Уул уурхайн маргааны уг сурвалж

Баянхонгор аймгийн Бөмбөгөр сум бол Монголын техникжсэн “нинжа” нарын үүр. Тэднийхэн нутаг усаа хайрлахыг умартан, хөрсийг нь сэндийчин алт ухдаг. Тэд байгалиас заяасан баялгийг нь “идэж” амьдарч байна гэж өөрсдийгөө өмөөрнө. Тэгвэл Бөмбөгөр сумаас хойд зүгт 100 орчим км давхихад байгалиа хамгаалах сэтгэлгээний ялгаа эрс өөрчлөгдөнө. Бөмбөгөрийнхөн байгалиас заяасан баялгийг нь “идэж” байна гэж даналздаг бол Заг сумынхан Их булагийнхаа алтыг ухуулахгүй гэж эрс шулуун хэлнэ. 

Бас Баянхонгорын Гурванбулагийнхан Хар усан гол, Шар усан голынхоо алтыг хэзээ ч ухуулахгүй гэж бараг андгай өргөдөг. Алтыг нь ухах гээд ирвэл нударга зангидан тэмцэхээ ч нуудаггүй. Нэгэн аймгийн, хоорондоо 100 орчим км зайтай нутаг усны иргэдийн үзэл бодлын ялгаа ийм байна. Энэ жишээгээр уул уурхайд хандах монголчуудын сэтгэлгээний ялгарлыг илэрхийлж болмоор санагддаг.

Бөмбөгөр сумын нутаг бол гол ус багатай, говь, хээрийн бүсийн хэв шинжтэй. Тиймээс булаг, шанд ширгэнэ гэж эмээлгүй газрынхаа хөрсийг онгичдог. Тэгвэл Гурванбулаг, Заг, Байдраг, Галуут зэрэг гол ус, булаг шанд олонтой хангайн сумынх нь иргэд уул уурхайд “харшилтай”. Тэд алтнаас ус үнэтэйг, өвсний соргог бэлчээр хэрэгтэйг зөн совингоороо мэдрээд эсэргүүцдэг юм. Нөгөөтээгүүр, онгон дагшин байгалиа хойч үедээ бүрэн бүтэн хүлээлгэж өгөх гэсэн хэтийн бодол нь эсэргүүцэн тэмцэх хүч өгдөг биз.

Уул уурхайд хандах Баянхонгор аймгийнхны үзэл бодлын ялгаа улсын нийт нутаг дэвсгэрт ч харагддаг. Манай улсын говь, тал хээр нутагт уул уурхайн үйл ажиллагаа эрхлэхэд нутаг усныхан нь эсэргүүцээд, цааргалаад байх нь түгээмэл биш. Тиймээс Монголын газар нутгийн өмнөд болон дорнод бүсэд уурхай нээхэд нутгийн иргэд нь уцаарлан тэмцдэггүй. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутгаас уран олборлохыг эсэргүүцэж байсныг санаж буй болов уу. Тэдний эсэргүүцэл зохион байгуулалттай, хэн нэгний эрх ашгийн төлөө тэмцэл байсан нь цагийн эрхээр илэрхий болсон. 

Өөрөөр хэлбэл, говь, тал хээрийнхэн чин үнэнээсээ нутаг усаа хамгаалан тэмцээгүй хэрэг. Тэгвэл Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Завхан, Хэнтий аймгийн гол ус, булаг шанд ихтэй, ой модтой газарт уурхай нээх гэсэн санаархлыг нутгийн иргэд үнэн голоосоо эсэргүүцдэг. Жишээ нь, хэдэн жилийн өмнө Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багт ураны хайгуул хийхээр тусгай зөвшөөрөл авсан “Nu¬clear energy Mongolia” компанийнхантай нутгийн иргэд хүчтэй тэмцсэн. Үр дүнд нь тэнд ураны хайгуул хийлгээгүй. Нутгийн иргэд Азарга, Шаргачингийн гол цацраг идэвхт бодисоор хордож, амьдрах орчингүй болно гэж эсэргүүцсэн юм. Одоо ч хайгуул хийлгэхгүй гэсэн үзэл бодлоосоо тэд ухраагүй байгаа.

Говь, тал хээрийн ард олны сэтгэл уужим тэнүүндээ уул уурхайг эсэргүүцдэггүй, уулархаг нутгийнхан ууртай догшиндоо тэгдэг гэвэл гоомой дүгнэлт болно. Онгон дагшин байгалиа хайрлахаас гадна нэг талаар тэд амьдралын хэвшлээ хамгаалж буй юм. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн сүүлийн үед ойн сан бүхий болон усны эх бүрэлдэх газар, голын голдирлоос гадна хүн ам төвлөрөн суурьшсан нутагт уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохдоо нухацтай хандах шаардлагатай гэсэн санал дэвшүүлсэн. Хүн ам олноор төвлөрөн амьдардаг нутгийнхан уул уурхайн үйл ажиллагааг илтэд эсэргүүцэх хандлагатай байдаг нь үнэн. Хэдэн үеэрээ нутаглан ирсэн газарт нь уурхай нээвэл дайжиж нүүх шаардлага тэдэнд тулгарна. Тиймээс амьдралын орчноо, малын бэлчээрээ хамгаалан тэмцдэг. Тэдний энэ үйлдлийг буруутгахад хэцүү.

Судалгаанаас харвал, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн цутгал голын ай савд хүн ам олноор төвлөрөн суужээ. Бас мал сүргийн тоогоороо ч бусад бүс нутгаас “хол илүү” байдаг. Энэ л бүс нутгийн малчид Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дийлэнхийг “үйлдвэрлэдэг”. Тодорхой хэдэн баримт дурдвал, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хэнтий аймаг хүн амын тоогоороо эхний байруудыг эзэлж байна.

