Утаа хаягчийн уршиг

Улаанбаатарын утааг бууруулах кампанит ажил эрчимжээд нэлээд хэдэн оны нүүр үзэв. Дорвитой үр дүнд хүрээгүй боловч “Нийслэлийн гэр хороолол агаарын бохирдлын 80 хувийг “үйлдвэрлэж” байна” гэдгээс эхлээд “Улаанбаатарын утаа иргэдийн эрүүл мэндэд хэдийнэ заналхийллээ” хүртэлх янз бүрийн судалгаа мэдээлэл, тодорхойлолт гаргаж, тэр ч байтугай аав ээжүүд гудамжинд гарч жагсав.

Энэ хооронд өрнөсөн, утаатай тэмцэх ажил голдуу гэр хороолол руу чиглэж, утаагүй зуух, түлш гэсэн цомхон хүрээнд л яригдаж ирсэн юм. Одоо ч ярьсаар байгаа. Олон жил өрнөсөн ажлын үр дүн хэзээ гарахыг таахад бэрх. Харин агаар бохирдуулагч хоёр дахь том дайсан болох автомашины утааг хэрхэн бууруулах талаар төдийлөн хөндсөнгүй.

Хотын авто замаар давхих автомашины тоо нь “утаа бууруулсан” жилүүдэд улам өссөөр, сүүлдээ хотын төв орчимд шахцалдаж, давхих биш, мөлхөх хэмжээнд хүртлээ олшров. Ингээд тэд хотын утааны 10 хувийг дангаараа “үйлдвэрлэдэг” боллоо. Иргэдийн амьжиргааны түвшин сайнгүй буй ч яаж ийж байгаад хөл дүүжлэх унаатай болох хүсэлтэй. Үнэ хямдыг нь бодож 5-10 жилийн настай тээврийн хэрэгсэл худалдаж авдаг нь дээрх 10 хувийг бүрдүүлэхэд голлон нөлөөлжээ. Сүүлийн дөрвөн жилийн үзүүлэлтийг харахад машины тоо жилд дунджаар 13.2 хувь буюу 30.000 гаруйгаар нэмэгджээ.

Хотын хогийн цэгүүдэд тэгэхэд энэ тооны байтугай гарын 10 хуруунд багтах ч хуучин машин очсонгүй. Өнгөц талаас нь монголчууд эд хөрөнгөндөө ариг гамтай ханддаг ард түмэн гэж дүгнэж болно. Гэтэл үнэн хэрэгтээ бид гамтай хэрэглэсэн машиныхаа утаанд хордсоор өдий хүрчээ. Үр дүн нь сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж буй агаарын бохирдол, түүнээс үүдэлтэй өвчлөлийн түвшнээс тод харагдана.

Өвлийн улиралд гэр хорооллын утаа агаарын бохирдлын дийлэнхийг эзэлдэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин тээврийн хэрэгслээс ялгарах утаа 365 хоногийн турш агаар бохирдуулна. Улаанбаатар хотод нийт 439.129 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэний 331.564 нь техникийн үзлэгт хамрагдсан, өдгөө замын хөдөлгөөнд оролцож байна. Эдгээрийн 72 хувь нь 10-аас дээш жилийн настай гэхээр ямархуу хэмжээний бохирдол ялгаруулж буй нь тодорхой болох биз. Дээр нь “өндөр настай” машинууд мөлхөж ядах хотын замд түгжрэхээрээ хэвийн хэмжээнээс харьцангуй их хүнд металл ялгаруулдаг гэнэ.

Цаашлаад нийтийн тээврийн, том оврын автобуснууд энэ бохирдлыг улам баяжуулна. Одоогоор 1181 автобус нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллуулж байгаагийн 60 хувь нь 10-аас дээш жил явсан. Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын ахлах мэргэжилтэн О.Алтангэрэл “Агаарын бохирдол иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх буюу гамшгийн хэмжээнд хүрсэн. Ялангуяа нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж буй автобуснууд нийт тоосонцрын 60-70 орчим хувийг ялгаруулж байна” гэсэн юм. Тоосонцор нь уушги, зүрхний өвчний үндэс болж, даамжирвал амь насанд ч хүрэх аюултай гэдэг.

