Утаа, хөрсний бохирдолтой айлссан тоосжилт

Бэлтгэсэн: Ж.Сувдмаа, З.Амгалан, Г.Баярцэцэг, А.Халиун


Бид улсынхаа нийслэлд оршин суудгийнхаа “шанд” эрүүл мэнд, сэтгэл зүйгээрээ хангалттай хохирч буй. Түгжрэл, орчны бохирдол, чимээ шуугиан, эдийн засгийн дарамт гээд бухимдах зүйл мундахгүй. Өвлийн гурван сарын турш утаатай “зодолдсоор” урин дулааны цагтай золгов уу, үгүй юү хөрсний бохирдол гэгч аюултай нүүр тулдаг. Хамгийн их ярьдаг, анхаарал хандуулдаг сэдэв нь агаар, хөрсний бохирдол. Гэтэл үүнээс ч дутахгүй нэгэн гамшиг биднийг чимээгүйхэн дарамталж, эрүүл мэндэд заналхийлэх болж. Болж гэж дээ, бид л ойшоодоггүй, тэмцдэггүй болохоос тэр гамшиг нийслэлчүүдийг “ээрээд” цөөнгүй жил болж байна. Энэ бол тоосжилт.

Нийслэлчүүдийн эрүүл мэндэд тоос заналхийлэх хэмжээнд хүртлээ даамжирсныг Дэлхийн банкныхан бүр 2011 онд зарлаж, олны анхаарлын төвд аваачжээ. Тэд Улаанбаатарын агаарын чанарыг судлах, сайжруулах төсөл хэрэгжүүлэх явцад хотын төвийн тоосжилт манай улсын стандартаас 3-6, гэр хороололд 7-14 дахин өндөр байгааг тогтоосон байна. “Гэр хорооллоос гарч буй утааг 80, хөрсний бохирдлыг 60 хувь бууруулбал тоосжилт 40-46 хувиар багасна” гэж тэд дүгнэжээ. Гэвч яав?

Харин өдгөө тоосжилт манай улсын Агаарын чанарын техникийн ерөнхий шаардлага стандарт (MNS4585)-ыг өдөр бүр давж буй гэнэ. Өчигдөр 16.00 цагийн байдлаар агаар дахь хорт нэгдлүүдээс хамгийн аюултайд тооцогддог нарийн болон бүдүүн ширхэгт тооцсонцор хүлцэх хэмжээнээс хоёр дахин өндөр байгааг Agaar.mn сайтад мэдээлсэн байна.

Үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн. Агаар, хөрсний бохирдол буурах нь битгий хэл, улам даамжирч, аюулгүй байдал зарлах хэмжээнд хүрсэн. Дээрээс нь хүн амын төвлөрөл, барилга, авто замын бүтээн байгуулалт, цахилгаан станцын хаягдал, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч ихэссэн зэрэг нь манай орны эрс тэс уур амьсгалтай хавсраад тоосжилтыг даамжруулж, улам өдөөх нөхцөл болсныг судлаачид хэлэв. Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогчдын Туул гол дагуу ухсан нүх, карьер, дулааны цахилгаан станцын үнсний далан, ахуйн болон барилгын хог хаягдал тоосжилтод “хандив” болдог.

Тоосыг манайхан харшил өдөөх төдийхнөөр ойлгодог. Гэтэл энэ нь эхний үед хүний хамрын салст, нүдний бүрхэвчийг гэмтээдэг бол цаашлаад амьсгалын замын, тэр дундаа уушги, зүрх, судасны өвчин үүсгэдэг.

“Цэвэр агаар амьдрал” төрийн бус байгууллагын тэргүүн Ч.Өнөрбаяр тоосжилтыг “Олон төрлийн шороо, хог, хорт бодис” гэж тайлбарласан нь анхаарал татав. Яагаад хорт бодис гэж?

