Уулын эрчимт алхалтын улсын аварга багууд тодорлоо

Гарамын Барсболд агсны нэрэмжит эрчимт алхалтын УАШТ энэ сарын 19-нд боллоо. Энэ удаа Улаанбаатар хот, хөдөө, орон нутгийн 21 клубийн 34 багийн 238 тамирчин хурд, хүчээ сорив. Тэмцээнд “iRUN” клубийн гуравдугаар баг хоёр цаг 19 минутын амжилтаар алт, “Хамтдаа алхацгаая” клубийн нэгдүгээр баг хоёр цаг 29 минутад барианд орж мөнгө, “UB hiking” клубийн нэгдүгээр баг хоёр цаг 32 минутын үзүүлэлтээр хүрэл медаль хүртжээ. Тусгай дөрөв, тавдугаар байрын шагналыг “Хайрхан”, “Хоризон”-ы тус бүр нэгдүгээр баг хүртсэн байна. Эл тэмцээнийг “Хайрхан” аялагч клуб зохион байгуулдаг. Анх зохион байгуулснаас хойш долоо, улсын чанартай хоёр дахь тэмцээн энэ удаа боллоо. Клубүүдийн долоон гишүүний (гурван эрэгтэй, дөрвөн эмэгтэй) бүрэлдэхүүнтэй баг Төв аймгийн нутаг дахь Манзушир хийдээс Зайсангийн ам хүртэл 17.5 км зайд уралддаг юм.

Бэлтгэсэн: З.Гал 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)