Уг нь Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний MNS 5012:2011 гэсэн стандарт бий. Даанч мөрддөг хүн нэг ч байхгүй. Угтаа бол үйлдвэрээс гарсан шинэ автобусыг 12 жил ашиглаад үйлчилгээнээс хасах ёстой байтал манайхан төрөлх нутагтаа хэдэн жил явсан нь тодорхойгүй автобус гадаадаас аваад түүнийгээ 12 байтугай жил унадаг. Найдвар тасраад замын голд таг зогсох хүртэл нь ашигладаг. Үү ний уршгаар хотын төв замын дагуух нийт тоосонцрын 80 хувийг том оврын автобуснууд “үйлдвэрлэж”, утаа хаягчид дундаа “монополь” болох шинж бүрджээ.

Энэ мэт асуудлыг шийдэх гэж төр, засгийн түвшинд ярихын сацуу нэг биш төлөвлөгөө, санаачилга гаргаж байв. Хамгийн сүүлд гэхэд хотын захиргааныхан нэг автобуснаас ялгарах агаар бохирдуулагч бодисыг 80 хүртэл хувиар бууруулахаар хуучин 50 автобусанд тортогжилт бууруулах төхөөрөмж суурилуулах төлөвлөгөөгөө танилцуулсан. Гэсэн ч санхүүжилтгүйн улмаас өдий хүртэл уг ажил эхэлсэнгүй. Зөвхөн энэ биш, ер нь автомашинаас ялгарах бохирдлыг бууруулахад зарцуулах хөрөнгө огт төсөвлөөгүй аж.

Эдийн засгийн хүндрэлтэй үе таарсан тул энэ мэт асуудлыг түр хойш тавьсан бололтой. Уг нь Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд зааснаар автомашины ангиллаас хамаарч жилд 1800-9500 төгрөгийн татвар хураах зохицуулалттай. Төлбөрийн ялгаа нь хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаалдаг. Харин шинэ, хуучин гэх зохицуулалт үгүй.

Гэтэл асуудлын гол нь хөрөнгө төсөвтөө биш, дураараа дургидаг, миний эрх, эрх чөлөө гэж хашгирдаг иргэдээс шалтгаалах нь ч бас бий гэнэ. Энэ чиглэлээр цаашид ямар ажил хэрэгжүүлэх талаар нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо өнгөрсөн арваннэгдүгээр сард хуралдаж, эрх зүйн зарим акт, тэр дундаа автомашины утаанд тавих стандартуудыг шинэчлэх шаардлагатай талаар хэлэлцсэн. Иргэд үүнийг ойлгож хүлээн авч хамтарч ажиллаасай. Хүн бүрийн хариуцлага чухал байна. Утаа хэцүүдлээ гэдэг мөртлөө их хэмжээний хорт утаа ялгаруулдаг хуучин машин унаад явж байна.

Бид “Та энэ машинаа унахаа боль” гэж хэлж болдоггүй. Тодорхой дүрэм, журам гаргачихвал иргэний эрх зөрчигдөж болзошгүй. Энэ мэт асуудал маш их байна. Улсын үзлэгийн үеэр хорт утаа хэмжиж, стандартад нийцэхгүйг нь хөдөлгөөнд оролцуулахыг хориглож болно. Гэтэл тэр хүн машинаараа таксины үйлчилгээ явуулж, гэр бүлээ тэжээдэг байвал яах вэ. Тиймээс нэлээд сайн тооцоо судалгаанд үндэслэн шийдвэр гаргах ёстой. Агаарын бохирдол зөвхөн энэ жил л яригдсан асуудал биш гэдгийг хүмүүс мэднэ. 12-13 жил боллоо. Энэ хугацаанд зоригтой шийдлүүд нэг ч гарсангүй.