Хавар шар усны, зун үер гэгч аюул нийслэлчүүдийг сандаргадаг. Үүний уршгаар гэр хорооллынхны жорлон, муу усны нүх хальснаас хамаг бохир нь ойролцоох зам талбайгаар нэг урсаж, бохирдуулдаг. Ингэж зөөгдөж ирсэн бохир, хорт нэгдлүүд хаашаа ордог вэ. Мэдээж хөрсөнд. Харин хөрсний өнгөн хэсгийн шороо жаахан салхинд л хүссэн газраараа “тэнүүчилнэ”. Ингээд л өнөөх жорлон, муу усны нүхнээс гарсан хорт бодисууд хүний амьсгалын замын эрхтнээр дамжин янз бүрийн харшил, халдварт өвчин тараадаг. Хотын төв, гэр хорооллынх гэж ялгалгүй бүгд л ийм бохир агаараар амьсгалж байгаа. Орчны бохирдол нэмэгдэж, хотжилт эрчимжих хэрээр байгалийн эд, эс болсон тоос, шороо ч өнгө төрхөө өөрчилж, хувирдаг аж.

Тоосжилтыг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь ногоон байгууламжийг нэмэгдүүлж, орчны бохирдолтой тэмцэх. Гэтэл манайх нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээгээр ч, агаар, хөрсний бохирдлоор ч дэлхийд дээгүүрт орж буй. Тоосжилт аюултай, аминд халтай гэж ярьцгаадаг ч энэ чиглэлээр хийсэн дорвитой судалгаа ч манайд байдаггүй юм билээ. Муу ёролж байгаа ч юм биш, хий бие, хийсгэлэн дүртэй мэт энэ аюулын гарт бид оржээ.

ИНФОГРАФИК

БАЙР СУУРЬ

Хавар болж гадаад орчны агаар хуурайшиж, тоос, тоосонцор ихсэж буйтай холбогдуулан агаар дахь тоосонцрын хэмжээ эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.

Арьс, харшлын өвчлөлийг шууд тоос, тоосонцроос шалтгаалсан гэх хэцүү

Б.БАТЦЭЦЭГ (Арьсны өвчин судлалын үндэсний төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч захирал)

Манай улс өвөл утаатай, хөрс, агаарын бохирдол ихтэй зэрэг олон шалтгааны улмаас агаарт тоос, тоосонцор ихээр агуулагддаг. Арьсны өвчин судлалын эмчийн хувьд би арьс, харшлын өвчлөлийг шууд тоосонцроос шалтгаалдаг гэж хэлэхэд хэцүү. Мэдээж агаар дахь тоос, тоосонцор арьсанд нэвчин хуурайшуулах, бохирдуулах, идээт үрэвсэл, харшил үүсгэх нөхцөл болох боломжтой. Иймээс арьсаа сайн цэвэрлэж, чийг тэжээлээр хангах учиртай.

Нийслэлд 15 цэгт агаарын хяналт, шинжилгээ хийдэг

Ш.НЯМДАВАА (Цаг уур, орчны шинжилгээний газрын орчны шинжилгээний хэлтэсийн ахлах мэргэжилтэн)

Бид нийслэлд 15 цэгт агаарын чанарын хяналт, шинжилгээ хийдэг. Түгээмэл бохирдуулагч бодис буюу хийн төлөвт оршдог хүхэрлэг хий, азотын давхар, нүүрстөрөгчийн дутуу исэл, PM 10, PM 2.5 тоосонцрууд, нүүрстөрөгчийн дутуу исэл, озон зэргийг хэмждэг. Тоосонцор нь бидний нүдэнд харагдах энгийн тоос болон агаар дахь зарим хийн хатуу төлөвт буй хэлбэр юм.