Мал сүргийн тоогоороо Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Төв аймаг тэргүүлдэг. Эдгээр аймаг нийт 25 сая толгой малтай. Энэ нь Монгол Улсын нийт мал сүргийн 30 хувь юм. Мөн тус бүс нутагт Монгол орны ойн сан, гадаргын усны дийлэнх байдгийг монголчууд хэлүүлэлтгүй мэднэ. Хэрэв анзаарвал энэ л бүсэд амьдран суудаг иргэд, уул уурхайн компани хооронд маргаан дэгдсээр байна. Зарим нутагт маргаан нь хурцдаж, буу шийдэмдээ тулсан тохиолдол бий.

Төв аймгийн Заамар, Баянхонгорын Галуут, Заг, Гурванбулаг, Өвөрхангайн Уянга, Архангайн Өндөр-Улаан, Хангай, Цэнхэр, Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Сэлэнгийн Ерөө, Хүдэр, Хэнтийн Батширээт, Батноров сумынхан уул уурхайн компаниудтай тэмцэлдсээр байгаа. Эдгээр нутагт ашигт малтмалын хайгуул хийх болон ашиглах тусгай зөвшөөрөл авсан зарим компани нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад ажлаа эхлүүлж чадахгүй л байна. 

Товчхондоо, хүн ам төвлөрсөн, мал сүрэг олонтой, гол ус, булаг шанд ихтэй, онгон дагшин байгальтай нутгийн иргэд л уул уурхайг улдан эсэргүүцэж буй юм. Нутаг орны онцлог нь уул уурхайн маргааны уг сурвалж болж байгааг дээрх жишээ баримтууд эрхбиш ойлгуулж буй биз.

Тэгэхээр Баянхонгор, Завхан, Архангай, Хөвсгөл, Өвөрхангай, Булган, Төв, Орхон, Сэлэнгэ, Хэнтий аймгийн хангайн бүс нутагт хамаарах хэсэгт ашигт малтмалын лиценз олгохыг хязгаарлах нь зүйтэй юм. Хэрэв зайлшгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох шаардлага үүсвэл нутгийн иргэдтэй сайтар зөвшилцөх хэрэгтэй болов уу.

Нутгийн иргэдийн санаа бодлыг сонсохгүйгээр хайрлаж хамгаалдаг, мал хуйгаа адгуулж, амьжиргаагаа залгуулдаг газарт ашигт малтмалын лиценз өгчихөөр эсэргүүцэлтэй тулгараад байна. Уугуул иргэд амьжиргаагаа, ус нутгаа хамгаалахыг хичээнэ. Уул уурхайн компани тодорхой хэмжээний хөрөнгө гаргаад овоохон ашигтай ажиллахыг бодно. Эрх ашгийн энэ зөрчил хэзээ ч нэгдэхгүй. Тиймээс тэмцэл маргаан дуусахгүй.

Засгийн газраас уул уурхайн геологи хайгуулыг дэмжих бодлого баримтлах болсон. Тиймээс сонгон шалгаруулалт зарлаж, дээрх бүс нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл олгосоор байна. Тусгай зөвшөөрөл авсан компани өрөм тавих гээд шатахуун тос үрээд хүний нутагт очдог. Нутгийн иргэд элдвээр гоочлоод, айлгаж сүрдүүлээд хөөгөөд явуулдаг. Хангайн бүс нутагт геологи хайгуулыг дэмжих бодлогыг Засгийн газрын иргэд нь эсэргүүцэж байна шүү дээ. Тиймээс бодлогоо өөрчилж, илүү уян хатан, хамтран ажиллах байдлаар хэрэгжүүлэх шаардлага тулгарсан нь лавтай. Магадгүй энэ бүс нутагт уул уурхайн үйл ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхээс татгалзаж болох юм.

Иргэдийнхээ эсэргүүцлийг орон нутгийн удирдлага нь дэмждэг. Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй засаг, захиргааны нэгж нь төрийнхөө үгэнд ордоггүй гэсэн үг. Сүүлийн үед аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах болсон. Энэ бол нутагтаа уул уурхайн үйл ажиллагаа явуулахад тээг тавих гэсэн арга юм. 

Тусгай зөвшөөрөлтэй компани “Бид хуулийн дагуу тусгай зөвшөөрөл аваад, хайгуул хийх гэж байна” хэмээн тайлбарладаг. Орон нутгийн удирдлага нь “Бид ч хуулиар олгосон эрхийнхээ дагуу орон нутгийн тусгай хэрэгцээнд авлаа” гэж амыг нь таглана. Хайгуул хийлгэчихвэл орд илэрчихэж магадгүй гэсэн иргэдийн айдас ийм арга хэмжээ авхуулахад хүргэдэг. Угтаа уул уурхайн үйл ажиллагаа явуулах ямар ч сонирхолгүй байгаагийнх нь илэрхийлэл тэр шүү дээ. Эцэст нь компани хөрөнгөөрөө хохироод үлдэж байгаа. Харин зөвшөөрөл олгосон Засгийн газар бодлогын ямар ч гарц шийдэл санал болгодоггүй нь гачлантай. Одоо Засгийн газар “үл мэдэгч”-ийн дүрээсээ гарч хайна хагалах бодлого хэрэгжүүлэх цаг нь болсон.

Аливаа бэрхшээлд гарц шийдэл байдаг. Хангайн бүсэд уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан бодлого баримталж, хөдөө аж ахуйг хөгжүүлэх нутаг болгож болно. Харин бусад нутагтаа уул уурхай хөгжүүлж, түүндээ тохирсон дэд бүтцийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж болно. Хангайн бүсэд баримтлах уул уурхайн бодлогоо эргэж харахыг амьдралын үнэн харуулсаар байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)