Ийм байдлаасаа салъя гэвэл иргэн бүр л оролцох хэрэгтэй” гэж хэлсэн юм. БОАЖ-ын сайд ч энэ чиглэлд нэлээд анхаарахаа мэдэгдэж, улсын үзлэгийн оношилгооны чанарыг сайжруулах, сайн чанарын шатахууны импорт, хэрэглээг дэмжих, долоогоос дээш настай автомашины импортыг үе шаттай хязгаарлах зорилт тавьж буйгаа мэдэгдсэн.

Эдгээр арга хэмжээний зэрэгцээ иргэд ч бас хувь нэмрээ оруулж, аливаа шийдвэрийг дэмжиж байж, энэ ажил эхлэх, хэрэгжих боломжтойг сануулъя. Учир нь Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож буй нийт тээврийн хэрэгслийн 80 хувь нь хувь хүмүүсийнх.

Утааг бууруулахад хувь нэмрээ оруулаарай

Агаарын бохирдолтой тэмцэх ажилд аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүрийн оролцоо чухал учир БОАЖЯ-наас “Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” аян өрнүүлж эхлээд байна. Утааг бууруулах, түүний хор хөнөөлөөс сэргийлэхийн тулд иргэд ямар хувь нэмэр оруулах боломжтойг аяны хүрээнд сурталчлах аж.

Тухайлбал, гэр, сууцаа сайтар дулаалах, сайжруулсан зуухаа зөв галлах, стандартын шаардлага хангасан цахилгаан халаагуур ашиглах зэрэг зөвлөмжийг олон нийтэд түгээж буй юм байна. Уг аянтай төстэй нэгэн төслийг сэргээгдэх эрчим хүчний ENGIE болон “Ivol­unteer Mongolia” байгууллагынхан хамтран хэрэгжүүлж эхэлжээ. “Mask on-Агаарын бохирдлоос эрүүл мэндээ хамгаалах эхний алхам” нэртэй уг төслийн хүрээнд “Амны хаалт зүүгээрэй” гэж олон нийтэд уриалж буй.

Улаанбаатарын утаа иргэдийн, ялангуяа эх, хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ураг зулбах, төрөлхийн гажигтай хүүхэд төрөх эрсдэлийг нэмэгдүүлдэг болох нь олон улсын болон манай эрдэмтдийн хийсэн судалгааны дүнгээр тодорхой болсон. Яг одоогоор иргэд өөрсдийгөө хамгаалж, амны хаалт зүүх нь утаанаас хамгаалах хамгийн зөв шийдэл нь болчихоод байгаа учир тэд ийм уриалга гаргаж, бохирдол ихтэй бүс дэх жирэмсэн эхчүүдэд шүүлтүүртэй маск тараажээ.

Мөн энэ ажлын хүрээнд, утааны хор хөнөөлийг илэрхийлэн харуулах бүтээлийн уралдаан зарлажээ. Уралдаанд оролцогч эсээ бичих, зураг зурах, дүрс бичлэг хийх зэрэг аргаар санаагаа илэрхийлэх бөгөөд “Ivolunteer Mongolia” байгууллагын цахим хуудсанд нийтлэх ёстой аж. Энэ сарын 13- нд уралдааны дүнг гаргаж, эхний хоёр байрын эзнийг агаар цэвэршүүлэгч төхөөрөмжөөр шагнах гэнэ.

Гэр хорооллын хүрээг тэлэхгүй

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өчигдөр хуралдаж, “Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлгээс (өнгөрсөн сарын 27-нд болсон) гаргасан зөвлөмжийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Монгол Улс агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөргүй. Тиймээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар үндэсний хөтөлбөр боловсруулахаар болжээ. Цаашид салбарын яам болон нийслэлийн ЗДТГ хамтран нийслэлийн гэр хорооллыг тэлэхгүй байх бодлого баримтлах гэнэ.

Үүнээс гадна шахмал түлш, боловсруулсан түлшийг гэр хороололд хямд өртгөөр нийлүүлэх ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Тэгвэл дунд хугацаанд айл өрхийг цахилгаанаар халаах арга хэмжээ авахаар төлөвлөжээ. Харин урт хугацаанд гэр хорооллын айл өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх гэнэ. Энэ мэт асуудлыг тусгасан зөвлөмжийн дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг баталлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)