Агаар хамгийн бохир үе нь өвөл, хавар. Хаврын салхиар хөрсний сул шороо, бүтээн байгуулалтаас үүссэн тоос агаарт дэгдэн хуурайшилт, тоосжилт үүсгэдэг. Манай улс ногоон байгууламжийн хэмжээ бага, мод, зүлэгжүүлэлт муу учир агаарыг чийглэх, тоосонцрыг шингээх боломж хангалтгүй. Хамгийн нарийн тоосонцор болох PM2.5 тоосонцрыг долоон цэгт л хэмжиж байна. Эл нарийн ширхэгт тоосонцор амьсгалын замын өвчлөлүүд, харшил, багтраа өвчний эх үүсвэр болдог.

Манай байгууллагын үндсэн үүрэг бол агаарын чанарт хийсэн шинжилгээний дүнг холбогдох газруудад нь танилцуулах. Тэдгээр байгууллага шинжилгээнд үндэслэн агаарын бохирдлыг бууруулах ажлыг зохион байгуулдаг. Өнгөрсөн өвлөөс өдийг хүртэлх зургаан сарыг, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад PM10 гурав, PM2.5 тоосонцор найман хувиар буурсан дүн гарсан.

Өнөөдрийн байдлаар (04 сарын 25) нийслэлийн агаарын чанарын индексийг тодорхойлогч буюу бохирдуулагч бодисууд дотор хамгийн их агуулагдах тоосонцрын хэмжээ, зөвшөөрөгдсөн стандартаас бага зэрэг өндөр байна.

Уушги тоосжих өвчин нас харгалзахгүй

Д.ТУЯА (Улсын нэгдүгээр төв эмнэлгийн уушгины эмгэг судлалын төвийн их эмч)

Агаар, хөрсний бохирдол, хаврын бүтээн байгуулалт, хүн амын шигүү суурьшил, мод, зүлэгжүүлэлт хангалтгүй зэргээс агаар дахь тоос, тоосонцрын хэмжээ жил ирэх тусам нэмэгдсээр байна. Өвлийн утаа, хаврын тоосжилт нь амьсгалын зам, уушгины болон зүрх судасны өвчнүүдээр өвчлөх шалтгаан болдог. Хүн хангалттай хүчилтөрөгчөөр амьсгалахгүй байх нь олон өвчний урьтал болдог.

Тоосонцор, агаар дахь хорт бодис нь харшил үүсгэх, ужиг өвчнийг сэдрээх, амьсгалын замын өвчнүүдийн эдгэрэх явцыг Бид тоос сорогч болсон”улж байна. Ханиад хүрээд эдгэхгүй, байнгын зовиуртай явах нь тоосонцроос үүдсэн харшлын шинжтэйг харуулдаг. Агаар дахь тоос, тоосонцор нарийн ширхэгтэй байх тусам эрүүл мэндэд халтай.

Манай эмнэлгээр орон нутгийнхан болон уурхайчид олноор үйлчлүүлдэг. Малчид өтөг бууцны харшилтай, тоосонцроос шалтгаалсан амьсгалын замын өвчнөөр өвчилдөг нь хотынхон болон уурхайчидтай харьцуулахад бага. Зарим хүн, уурхайчдын хувьд мэрэгжлийн болон бусад шалтгааны улмаас уушги тоосжих өвчинд нэрвэгдэж байна. Энэ өвчинд өртөгсдийн нас залуужиж байгаа бөгөөд ужиг, эдгэрэлт удаан, хүнд өвчин.

Тоосжилтыг бууруулахын тулд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх шаардлагатай

Ш.УРАНЦЭЦЭГ

(ЭМЯ-ны орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн)

Тоосжилтод олон хүчин зүйл нөлөөтэй. Манай орны хувьд эрс тэс, хуурай уур амьсгалтай, ногоон байгууламж багатай тул хавар агаар хуурайшиж, тоосжилт ихэсдэг. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан гадаад орчны агаарын параметр үзүүлэлтүүд ихээхэн өөрчлөгдөж хуурайших, цөлжих хандлагатай байгаа нь ч нөлөөтэй.

