Устай улс дэлхийн бодлогыг тодорхойлно

2025 он. Дэлхийн саятнууд нэг тэрбумд хүрэх нь. Чухам тэр үеэс ус дэлхийн бодлогыг тодорхойлж, нефть бүтээгдэхүүнтэй дүйцэхүйц хэмжээтэй үнэлэгдэнэ. 15 жилийн дараа гэхэд дэлхийн хүн төрөлхтөний гуравны хоёр нь цэвэр усны дутагдалд орж эхэлнэ. Өнөөдрийн байдлаар гэхэд манай гаргийн гурван тэрбум орчим хүн усаар хэдийн гачигдаж эхэлсэн.

2050 он. Дэлхийн нийт хүн амын тоо 9.2 тэрбумд хүрнэ. Тэр үед хүн төрөлхтний өмнө хоол хүнсний хангамж, нөөц, эрүүл ахуй, аюулгүй байдлын асуудал дээд цэгтээ тулна. Үүнийг дагаад цэвэр усны хомсдол цэнхэр гаргийг бүхэлд нь нөмөрч, байгалийн гамшиг, цөлжилт, сүйрэл хаа сайгүй нүүрлэнэ.

2080 он. Африк тивийн хүн ам 70 дахин өснө. Тодорхой хэлбэл, нэг тэрбумаас 70 тэрбумд хүрнэ гэсэн үг. Биологийн занал хийллийн аюул газар авна. Ус, ургамал, хөрс, газар шороо гээд амьд байгалийн төлөөх тэмцлийн дайн дэлхийн улс орнуудын дунд хүчээ авч, бүр дээд цэгтээ хүрнэ. Төсөөлөх нь бүү хэл, уншихад ч аймаар тоо баримт, таамаг зөгнөлийн зах зухаас тоочвол ийм байна.

НҮБ-аас 2010 онд гаргасан илтгэлд ундны усны хомсдолыг “2025 оноос эхэлнэ” гэж тооцсон байсан билээ. Гэвч ердөө нэг жилийн дараа Номхон далайд орших арлын улсууд ундны усны нөөцгүй болсноо зарлаж эхэлсэн байдаг. Шинэ Зеландын ойролцоо орших Тувалу, Токелау хэмээх хоёр улс 2011 оны аравдугаар сард ундны усны хомсдлоос үүдэн онцгой байдал зарласан юм. Ийнхүү арал улсаар “түүчээлсэн” ундны усны хямрал цаашдаа томоохон хотуудаар үргэлжилж, хотууд эзгүйдэх төлөв ажиглагдаж эхэллээ.

XXI зуунд ус дэлхийн бодлогыг тодорхойлох байгалийн бүтээгдэхүүн болно гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн. Дэлхийн улс орнууд алт эрдэнэсийн сангаа, валютаа өсгөхөөс илүүтэй усныхаа нөөцийг нэмэгдүүлэхэд, хайрлаж гамнаж, хамгаалахад онцгой анхаарч байна. Ус гэдэг улс орны үндэсний аюулгүй байдалтай, орших, эс оршин тогтнохтой нь холбоотой болохоор тэр.

Монгол орны усны нөөцийн 90 гаруй хувийг байгалийн эргэлтийн нөлөөгөөр түргэн нөхөгдөн сэргэдэг гадаргын ус эзэлдэг. Харин манай усны нийт нөөцийн 1.96 хувь нь газрын доор бий. Энэ нөөцөөс төв суурин газрын усны хэрэглээний 80-90 хувийг хангаж байна. Тухайн улс орны хувьд усныхаа нөөцийг нарийвчлан тогтоож, үүн дээрээ үндэслэн ашиглах, хамгаалах асуудлаа төрийн бодлогоор зохицуулах учиртай. Харин энэ тал дээр Монгол Улс туйлын хангалтгүй дүнтэй.

Хүн төрөлхтний талаас илүү хувь нь сууршдаг, томоохон гол мөрөнгийн бараг дөчөөд хувийг “атгасан” Ази тив усны гачаалд орж эхлэв. Угтаа энэ нь цэнхэр гаргийн цэвэр усны хомсдол хурцаар тавигдах болсны гол баталгаа юм. Түүнчлэн дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан Төв, Өмнөд, Зүүн ба Зүүн өмнөд Азийн бүс нутагт, ялангуяа томоохон голуудын цэнгэг усны хүрэлцээ багасна гэж судлаачид тооцоод байна. Хар мэдээ үүгээр дуусахгүй ээ. Дэлхийн дулааралтай холбоотой усны нөөцийн өөрчлөлтийн улмаас үер, гантай холбоотой суулга өвчнөөс шалтгаалсан өвчлөлт, нас баралт Зүүн, Өмнөд, Зүүн өмнөд Азид өсөх хандлагатай байна. Эрэг орчмын усны температурын хэмжээ нэмэгдсэнээс Өмнөд Азид холерийн тархалт, хор хөнөөл улам ихсэх түгшүүр давхар бий.

