Уул уурхайн салбарын үзэсгэлэнд 20 орны төлөөлөл оролцоно

Монгол Улсын уул уурхайн салбарын дэвшилтэт тоног төхөөрөмжийг эх орондоо нутагшуулах, хөрөнгө оруулалт татах зорилго бүхий “Mongolia Mining 2018”  Олон улсын үзэсгэлэн энэ сарын 4-6-нд Буянт-Ухаа спорт цогцолборт болно.
Энэ талаар өнөөдөр үзэсгэлэнгийн зохион байгуулах хорооны дарга Т.Баттулга мэдээллээ. УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, МҮХАҮТ болон “Оюу Толгой”, “Майнэкс Монгол”, “Эрдэнэс Монгол” компани хамтран найм дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү үзэсгэлэнд Монгол, ОХУ, БНХАУ, Канад, Чех, АНУ, ХБНГУ зэрэг 20 орны 130 орчим аж ахуйн нэгж оролцох аж. Мөн гадаад болон дотоодын уул уурхайн салбарын 2000 гаруй төлөөлөгч үзэсгэлэнг үзэж сонирхохоор мандат авсан гэдгийг Т.Баттулга дарга онцлов.
Тэрбээр, “Өнгөрсөн онд дэлхийн зах зээл дэх уул уурхайн түүхий эдийн үнэ өссөн. Ойрын 40-50 жилд энэ эрчээ алдахгүй байх нь гарцаагүй. Үүнийг “Mongolia Mining”-т оролцогчдын тоо өссөн үзүүлэлтээс харж болно. 2017 “Mongolia Mining”-т 120 аж ахуйн нэгж оролцож байсан бол энэ жил 130 болж нэмэгдсэн. Ингэснээр Буянт-Ухаа спорт цогцолборт үзэсгэлэнгийн талбай хоёр сарын өмнө дүүрсэн. Гэсэн хэдий ч энэ удаагийн үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдээс талбай худалдан авах санал ирсээр байна” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)