Мөн барилга, зам зэрэг бүтээн байгуулалтын ажил усны эх үүсвэр болон төв магистрал шугамд зөвшөөрөгдсөн хэмжээнээс ойртсон, хоорондоо шахуу баригдах зэрэг нь тоосонцрыг нэмэгдүүлдэг. Мэдээж тоос, тоосонцор их байх нь амьсгалын замын өвчлөлд хүргэдэг. Уушгины өвчлөл зүрх судсыг гэмтээхийг үгүйсгэхгүй. Энэ төрлийн өвчнөөр өвчлөгсдийн тоо өсөж буй судалгаа бий.

Бид гадаад орчны тоосжилтыг багасгахын тулд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүлэгжүүлэх, хотын сул шороотой талбайг багасгах, замын усалгааг тогтмол хийх шаардлагатай. Манай байгууллагаас хүн ам олноор суурьшсан бүсэд ундны ус, хөрсний бохирдлыг бууруулах, орчны бохирдлоос хамгаалах, энэ төрлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүйн орчныг таатай болгох ажил зохион байгуулдаг.

Бид өвөлдөө утаа дулааны улиралд нунтаг шороогоор амьсгалдаг

Ж.ҮҮРИЙНЖИН (Шинэ суурьшил, эрүүл аюулгүй орчин ТББ-ын гүйцэтгэх захирал)

Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Төв аймгийн Алтанбулаг сумын нутагтай хиллэдэг Бөхөгийн хөндий орчимд хайрга, дайрга олборлогчдын хөлд сүйдэж байна. 2014 оноос эхлэн Туул голын ай савын хайрга, дайрга олборлох компаниудын үйл ажиллагаа эрчимтэй нэмэгдэж, Туулд цутгадаг Бөхөг, Түргэний гол ширгэснийг бүгд мэднэ.

Манай хорооны нутагт гэхэд 100 гаруй компани хайрга, дайрга олборлож хэдэн арван машин холхин, хөрс талхалж дууслаа. Бид өвөл нь утаа, дулааны улиралд нунтаг шороогоор л амьсгалдаг. Хэт тоосжилтоос болж манай хорооны болон ойр хавийн иргэдийн талаас илүү хувь нь харшил, багтраа, уушгины өвчинд нэрвэгдсэн.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн онд хайрга, дайрга олборлогч 96 компанийн үйл ажиллагааг цуцалсан боловч гуравдугаар сар гарангуут бүгд үйл ажиллагаагаа эхэллээ. Захирамж, тушаалын биелэлтэд хяналт тавьж буй нэг ч хүн алга. Хорооны оршин суугчид ТББ байгуулан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ хамгаалан тэмцэж буй ч үр дүнд хүрэхгүй байна.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

О.ОЮУН-ЭРДЭНЭ: Ахуйн болон барилгын хог хаягдал нь тоос, тоосонцор үүсгэх гол хүчин зүйл

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

-Манайд тоос, тоосонцор үүсгэж буй хамгийн том хүчин зүйл нь юу вэ?

-Тоос, тоосонцор нь гадаад болон дотоод орчны гэхчилэн олон янз. Мөн хаана, ямар эх үүсвэрээс үүсэж байгаагаас нь хамаараад ангилдаг. Тухайлбал, дотоод орчинд авч үзвэл хүн өөрөө тоос үүсгэгч болох жишээтэй. Амьтны үс, мөөгөнцөр ч тоосонцор үүсгэдэг. Харин гадаад орчинд авч үзвэл барилгын ажил, түүхий нүүрсний шаталтаас болон автомашины буюу хөдөлгөөнт эх үүсвэрээс бий болдог.

Үүнээс гадна хөрсний эвдрэл, бохирдол болон ургамлын нөхөн үржихүйн үйл явц тоос, тоосонцор үүсгэнэ. Өнөөдрийн нөхцөлд нийслэлд ахуйн болон барилгын хог хаягдал тоос, тоосонцор үүсгэх гол хүчин зүйл болж байна.

-Агаарын бохирдлын дийлэнх хувь нь тоосонцор байдаг гэдэг үнэн үү?

