Уул уурхайг “унагах” муу жишиг

Уул уурхай их ашиг өгдөг шигээ том сүүдэртэй салбар. Манай улс ашигт малтмалаа борлуулж гадаад зах зээлээс чамгүй орлого олдог. Үндэсний статистикийн хорооны мэдээлж байгаагаар энэ оны эхний найман сард ашигт малтмалын экспортоос 4.4 тэрбум ам.доллар төвлөрүүлжээ. Уул уурхайн олборлолт байгаль орчинд сөргөөр нөлөөлдөг. Уурхайн ам нээхээр их хэмжээний хөрс эвддэг. Ашигт малтмалаа машинаар тээвэрлэвэл хүнд даацын тэрэг үүгээр, түүгээр сүлжилдэн газрын хөрсийг түйрэн болгоно. Нүүрсний экспорт байгаль орчинд ийм сөрөг нөлөө үзүүлж буй. Тэгвэл алтны олборлолт гол, нуурыг бохирдуулдаг. Орхон гол үүний тод жишээ. Алтны нөөц нь усны урсгалын голдирол бүхий жалга, голын эрэг дагуу байх нь түгээмэл. Тиймээс алт олборлоход хүн малын ундаа болсон гол, горхийг сүйтгэдэг юм.

Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг Орхон голын эхээс алт олборлох эрх бүхий ашигт малтмалын 30 тусгай зөвшөөрлийг Ашигт малмтал, газрын тосны газрынхан цуцалсан. Эдгээр лицензийг цуцлахад Байгаль орчин, аялал жуулчлалын яам голлох үүрэгтэй оролцов. Тэд байгаль орчныг сүйтгэсэн гэсэн шалтгааныг шийдвэрийнхээ үндэслэл болголоо. Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.1-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 39 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон” гэсэн заалт бий. Ийм шаардлагыг хангахгүй бол ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг нь цуцална гэсэн үг. Эл хуулийн 39 дүгээр зүйлд байгаль орчныг хамгаалах талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүргийг нэг бүрчлэн тусгасан байдаг. Байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй тохиолдолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болдог аж.

Тусгай зөвшөөрлийг цуцалсны дараа нөхөн төлбөр олгох гэсэн ойлголт үүснэ. Энэ нь тухайн лицензтэй тайбайгаас ашигт малтмал олборлохын тулд оруулсан хөрөнгийг нь нөхөн олгох талаарх ойлголт юм. Аж ахуйн нэгж, байгууллагууд байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлээгүй тохиолдолд лицензийг нь цуцлаад, нөхөн олговор олгодоггүй гэж салбарын мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Харин төр тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан бол аж ахуйн нэгжид нөхөн төлбөр олгох зохицуулалттай.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын тусгай хамгаалалттай нутгийн хилийн цэстэй “Саус гоби коэл транс” компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбай хаяа залгадаг. Тус компанийнхан сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиллаж, тусгай зөвшөөрөлтэй талбайнхаа нүүрсний нөөцийг тогтоон, уурхайн амаа нээгээд байв. Гэтэл Өмнөговь аймгийн гаралтай болон нутгийн иргэд хүчтэй эсэргүүцлээ. Ингээд Засгийн газраас “Саус гоби коэл транс” компанийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлав. Нутгийн иргэд болон Засгийн газар тус компанийн нүүрс олборлох үйл ажиллагаа Тост, Тосон бумбын нуруунд амьдардаг нэн ховордсон цоохор ирвэс дайжиж, улмаар устан үгүй болоход нөлөөлнө гэж үзсэн.

Нутгийн иргэд тус компанийнхныг уурхай нээх нөөц тогтоохоор өрөмдөж байхад нь эсэргүүцээгүй. Түүгээр үл барам уурхайн амаа нээж, хөрс хуулж байхад ч эсэргүүцээгүй. Харин хөрсөө хуулж дуусаад, нүүрсээ олборлох болоход довтолсон нь сонин давхцал. Нутгийн иргэдийг уурхайгаас хувь хүртэх гэсэн ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс турхирсан ч байж магадгүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх нөхцөл байдлыг бүрэн судлаагүй байж бие даан тусгай зөвшөөрлийг нь цуцалсныг нь улс төрийн ашиг сонирхлоос үүдсэн гэж үзэх ч хүн бий.