ӨАБНУ-ын нийслэл Кейптаун хот ундны усны хомсдолоос болж, цаашид өргөжин хөгжих ямар ч боломжгүй болжээ. Орон нутгийн захиргаа хотын иргэддээ энэ талаар хангалттай ухуулга сурталчилгаа хийдэг учир кейптаунчууд хэмнэлтийн горимдоо аль хэдийнэ дассан байна. Харин гаднаас ирж байгаа жуулчид хайран усыг нь хамаагүй хэрэглэчих гээд байдаг учир ариг гамтай хэрэглэхийг сануулсан анхааруулгыг хаа сайгүй хаджээ. Усны хомсдол, түүнээс үүдэн гарах хүндрэл бэрхшээлүүдийг хэдийн амсаад эхэлсэн Бразил, Энэтхэг, Хятад, ӨАБНУ гэсэн дөрвөн оронд судалгаа хийжээ. Уг судалгаагаар эдгээр орон 2030 он хүртэл усны хэрэгцээгээ хангахад жилд нийт тус бүр 19 тэрбум ам.доллар зарцуулах шаардлагатай гэсэн тооцоо гарсан байна. Хэрвээ ундны усны хэрэглээг дорвитой бууруулахгүй бол дөрөв дахин их зардал буюу жилд 200 тэрбум хүртэл ам.доллар шаардагдана хэмээн анхааруулжээ. Усаа хэмнэх талд АНУ дэлхийд сайны жишгийг тогтоож эхэлсэн. Тус улсын усны ахуйн хэрэглээ өнгөрсөн 30-аад жил 10 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Энэ нь ахуйн болон газар тариалангийн усалгаа, үйлдвэрлэлд шинэ технологи нэвтрүүлсэнтэй холбоотой аж.

Усны нөөцөөс улбаатай мөргөлдөөн 2000 оны эхний есөн жилд 94 байсан бол сүүлийн есөн жилд 263 болж нэмэгдсэн байна. Монголд ч ялгаагүй бэлчээр, усаа булаалдсан хэрүүл тэмцэл сүүлийн жилүүдэд тасрахаа байв. Усаа харамласан малчид өөр хоорондоо тэмцэлдэж, бие биенийхээ аминд хүрсэн жишээ цөөнгүй дуулдах боллоо. Энэ бол Монгол оронд усны нөөцийн хомсдол бодитоор нүүрлэж эхэлсний баталгаа.

Гуравдугаар сарын 22. Дэлхийн усны өдрийг “Цэнгэг ус тэгш хүртээмж” уриан доор маргааш дэлхий дахинаа тэмдэглэнэ. 1992 оноос хойш жил бүр ач холбогдол өгөн тэмдэглэх болсон уг өдрийн гол зорилго нь цэвэр ус болон усан хангамж, нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, экологийн боловсрол олгож, сурталчлан таниулахад оршдог юм.

Бэлтгэсэн: Ц.Цэвээнхэрлэн

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА

Усны тоолуур ашигласнаар өрхийн хэрэглээг 30-40 хувь бууруулсан

Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг Улаанбаатарын иргэд усаа хэмнэж чадаж байгаа, эсэхийг сурвалжиллаа. Айл, өрхүүдээс гадна албан байгууллага, үйлдвэрүүд цэвэр ус ихээр ашигладаг. Ялангуяа авто угаалгын газар, ундаа, ус үйлдвэрлэгч байгууллагуудын цэвэр усны хэрэглээ бусдынхаас хэд дахин илүү. Тиймээс дээрх газрууд усаа хэрхэн хэмнэж буйг сонирхсон юм.

