Уул уурхайн хавсарсан согог

Бид өөрсдийгөө “Алтан дээр суусан гуйлгачин” гэж ярьдаг байлаа. Монгол бол хэмжээлшгүй их баялагтай орон гэж бат итгэж явсан цаг саяхан. Өдгөө илрүүлээд буй газрын хэвлийн баялгаа бусдынхтай харьцуулбал манай орон тийм ч дээгүүр “давхихгүй”. Монголоос илүү нөөц баялаг илрүүлсэн улс орон олон. Ирээдүйд эх орны газрын хэвлийгээс “Оюутолгой”, “Тавантолгой” шиг баялаг нөөцтэй орд илрүүлэхийг үгүйсгэхгүй. Энэ бол урьдчилан тааварлашгүй зүйл. Олон талын мэдээлэл авч, бусадтай өөрийнхийгөө харьцуулсан монголчууд бүгдийн дээр гарахаар их баялагтай улс биш гэдгээ одоо мэддэг болсон.

Гэхдээ Монгол байгалийн баялагтай орон мөн үү гэвэл мөн. Социалист нийгмийн үед төр, засгаас уул уурхайн хөгжлийг дэмжиж, ашигт малтмалын хайгуулд чамгүй хөрөнгө зарцуулсан. Ингэснээр одоо ашиглаж буй, ашиглахаар зэхэж байгаа зэс, алт, нүүрс, төмрийн хүдэр, жоншны ордуудыг нээсэн юм. Оюутолгой, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монголын эдийн засагт уул уурхайн давамгайлал бий боллоо. Дээрх томоохон ордууд илэрснээс хойш хөрөнгө оруулагчид манай уул уурхайн салбарыг сонирхож, ашигт малтмалын хайгуулд мөнгөө зарцуулав. Үр дүнд нь алт, нүүрсний жижиг орд нэлээдийг нээсэн. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын нөөц нь нэмэгдсээр байна гэсэн үг.

Бид баялгаа үр дүнтэй ашиглаж хөгжсөн орнуудын жишээг ярьдаг. Мөн баялгаа ашиглахдаа буруу арга зам сонгоод, баларсан орнуудыг нэрлэдэг. Хөгжсөн орнуудын сайн туршлага бидэнд олз. Харин баларсан орнуудын муу жишээ нь сургамж. Хөгжсөн орнуудын сайн туршлагыг шууд хуулах гэхээр учир дутагдалтай байдаг. Далайд гарцгүй, хоёрхон улстай хиллэдэг гэх мэт газар зүйн байрлалаас гадна соёл иргэншил, сэтгэлгээний ялгаа ч нөлөөлнө. Гэхдээ уул уурхайн салбартаа баримталсан тэдний бодлогын зарчмыг дуурайх учиртай юм. Баялгаа буруу ашиглаад баларсан орнуудын бараан сургамжийг давтахгүй байх хэрэгтэй.

Баялагтай хэрнээ ямар орнууд балраад байна вэ. Улс төрийн засаглалын төлөвшил муутай орнууд нь балраад буй нийтлэг дүр зураг харагддаг. Засаглал муутайгаас болж, ашигт малтмалаа үр дүнгүй ашигласан орнуудыг “баялгийн хараал” туссан гэж үздэг. “Баялгийн хараал”-аас гадна уул уурхайгаас үүдэж улс оронд хүндрэл учруулдаг бас нэгэн согог бий. Үүнийг дэлхий нийт “Голланд өвчин” гэдэг. “Баялгийн хараал”-ыг улс төрийн буруу бодлогоос үүдэж тусдагийг бараг гадарласан болов уу. Тэгвэл “Голланд өвчин” нь эдийн засгийн асуудал юм. “Баялгийн хараал”, “Голланд өвчин” хоёрыг зэрэг туссан улсууд баларсан түүхтэй. Тиймээс манайх шиг улс төр нь тогтворгүй, судалгаа тооцоонд үндэслэж шийдвэр гаргадаггүй баялагтай орон “Голланд өвчин”-д нь хэр хүндээр нэрвэгдсэн байна, “баялгийн хараал”-д өртөх шинж тэмдэг илрэв үү гэж байнга нягтлах шаардлагатай.

НЭГЭНТ ТУССАН “ГОЛЛАНД ӨВЧИН”

“Голланд өвчин” гэсэн нэр томьёо хэзээ, яагаад үүссэнийг мэдэхгүй байж магадгүй. Нидерландад 1959 онд байгалийн хийн асар том орд нээгдсэн. Ингэснээр тус улсын уул уурхайн салбар нь огцом тэлж, үйлдвэрлэлийн өсөлт нь саарч эхэлсэн юм. Өөрөөр хэлбэл, нэг том орд нээгдсэн нь хөрөнгө оруулалт, ажиллах хүч гэх мэт бүх зүйлийг өөртөө татан, эдийн засгийн бусад салбарын хөгжлийг удаашруулсан гэсэн үг. Тухайн үед тус улсын эдийн засагт үүсэж буй нөхцөлд шинжилгээ хийсэн судлаачид “Голланд өвчин” гэсэн нэр томьёог гаргасан хэрэг. Илүү энгийнээр тайлбарлавал, тухайн улсын эдийн засаг уул уурхайн салбар нь, эсвэл тухайлсан нэг ордоос хамаардаг болсныг “Голланд өвчин” туссан гэж хэлдэг.

