчид жигд сайн бичсэн. Түүнчлэн сэтгүүл зүйн шүүмжийн төрөл өндөр түвшинд хөгжиж байгаа нь харагдлаа. Мөн залуу судлаачид идэвхтэй оролцсон. Өмнөх жилүүдийн уралдаанд ирүүлсэн шүүмжүүд болон БАЛДОРЖ шагнал хүртсэн бүтээлүүдийг нэгтгэж, ном гаргасан нь залуу судлаачдад суралцах, үлгэр жишээ авах луужин болжээ. Бусад улс оронтой харьцуулахад нэлээд хоцрогдсон сэтгүүл зүйн шүүмж, судлалыг хөгжүүлж, энэ чиглэлийн бие даасан төлөөлөгчид бий болгосон нь уралдааны гол үр дүн” хэмээв. Тэрбээр сэтгүүл зүйн шүүмж бичихдээ судлал, шүүмж гэсэн хоёр чиглэлийг хослуулах нь зүйтэйг шагнал гардуулах ёслолын үеэр онцолсон.

Тэргүүн байрын шагнал хүртсэн судлаач М.Энхбаатар “Уул уурхайтай “ханилсан” орчин цагийн малчин” сурвалжилгад бэлчээрийн мал аж ахуйд нөлөөлж буй хүчин зүйлс, тэр дундаа уул уурхайн талаар онцлон хөндсөн. Ийм сэдвийг барьж, орон нутгийг зорьж нийтлэл гаргана гэдэг сэтгүүлчээс ихээхэн зориг, хөдөлмөр шаардана. Уг сурвалжилгад дурдагдсан бүс нутгийн бэлчээрийн мал аж ахуй, соёлын өвд нь уул уурхай хэрхэн нөлөөлж байгааг би дагнан судалдаг. Тиймээс тус бүтээлийг задлан шинжилсэн. Удмын малчны өв соёл гэж юу вэ, бэлчээрийн мал аж ахуйн хөрөнгө гэж ярьдаг “эцгийн бор шороо”-ны тухай, уул уурхай үүнд хэрхэн нөлөөлж буйг өөрийн биеэр мэдэрч, ажиглаж бичсэн нь авууштай. Мөн уул уурхай орж ирснээр малчдын амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг дурдсан” гэв.

Сэтгүүл зүйн шүүмж, судлалыг хөгжүүлж, сэтгүүлчдийн бүтээлийн ач холбогдлыг тодорхойлох, давуу талыг нь нээх, ухааруулахад энэхүү уралдаан ташуур болдгийг оролцогчид онцолсон. Тэгвэл зохион байгуулагчид жил ирэх тусам бүтээлийн чанар сайжирч буй учир дараагийн удаа шагналт байр, урамшууллын хэмжээг нэмэгдүүлэх, ангиллыг тодорхой болгохоо илэрхийллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)