Уулын Карабахын мөргөлдөөнд оролцогчдын тоонд Пакистан нэмэгджээ

Уулын Карабахын байлдааны ажиллагаан дахь Туркийн оролцоо маргаан дагуулсан энэ үед Өвөр Кавказын эл мөргөлдөөнд нөлөө бүхий бас нэг тоглогч нэмэгдэв. Энэтхэгийн WION телевизэд Арменийн Ерөнхий сайд Николь Пашинян ярилцлага өгөхдөө “Пакистаны босогчид Карабахын эсрэг дайнд оролцож байна” гэжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Вашингтонд Армени, Азербайжаны Гадаад хэргийн сайд Зограб Мнацаканян, Жейхун Байрамов нарын хүрсэн гал зогсоох тохиролцоо өмнөх хоёрын адил зөрчигдсөний дараа ийн мэдэгдсэн байна.

“Уулын Карабахын эсрэг дайнд зөвхөн Азербайжан төдийгүй Турк улс, Сирийн байлдааны ажиллагааны бүсээс Туркийн илгээсэн хөлсний террористууд оролцож байна. Пакистаны босогчид нэмэгдсэн мэдээлэл бидэнд ирлээ” гэж Н.Пашинян тэмдэглээд, тус бүс нутаг дахь террористуудын оролцоог эцэс болгохыг уриалжээ. Карабахын талаарх цэргийн хамтын ажиллагааг эрс няцаасан Баку болон Исламабад улс төр, дипломатын хувьд бие биенээ бүрэн дэмждэгээ нуусангүй. Өнгөрсөн долоо хоногт, Ж.Байрамов Вашингтон руу мордохын өмнө Пакистаны Гадаад хэргийн сайд Шах Махмуд Курешитэй утсаар ярьсан нь үүний нотолгоо болох гэнэ. “Азербайжан улс нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа сэргээнэ гэж Пакистан найдаж буй бөгөөд Арменийн халдлагад энгийн иргэд амиа алдаж буйд гүнээ харамсаж байна” гэж Пакистаны ГХЯ-ны мэдэгдэлд дурджээ.

Карабахын асуудлаар улс төрийн дэмжлэг авч буй Баку Кашмирын талаар Исламабадыг дэмждэг аж. “Олон улсын янз бүрийн чуулга уулзалтын үеэр, тухайлбал, Жамму, Кашмирын талаар исламын хамтын ажиллагааны байгууллагын холбоо барих бүлэгт тус бүс нутгийн маргааны талаар Пакистанд Азербайжан дэмжлэг үзүүлдэгт Исламабад талархдаг” гэж Гах Махмуд Куреши өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ. Азербайжан одоо даргалж буй Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн 130 гаруй улсыг Кашмирын асуудлаар дэмжинэ хэмээн Исламабад найддаг аж.

Пакистаны Пешавар хот дахь эх сурвалжуудын мэдээлснээр зэвсэглэсэн босогчид долоо хоногийн өмнө Карабахыг зорьсон гэнэ. Карабахын дайнд Турк, Пакистан, Азербайжаны өнөөгийн түншлэл нь Анкарагийн амбицыг дэмжихэд чиглэсэн геополитикийн урт хугацааны шинэ холбооны эхлэл бөгөөд Карабахын байдал худцадсан нь эл супер төслийн эхлэлийг хөдөлгөгч хүч байж болохыг ажиглагчид тэмдэглэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)