“Монголын эдийн засаг уул уурхайн салбараас хамааралтай болсон. Тиймээс эдийн засгаа төрөлжүүлэх хэрэгтэй” гэж ярихыг олон удаа сонссон байх. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг энэ агуулгыг “Эдийн засгаа солонгоруулна” гэж энгийнчлэн хэлсэн удаатай. Монгол Улс “Голланд өвчин”-д хэр хүнд нэрвэгдсэн бэ. Эл асуултад хариулсан судалгаа, шинжилгээний “ажил” одоогоор алга. Эдийн засаг, санхүүгийн шинжээчид тус, тусын өнцгөөс үнэлж дүгнэж байна.

“Голланд өвчин”-д хэр нэрвэгдсэнийг тодорхойлохын тулд баримт чухал. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас танилцуулснаар өнгөрсөн онд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 25 хувийг уул уурхайн салбарынхан бүрдүүлжээ. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 72, экспортын орлогын 90 хувь мөн уул уурхайн салбарт ногдов. Төсвийн орлого өнгөрсөн онд 11.9 их наядад хүрлээ. Үүний 25.4 хувийг эрдэс баялгийн салбараас бүрдүүлсэн гэнэ. Эдгээр баримтаас уул уурхайн салбарын эдийн засаг дахь нөлөө хэр байгааг харж болно. Монгол Улсад эргэлдэж буй дөрвөн төгрөг тутмын нэг нь уул уурхайн салбартай холбоотой байх нь.

Энэ дунд хамгийн чухал нь экспортын орлогын 90 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж буй явдал. Манай улсын гадаадаас олж буй валютын дийлэнх нь уул уурхайн салбараас хамаарч байна. Алт, нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээлд хямдрахад манай эдийн засгийн идэвхжил сулардаг, өсөлт нь саардаг. Харин үнэ өсвөл эдийн засгийн идэвхжил нэмэгдэн, тэлдэг болсон. Энэ бол “Голланд өвчин”-д нэрвэгдсэний бодит илрэл. Эдийн засгаа төрөлжүүлж, бусад салбарын бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэх нь “Голланд өвчин”-өө эмчлэх гол арга. Гэвч ойрын 10 жилд бидэнд эрдэс баялгаас өөр дэлхийн зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүн байхгүйг шинжээчид дүгнэж буй. Өвчнөө тээгээд, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг дагаж савлаад амьдрахаас өөр замгүй нь бололтой. Гэвч “Голланд өвчин” нь эдийн засгийн өсөлтийг зогсоодог гэж ойлговол эндүүрэл. Түүхий эдийн үнэ өсвөл эдийн засаг өсөж таарна. Харин эдийн засагт савлагаа үүсгэдэг нь согог нь маш гэмтэй.

ХАРААЛЫН ШИНЖ ТЭМДЭГ

Популист улстөрчдийн гайгаар Монголд УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө “баялгийн хараал”-ын шинж тэмдэг илэрдэг. Салхитын мөнгөний ордын орлогоос эргэн төлнө гэж мэдэгдэн, “Эрдэнэс Монгол” компаниар 800 тэрбум төгрөгийн бонд гаргуулж, тэтгэврийн зээлийг тэглэх үйл явц өрнөж буй нь “баялгийн хараал”-ын тодорхой шинж тэмдэг. Салхитын мөнгөний орд байгаагүй бол Ерөнхийлөгч Х.Баттулга юунд дулдуйдаж ийм шийдвэр гаргах вэ. Хэчнээн янзаар эерүүлж тайлбарлалаа ч өр тавьж, тэтгэврийн зээлийг тэглэж буй нь бэлэн мөнгө тарааж байгаатай агуулга нэгтэй халамжийн бодлого. Хэрэв Салхитын мөнгөний ордоос орлого олохгүй бол бондын өрийг төсвөөс л төлнө. Өөрөөр хэлбэл, улсын өр, нийт иргэдийн ачаа нэмэгдэж байна гэсэн үг. Баялаг ийн хараадаг ажээ. УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” компаниар нийт 400 орчим сая ам.долларын зээл авхуулж, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тараасан. Энэ нь ч баялгийн хараалын сонгодог хэлбэр байлаа. Байгалийн баялгийг иргэдийн ирээдүйн сайн сайхны тулд биш, өөрийн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд ашиглахыг хараал хийж байна гэж ойлгох хэрэгтэй.

Популист улстөрчдийг дэмжигчид Салхитын мөнгөний ордын орлогоор тэтгэврийн зээлийг тэглээд, Асгатын мөнгөний ордынхоор оюутнуудын сургалтын төлбөрийн зээлийг цайруулаад явчих хэрэгтэй гэж ярьж байна. Төрийн мэдэлд байгаа ашигт малтмалын бүх ордын үр ашгийг хавтгайруулсан халамжийг санхүүжүүлэхэд зарцуулахыг зөвшөөрвөл монголчууд баялагтаа бодитоор хараалгана. Бэлэнчлэх сэтгэлгээ газар авч, ажил хийх хүнгүй болно. Улс өрийн дарамтад орно. Эртний түүхт Грек улс хавтгайруулсан халамжийн бодлого явуулаад, өрийн дарамтад орж, хэрхэн хямарсныг мартаагүй байна. Байгалийн баялагтаа дулдуйдан популист шийдвэр гаргаж буй улстөрчдийг өөгшүүлбэл Африкийн зарим орон шиг хүнд амьдрал туулна. Тэдний удирдагчид манайхан шиг давилуун зан гаргаад иргэдээ зовлонд унагаасан. “Голланд өвчин”-өө хэрхэн анагаах вэ гэж толгойгоо гашилгаж байж, дээрээс нь баялагтаа хараалгавал Монгол бүр баларна. Уул уурхайн хавсарсан согог улсыг туйлдуулах нь тодорхой. Азийн Африкт тавтай морилмооргүй байна.

О

Г


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)