-Өвөл РМ2.5 нарийн болон хөрсний гаралтай РМ10 гэх бүдүүн ширхэгт тоосонцор агаарын бохирдлын дийлэнхийг эзэлж байгаа нь үнэн.

-Үүнийг манай эрдэмтэд хэр судалсан бол?

-Судалгаа цөөнгүй бий. Тэр тусмаа нүүрсний шаталт болон автомашины хөдөлгүүрээс үүдэлтэй РМ2.5 нарийн ширхэгт тоос, тоосонцор эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг нэлээд судалсан.

-Тоос, тоосонцор байх ёстой хэмжээнээсээ байнга хэтэрдэг гэх юм билээ.

-24 цагийн дунджаар нарийн ширхэгт тоосонцрын агууламж нэг шоо метрт 50 мкг байх ёстой гэж Монгол Улсын стандартад заасан байдаг. Харин бүдүүн ширхэгт тоосонцрынх 100 мкг байх ёстой. Тоос, тоосонцор стандартад зааснаас их байгаа.

-Бууруулахын тулд ямар арга хэмжээ авбал зүйтэй вэ?

-Манай төвийнхөн тоос, тоосонцрыг хэрхэн бууруулах талаар зөвлөгөө өгдөг. Өвөл, хаврын улиралд үүнийг бууруулахын тулд үнс болон хог хаягдлаа тагтай саванд хийх шаардлагатай. Мөн мод тарьснаар гадаад орчны тоос, тоосонцор буурдаг.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Хотод сул шороотой газар байлгадаггүй

Европ, АНУ зэрэг хөгжингүй оронд гутал шороо тоос болохгүй цэвэр байдаг талаар хүмүүс ам уралдан ярьдаг шүү дээ. Тэнд мөн эмнэлэгт улавч өмсөхийг шаарддаггүй. Цас, борооны дараа манайх шиг тоос шороо босдоггүй нь бас сайхан. Гутлан дээр тогтсон тоос, шороо хүний арьс, нүд, амьсгалын эрхтнээр дамжин дотогш орж, өвчин, эмгэг үүсгэдгийг шинжлэх ухааны үндэстэйгээр судлан, нотолсон байдаг учир өндөр хөгжилтэй орнуудад ногоон байгууламж бүтээхдээ маш болгоомжтой ханддаг аж.

Хот төлөвлөлтөд заасан газарт л мод тарьдаг. Тэгэхдээ салхинд тоос, шороо босохоос сэргийлээд тасалгааны цэцэг шиг хайрцагтай, эсвэл төмөр сараалжаар хөрсөн хэсгийг дардаг байна. Бас хөрсийг нь гацуурын мөчрөөр хучдаг аж. Олон модтой, хучлага хийх боломжгүй газарт шороо босохоос сэргийлээд жижиг дайргаар хучдаг.

Дайргагүй гэвэл зүлэгтэй газар л бий. Арчилгаагүй, салхинд босох сул шороог аль болох дардаг аж. Зүлэгтэй хэсгийн хашлага хөрс нь заавал өндөр байдаг (манайд хөрс нь хашлага давсан харагддаг). Газар шорооны ажил хийсэн газрыг нимгэн төмрөөр хучдаг гэнэ.

Хотын ил хөрстэй газрыг ингэж хамгаалдаг учир тоос сорогчтой машинаар гудамжийг цэвэрлэдэг байна. Цасыг орсон даруйд, мөс үүссэн бол бага дээр нь цэвэрлэдэг, мөн борооны ус зайлуулах систем сайтай учир дараа нь тоос шороо үлддэггүй гэнэ.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

“БИД ТООС СОРОГЧ БОЛСОН”

Утаа, угаарт дарлагдсан иргэд өвлийг үзээд хавартай золгов. Цас, мөс хайлахтай зэрэгцэн улаанбаатарчууд өөр нэгэн асуудалтай нүүр тулдаг нь тоос хэмээх “мангас”. Хавар дөрөвдүгээр сараас салхи ихсэж, шороон шуурга дэгдэн, тоосжилт эрс нэмэгддэг. Агаарын чанарын суурин харуулуудын мэдээллээр хотын төвд ч, гэр хороололд ч зөвшөөрөгдөх хэмжээнээс хэд дахин их байгаа аж. Шороон шуургын сүүлийн жилүүдийн давтамжийг 1960 оныхтой харьцуулахад дөрөв дахин нэмэгджээ.

