Уул, усаар холбогдсон мөнхийн хөрштэйгөө шинээр танилцах өдрүүд эхэллээ

Хэдэн мянган жилээр хаяа залган оршсон Хятад, Монгол хоёр соёл, түүхээрээ салшгүй холбоотой, нэг нэгнээ сайн мэднэ. Гэвч шинэ зуунд хурдацтайгаар хөгжиж, дэлхийн төв болохоор тэмүүлж буй Хятад орон өдөр өдрөөр өнгө засан хөгжсөөр, бидний мэддэгээс өөрчлөгдсөөр буй. Тиймээс хөрш орон маань хөгжил цэцэглэлтийнхээ талаар монголчуудад танилцуулахыг зорьж “Хятад орныг танин мэдэх Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд”-ээ Монголд зохион байгуулж байна.

БНХАУ-ын ӨМӨЗО-ы соёл, аялал жуулчлалын өдрүүд өчигдөр Улаанбаатарт нээлтээ хийлээ. “Хятад орныг танин мэдэх Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд”-ийн нээлтийн ёслолд Хятадын Комунист намын ӨМӨЗО-ы хорооны байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган, Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны дэд газрын дарга Лин Ли, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр тэргүүтэй УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, нийслэлийн ЗДТГ, их, дээд сургууль, соёл, урлагийн байгууллага зэрэг нийгмийн бүх салбарын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Мөн хоёр орны хэвлэл, мэдээллийн өргөн бүрэлдэхүүнтэй баг уг үйл явдлыг сурвалжиллаа.

Хятадын Комунист намын ӨМӨЗО-ы хорооны байнгын хорооны гишүүн, Суртал ухуулгын хэлтсийн дарга Бай Юйган “Хятад орныг танин мэдэх Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд”-ийн нээлтэд үг хэлэхдээ “Хувьтай хүн хурнаар гэдэг. Намрын сайхан хур бороо Монголын тал нутгийг ундаалаад зогсохгүй Хятад, Монгол хоёр орны эв найрамдлыг мөн ундаалж байна. Хятад улсыг монголчуудад улам илүү таниулах Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Монгол Улсын Гадаад харилцааны яам, БСШУСЯ-ны удирдлагад талархал илэрхийлье. Хятад, Монгол хоёр бол уул, усаараа холбогдсон мөнхийн хөрш, мөнхийн сайн найз, сайн түнш.

Манай улсын дарга Си Зинпинь, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар өмнө нь уулзахдаа хоёр улсын харилцааг улам гүнзгийрүүлэхийн төлөө олон асуудлаар ярилцсан. БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян, Монголын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар ч олон асуудал хэлэлцсэн. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин ч хоёр улсын харилцааг хөгжүүлэх талаар маш олон санал хэлж, бидэнд туслалцаа үзүүлж байгаа. Өнөө жилийн долдугаар сард ӨМӨЗО-ы дарга Ли Жихөнху Монгол Улсад айлчлах үеэрээ Монгол Улс, ӨМӨЗО-ы харилцаа, хамтын ажиллагааг урагшлуулах олон чухал гэрээ, хэлэлцээр, баримт бичигт гарын үсэг зурсан байна.

Миний энэ удаагийн Монгол Улсад ирсэн өөр нэг гол зорилго бол ӨМӨЗО, Монгол Улсын аймгуудын хооронд байгуулсан найрамдалт хамтын ажиллагааг идэвхжүүлж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх юм. Мөн Хятадын “Нэг бүс нэг зам” санаачилгыг Монгол Улсын “Хөгжлийн зам”-тай уялдуулах зорилго бий. “Хятад орныг танин мэдэх Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд”-ийн хүрээнд есөн нэр төрлийн хориод арга хэмжээ монголчуудын хүртээл болно. Энэ удаагийн арга хэмжээ Өвөрмонголын хөгжил, цэцэглэлтийг монголчуудад таниулна гэж найдаж байна. Дараа жил Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохионо. Уг ойн бэлтгэл ажлын нэг нь энэ удаагийн соёл, аялал жуулчлалын өдрүүд юм. Хоёр улсын найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэхэд соёл, хүмүүнлэгийн арга хэмжээ чухал гэж би бодож байна” хэмээсэн.

Уг ёслолд урилгаар оролцсон БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Монгол, Хятад хоёр мөнхийн хөрш. Бидний харилцаа олон зуун жилийн түүхтэй. Сайн хөршийн хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн арвин баялаг намтартай. Энэ бүхэн маань шинэ зуунд агуулга, хэлбэрээр баяжиж, нийгмийн амьдралын олон салбарыг хамран хөгжиж байна. Үүний хамгийн том илрэл болж хоёр орны улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, соёл урлаг, техник технологи, спорт, аялал жуулчлал гээд бүх л салбарт харилцаа улам өргөжин дэлгэрч байгааг дурдахад таатай байна.

Ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхт ой болно. Өнөөдрийн энэхүү арга хэмжээ ирэх жил тохиох түүхэн үйл явдлын угтал болж буй. Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүдийн үйл ажиллагаанд баяр хүргэж, амжилт хүсье. Энэ үйл ажиллагаа манай хоёр орны найрамдалт харилцааг түүхэн шинэ хуудсаар баяжуулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Энэ удаагийн соёл, аялал жуулчлалын өдөрлөгийг зохион байгуулахдаа Өвөрмонголын шилдгийн дундаас шилдгийг сонгож Монголын ард түмэнд толилуулж байгаа. Ийм арга хэмжээг ойр ойрхон зохион байгуулж, Монголын ард түмэнд Хятадыг ойлгуулж, иргэдийн ойлголцол, хоёр орны харилцааг улам сайжруулахыг хүсэж байна” гэсэн бол ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян “Хятад, Монголын удирдлагын хувьд ойр дотно харилцаа гүнзгийрч байгааг тохиолдуулж, Хятад улсаа Монголын ард түмэнд өргөн танилцуулах, сурталчилах зорилготой манай үйл ажиллагаа ёслол төгөлдөр эхэллээ” хэмээсэн юм. Нээлтийн ёслолын дараа “Дэггүй аав” олон ангит уран сайхны киног бэлэглэж нэвтрүүлэх ёслол, “Солонго” сэтгүүлийн 25 жилийн ойд зориулсан уншигчдын уулзалт, “Солонго” хэвлэл мэдээллийн төвийн III форум зэрэг арга хэмжээ өчигдөр болсон.

Элчин сайд Шин Хаймины хэлсэнчлэн өвөрмонголчуудын хийж бүтээсэн, өвлөж өдий хүрсэн соёл, уламжлал, орчин үеийн техник, технологийн ололт амжилтын шилдгийн шилдгийг сорчлон Монголын ард түмэнд толилуулахаар бэлтгэсэн “Хятад орныг танин мэдэх Өвөрмонголын соёл, аялал жуулчлалын өдрүүд” энэ сарын 8 хүртэл үргэлжилнэ.

Уг арга хэмжээний хүрээнд Хятадын кино өдрүүд “Тэнгис”, “Юнрэв”, “ICin­ema”, “Өргөө”, “Гэгээнтэн” кинотеатрт энэ сарын 8 хүртэл өдөр бүр, “Сайн сайхан амьдралын төлөө” Хятадыг ядуурлаас ангижруулсан амжилтын үзэсгэлэн, “Үзэсгэлэнт сайхан Хятад орныг зураглая” уламжлалт ээрмэл, будмал, сүлжмэл, хатгамлын биет бус соёлын өвийн үзэсгэлэн, “Инновац биднийг ирээдүйд хөтөлнө” соёлын инновацын бүтээгдэхүүний үзэсгэлэн, “Хүн байгалийн шүтэлцээ” уламжлалт анагаах ухаан, эм бэлдмэлийн соёлын үзэсгэлэн энэ сарын 8 хүртэл Монголын уран зургийн галерейд үнэ төлбөргүйгээр олны хүртээл болно.

Мөн ӨМӨЗО-ы Олон улсын монгол эмнэлгийн эмч нар маргааш Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт төлбөргүй оношилгоо хийнэ. Түүнчлэн Соёлын төв өргөөнд өнөөдөр “Найрамдлын солонго” тоглолт, маргааш Сычуаны “Цагаан могойн домог” жүжиг, “Улаанбаатар” чуулгад “Найрамдалт хотуудын аялгуу” тоглолт, “Новотел” зочид буудалд өнөөдөр Хятадын Өвөрмонгол, Сычуаны аялал жуулчлалын байдлыг танилцуулах арга хэмжээ, үндэсний хувцасны үзүүлбэр, хоолны баяр, 6, 7-нд ХААИС-д “Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт”, ШУТИС-д “Шинжлэх ухаан, технологийн инновац” сэдэвт солилцооны арга хэмжээ, 5-7-нд Монгол, Хятадын залуусын сагсан бөмбөгийн тэмцээн, 8-нд “Талын дуу хоолой” радиогийн таван жилийн ой гэх мэтийн үзэж, сонирхууштай олон арга хэмжээ бий. Эдгээр үзвэр, үйлчилгээ, арга хэмжээнд очиж, орчин үеийн Хятад, Өвөрмонголтой шинээр танилцаарай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)