Утаа бууруулах хөрөнгөөр БОАЖЯ-ныхан шинэ жил тэмдэглэхээр агаар цэвэрших нь үлгэр

Г.Равжаа

Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдол хэрээс хэтэрч, жил бүр асар их хэмжээний хөрөнгө зарцуулж утаатай тэмцдэг ч үр дүнд хүрсэнгүй. Утаа гамшгийн хэмжээнд хүрч, олон хүн агаарын бохирдлоос болж эрүүл мэндээрээ хохирч байгаа билээ. Гэтэл эрх мэдэлтнүүд агаарын бохирдол бууруулах хөрөнгөөс завшиж, шамшигдуулан, өөрсдийн хэтэвчээ зузаалж, үнэтэй тансаг гутал хувцас, байр орон сууц, үл хөдлөх хөрөнгө болгосон тохиолдол нэг бус удаа гарч, хууль хяналтын байгууллагынхан шалгаж шийдвэрлэж байсан. Харамсалтай нь МАН ч бай, АН-ын ч харьяалал тай ялгаагүй, эрх мэдэлд хүрсэн албан тушаалтнууд утаа бууруулах хөрөнгөөс завшсан хэрэг гарч, өдгөө ч АТГ-ынхан шалгаж буй юм.

Халуун зунаар утаа, шинэ жил бичлээ гэж уншигч та бүү бодоорой. Жилийн дөрвөн улиралтай Монгол оронд минь зун, намрын налгар цаг үргэлжилж, найр наадам хавтгайрч буй ч гур ван сар гаруйхны дараа хөхүүрийн ам цаашилж, хүйтний ам наашлах нь гарцаагүй. Энэ үед амтай болгон нь олон нийтийн сүлжээнд ч, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч өнөөх улиг болсон утаагаа харааж, төр засагт гомдоллох нь тодорхой шүү дээ. 2012-2016 оны Засгийн газрын үед эрх бүхий албан тушаал хашиж байсан хүмүүсийг “Нүүрс” хөтөлбөр, “Цэвэр агаар” сангийн хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэрэгт ял шийтгэж, тухайн үедээ дуулиан болж байлаа. 

Улаанбаатарын утааг бууруулах чиглэлээр төр засгаас сүүлийн 10 жилд хэрэгжүүлсэн олон төсөл, хөтөлбөрт татвар төлөгч, гадаадын хандивлагчдын зээл, тусламжаас ойролцоогоор нэг их наяд төгрөг зарцуулсан гэсэн албан бус тооцоо бий. Утаа буурч, уушгины өвчлөл багасвал багасахаар хөрөнгө зарцуулсан ч бахь л байдгаараа байгаа шүү дээ.

Бидэнд олдсон мэдээллээр, АТГ-ынхан БОАЖЯ-ны эрх бүхий албан тушаалтнуудыг утаа бууруулах хөрөнгөөс завшиж, үрэгдүүлсэн гэх үндэслэлээр шалгаж буй агаад сайдаасаа авхуулаад Төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нь хүртэл холбогдсон гэнэ. Өнгөрсөн өвөл БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдавааг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль тогтоомж зөрчин, бусдад давуу байдал олгосны улмаас улсын төсөвт нэг тэрбум 950 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгаж эхэлсэн ч өдгөө хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй таг болсон. Уг хэрэгт тухайн үеийн салбарын сайд асан, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг яллагдагчаар татах санал гаргасан ч прокурор нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаас хойш хэрхсэн нь тодорхойгүй байгаа. 

Тэднийг эрх мэдлээ урвуулж, Төсвийн, Барилгын, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн хэмээн буруутгаж байсан бөгөөд дээрх хуулийн холбогдох заалтыг зөрчиж “Гранд повер” гэх компанид давуу байдал олгосноос улсад дээрх хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж байв. “Гранд повер” гэх компани нь нүүрснээс хий гаргах өөрийн үйлдвэргүй атлаа Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн халаалтын зуухыг хийгээр ажилладаг болгох гэрээ байгуулсан байдаг. Ажлаа хийгээгүй байхад нь улсын төсвийн хөрөнгөөр тус ангийг төвлөрсөн халаалтад холбосон билээ.

Тэгвэл АТГ-ынхан энэ хэргээс гадна утаа бууруулах хөрөнгөөс завшиж БОАЖЯ-ныхан шинэ жилээ тэмдэглэсэн хэргийг шалгаж буй юм байна. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэлийн тушаалаар 30-аад сая төгрөгийг 4-5 удаагийн гүйлгээгээр гаргаж яамныхаа ажилтнуудын шинэ жилийг тэмдэглэн, шагнаж урамшуулсан байна. Ингэхдээ хамгийн багадаа зургаа, түүнээс дээш сая төгрөгийн гүйлгээгээр шинэ жилийн төсвөө утаа бууруулах хөрөнгөөс бүрдүүл сэн буй гэнэ. Уг нь төсвийн хөрөнгөөр шинэ жил тэмдэглүүлэхгүй байх шийдвэр гаргадаг ч БОАЖЯ-ныхан энэ мэтээр төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан асуудлыг өдгөө хууль сахиулах байгууллагынхан шалгаж хараахан дуусаагүй аж. Хэдийгээр 30 сая төгрөг Агаарын бохирдлыг бууруулах сангийн хөрөнгийн өчүүхэн хэсэг мэт боловч хууль журам зөрчсөн нь ёс зүйгүй үйлдэл шүү дээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)