“Саус гоби коэл транс” компанийнхан ордын нөөцийг тогтоох, уурхайн ам нээхэд 130 тэрбум төгрөгийн зардал гаргажээ. Олон жил зүтгэсэн хөдөлмөр нь эрх мэдэлтний үзэгний үзүүрээр нэг өдөрт үгүйсгэгдэв. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах байсан юм бол яагаад тэдэнд итгэл найдвар төрүүлээд, хөрөнгө гаргуулж ажиллуулаад байсан юм бэ. Анх лиценз олгоход байгаль орчны салбарынхан уурхай цоохор ирвэсийн амьдрах орчинд хэрхэн нөлөөлөх, эсэхийг тодорхойлж чадаагүй хэрэг үү. Уурхайн олборлолт эхлэнгүүт үйл ажиллагаа нь ирвэсийн амьдрах орчинд нөлөөлөхийг гэнэт ухаарав уу. Ийм асуултууд хариулт нэхэж байна.

Юутай ч Засгийн газар зөвшөөрөл олгоод, түүнийгээ алдаа байж гээд цуцлав. Олон нийт хувийн хэвшлийн компани буруутай байж хэмээн ойлгож байх шиг. Тэдэнд тусгай зөвшөөрөл олгосон. Энэ бол Засгийн газар уурхай байгуулж ажиллахыг нь хүлээн зөвшөөрсөн үйлдэл. Тиймээс Засгийн газрын шийдвэрт итгэж тэд хөрөнгө зарцуулсан. Тэгэхээр тэдэнд буруу байхгүй. “Саус гоби коэл транс” компанийнхныг байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэн гэх үндэслэл бараг үгүй мэт. Лицензийг нь орон нутгийн иргэдийн саналыг аваагүй гэсэн үндэслэлээр цуцалснаа Засгийн газар мэдэгдсэн. Харин компанийнхан иргэдийнх нь саналыг авснаа тайлбарласаар байгаа. Тус компанийнхан оруулсан хөрөнгөө Засгийн газраас нэхэмжлэх байх. Төр, хувийн хэвшлийн хоорондох маргаан удаан үргэлжлэх нь дамжиггүй болов уу.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ноён уулыг дархан цаазат газар болгохыг үүрэгдэв. Дархан цаазат газрын хилийн цэсийг “Сентерра гоулд Монголиа” компанийн алтны ордын тусгай зөвшөөрөлтэй талбайг хамруулан тогтоохоор шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газар олгосон лицензтэй талбайгаа тусгай хамгаалалтад авч байна гэсэн үг. Тэгэхээр “Сентерра гоулд Монголиа” компанид нөхөн төлбөр олгохоос өөр гарцгүй. Шийдвэр гаргахдаа “Сентерра гоулд Монголиа” компанид нөхөн төлбөр олгоно гэсэн үг амнаасаа унагасангүй. Харин нөгөөдүүл нь компанид учирсан бодит хохирлыг Засгийн газраас нэхэмжилнэ гэсэн мэдэгдэл гаргалаа. Канад Улсын хөрөнгө оруулалттай “Сентерра гоулд” компанийн лицензийг Худалдаа, хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэгт худалдсан гэх мэдээлэл бий. Гэхдээ баталгаагүй мэдээлэл гэдгийг санаарай. Түүний хамаарал бүхий хуулийн этгээдүүд “Сентерра гоулд Монголиа” компанийн үйл ажиллагаанд анхаарал тавьж буй нь бодит үнэн билээ. 

...Геологи хайгуулын хөгжил уул уурхайнхаасаа 20 жилээр түрүүлж явах учиртай гэдэг. Хайгуулаа чөлөөтэй хийж, газрын хэвлийд ямар баялаг байгааг тодруулж чадахгүй суухаар яаж ч 20 жилээр түрүүлэх билээ...