Зурагт, Сансар, Зуун айл, Толгойт, Баянхошуу, Улаанхуаран, Амгалан орчимд агаарын бохирдол, тоосжилт бусад хэсгээс харьцангуй их, угаарын хийн агууламж өндөр байна. Агаарын бохирдлын тархах хүрээ нь салхины хурдаас ихээхэн хамаардаг аж. Жишээлбэл, агаарт цацагдсан 50 тонн тортог эргэн тойрныхоо тав хүртэл, салхитай үед 25 км газарт тархдаг байна. Хот орчмын нэг шоо метр талбайд 4-6, орон сууцны орчинд 80-200, үйлдвэрийн бүсэд 400-700 тонн тоос, тортог тунардаг гэсэн баримт ч бий.

Тоосжилт хамгийн ихтэй гэгддэг Сонгинохайрхан дүүргийн VII хороо буюу Баянхошууны хуучин эцэс орчимд очлоо. Манай улсын хүн амын 10 орчим хувь нь оршин суудаг эл дүүрэгт 153 үйлдвэр үйл ажиллагаа явуулж буй бөгөөд тэдгээрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч ч бий. Хайрга, дайрганы тав, шаврын зургаан ордод олборлолт хийдэг гэнэ. Тус дүүргийн VIII хорооны иргэн Л.Нямцэнд “Манай хороонд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нь мэдэгдэхгүй тоосгоны үйлдвэр олон бий. Хүнд даацын машинууд гэр хорооллын дундуур хайрга, дайрга зөөдөг нь их хэцүү. Угаас гэр хороололд сул шороо ихтэй, салхилах төдийд л бөөн тоос дэгддэг” гэсэн юм.

Хотын хамгийн их тоосжилттой газар нь Хан-Уул дүүргийн XIII хороо буюу Шувуун фабрик орчим. Тэнд хайрга, дайрга олборлодог 60 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Иргэд хайрга олборлогчдыг байнга эсэргүүцдэг ч олигтой үр дүнд хүрдэггүй гэнэ. Түүнчлэн тус дүүргийн III хороо буюу “Мишээл экспо” орчимд амьдардаг иргэд ч тоосонд дарлуулж буйгаа “ховлов”. “Мишээл” цогцолборын оршин суугч Д.Гэрэлт “Гэрийнхээ цонхыг онгорхой орхих аргагүй. Цонхны тавцан битүү шороо, тоос болдог, цахилгаан станцуудын салхин дор байдагтай холбоотой байх. Бид тоос сорогч болсон” гэсэн.

Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчимд тоосжилт мөн л маш их. Тус дүүргийн VII хорооны иргэн Э.Эрдэнэчимэг “Худалдааны олон төв үйл ажиллагаа явуулдаг учраас энэ хавьд хөл хөдөлгөөн ихтэй. Өвөл утаа, хавар тоосжилтоос болж хүүхдүүд өвчин тусах нь улам нэмэгдэж байна. Ихэнхдээ л харшлын гаралтай өвчин гэж оношилдог” гэсэн юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хийсэн судалгаагаар “Хотын иргэдийн 68.3 хувь нь агаар болон орчны бохирдлоос шалтгаалан харшилд нэрвэгджээ” гэсэн нь дээрх иргэний хэлснийг батална. Иргэд засмалгүй шороон замаар гэлдэрч, бүртийх ч ногоон байгууламжгүй орчинд өвөл нь угаарт боомилуулан, хавар нь тоосонд дарлуулж, залгуулаад унгиралд дээрэлхүүлсээр л байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)