Томоохон ордуудын лицензийг цуцалж буй нь улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн хоорондын толхилцоон гэж үзэх хүн олон байдаг юм билээ. “Сентерра гоулд Монголиа” компанийг худалдаж авч чадаагүй бүлэглэл нь Ноён уулыг дархан цаазат болгох замаар, Ерөнхий сайдын эрх мэдлээр дамжуулан хорслоо тайлж байж ч мэднэ. “Саус гоби коэл транс” компанийг нүүрсээ олборлох дөхөнгүүт гэнэт эсэргүүцсэн нь ч учиртай болов уу. Томоохон орд газруудын лицензийг гэнэт цуцалж буй нь гадаадын хөрөнгө оруулагчдад ямар бодол төрүүлж байгаа бол. Тэд “Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулаад явж байтал Ерөнхий сайд нь гэнэт уурлаад цуцалчихаж магадгүй юм байна” гэж болгоомжилж таарна. Энэ бол гадаадын хөрөнгө оруулалт татаж, улсаа хөгжүүлэх бодлого баримталж буй бидэнд хасах оноо болно. Ерөнхий сайд шийдвэр гаргахдаа салбарын яам, агентлагаар мэргэжлийн ямар нэг дүгнэлт гаргуулаагүй гэнэ лээ. Тэгэхээр үзэмжээр л шийдвэр гаргасан хэрэг. Үүнийг маш муу жишиг гэдэгтэй хэнбугай ч маргахгүй биз. Засгийн газар лиценз олгохоосоо өмнө сайтар судлах ёстой. Лиценз олгочихоод хожим цуцалж, хөрөнгө оруулагчдыг алдагдалд оруулж буй нь хударгагүй үйлдэл.

Хөдөөгийн иргэд “Уул уурхай байгаль орчныг сүйтгэдэг, малын бэлчээрийг дээрэмддэг” гэсэн сөрөг ойлголттой болсон. Тиймээс нутагтаа уурхай нээх нь бүү хэл хайгуул хийхийг ч эсэргүүцдэг болжээ. Ашигт малтмал, газрын тосны газраас хайгуулын тусгай зөвшөөрөл авсан ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгаран үйл ажиллагаагаа явуулж чадахгүй яваа компани хэд байгаа бол. Салбарын агентлагаас хүн ам олноор суурьшдаг газарт хайгуул хийх зөвшөөрөл олгох нь түгээмэл. Энэ тохиолдолд нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарна. Компаниуд цөөн цооног өрөмдөөд эцсийн үр дүнг нь үзэж чадалгүй хөөгдсөн тохиолдол нэг бус. Чамгүй зардал гаргаад, түүгээрээ “шатна”. Нэг цооног өрөмдөхөд хэдэн зуун сая, тэрбум төгрөгийн зардал гардаг гэж бодохоор зарим компани чамгүй хөрөнгөө салхинд хийсгэж байгаа биз. Тусгай зөвшөөрөл авсан ч хайгуул хийх нөхцөл бүрдэхгүй байгаа компаниудын гомдол санал хэр олон байгааг Ашигт малтмал, газрын тосны газрынхнаас тодруулсан ч хариулт авч чадсангүй.

Засгийн газар лиценз олгож, төлбөр авч байгаа атлаа компаниудыг дэмждэггүй, нутгийн иргэдтэй ойлголцуулах ажил зохион байгуулдаггүй. Өөрөөр хэлбэл, хэрэлдүүлээд хаячихдаг. Энэ бол маш буруу хандлага. Геологи хайгуулын хөгжил уул уурхайнхаасаа 20 жилээр түрүүлж явах учиртай гэдэг. Хайгуулаа чөлөөтэй хийж, газрын хэвлийд ямар баялаг байгааг тодруулж чадахгүй суухаар яаж ч 20 жилээр түрүүлэх билээ. Монголын эдийн засгийн “хөдөлгүүр” нь уул уурхайн салбар нэгэнт болсон. Ойрын 30 жилд энэ янзаараа байна гэж шинжээчид дүгнэж буй. Тэгэхээр уул уурхайг иргэдээсээ эхлээд төрийн өндөрлөг нь хүртэл улдан эсэргүүцэж “унагах” нь зөв үү. Мэдээж буруу хандлага, муу жишиг. Харин уул уурхайн компаниудаас байгаль орчныг сүйтгэхгүй, татвар хураамжаа шударгаар төлж, хариуцлагатай ажиллахыг шаардах нь зүйн хэрэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)