Эхний очсон газар бол Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн замын хойно байрлах “Талст” авто угаалгын газар. Бусдаасаа арай том болох нь хаяг, чимэглэлээс нь л анзаарагдав. 5-6 автомашин зэрэг үйлчлүүлэх талбайтай, тэр хэрээр олон ажилтантай. Талбайн дундуур бохир ус гадагшлуулах хоёр хоолой байрлуулжээ. Тус угаалгын газар нь өнгөрсөн есдүгээр сараас саарал ус ашиглаж эхэлсэн аж. Менежер Д.Очхүү “Манай байгууллага өнгөрсөн есдүгээр сараас бохир усыг 50-60 хувь цэвэршүүлдэг төхөөрөмж ажиллуулж эхэлсэн. Удахгүй 98 хувь цэвэршүүлдэг төхөөрөмж авахаар зэхэж байна. Цэвэршүүлж, дахин ашигладаг болсноор цэвэр усны хэрэглээгээ 50 хувь бууруулсан. Нэг автомашиныг хэмжээ болон бохирдлоос нь шалтгаалж 30-100 литр усаар угаана. 98 хувь цэвэршүүлдэг төхөөрөмжтэй болбол цэвэр усыг 90 хувь хэмнэж болно” гэв.

Баянгол дүүрэг, “Модны хоёр”- ын зам дагуух авто угаалгын газарт ороход дээрх шиг олон ажилтангүйгээс гадна угаалгаж буй автомашин ч цөөхөн байв. Эзэн нь өөрөө бүх үйлчилгээгээ хийдэг гэнэ. Тэрбээр “Манайх сард 50-60 шоо метр ус хэрэглэдэг. Харин өдөр тутам хэрэглэдэг усаа хянадаггүй” гэлээ. Мөн бохир усаа цэвэршүүлж, дахин ашиглах, хэмнэх талаар ямар нэгэн ажил хийгээгүй байна гэсэн юм. Тэндээс холгүй “Гандан” авто угаалгын газарт мөн л дээрх шиг дүр зураг ажиглагдав. Тус авто угаалгын газар нь өдөрт 7-15 автомашинд үйлчилдэг бөгөөд усны төлбөрт сард 100- 110 мянган төгрөг төлдөг гэлээ. Тус газрынхан ус дахин ашиглах талаар сонссон ч дорвитой ажил хийж чадахгүй байгаагаа учирлав.

Харин манай улсын томоохон үйлдвэрийн нэг “М Си Эс кока кола” компани бохир ус цэвэршүүлэх ажил хийсэн анхдагч байгууллага гэнэ. SBR буюу биореактор технологийг 2010 онд ашиглалтад оруулсан бөгөөд хоногт 2000 тонн ус цэвэршүүлэх хүчин чадалтай юм байна. Бохир ус цэвэршүүлэх байгууламжтай болсноор нийслэлийн Хот тохижилтын газартай хамтран ажиллаж, хотын төв талбай, гудамжуудын авто зам, зүлэг ногоо услахад ашигладаг. Түүнчлэн компанийнхаа ногоон байгууламжийг услахын зэрэгцээ ахуйн бохироо зайлуулах зорилгоор жорлонгийн саванд хийдэг аж. Ингэснээр 2015-2018 онд нийслэлийн Хот тохижилтын газарт гэхэд л 24 000 тонн ус нийлүүлсэн байна. “М Си Эс кока кола” компани 2005 онд нэг литр ундаа үйлдвэрлэхэд 5.1 литр ус хэрэглэж байсан бол одоо 1.8 литр болгож багасгажээ. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй компаниудын ихэнх нь цэвэр ус хэмнэх ажилд төдийлөн санаа тавьдаггүй.

Харин иргэдийн усны нийт хэрэглээ ямар байгаа талаар Ус сувгийн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ц.Баянзулаас тодруулахад “Манай байгууллага 1.3 сая иргэнийг цэвэр усаар хангадаг. 1995 оноос усны тоолуур ашиглаж эхэлснээр орон сууцанд амьдардаг иргэдийн усны хэрэглээ эрс багассан. Тодруулбал, тухайн үед орон сууцанд амьдардаг нэг иргэн хоногт 420-450 литр ус хэрэглэдэг тооцоо гарсан. Харин 1995 оноос хойш усны тоолуурыг үе шаттай суурилуулснаар өрхийн усны хэрэглээ 30-40 хувь буурсныг БНСУ-ын “Daelyu industry” компанийн ус хэмжигч төхөөрөмжөөр шалгаж, баталсан. Орон сууцны оршин суугчид шөнийн 00.00-06.00 цагт хэрэглэсэн ус нийт хэрэглээний 15 хувийг эзэлдэг. Үүний дийлэнх нь бодит хэрэглээ биш бөгөөд хуучирсан сантехникийн хэрэгслийн алдагдлаас болж үүсэж байгааг тогтоосон” гэлээ.

Бэлтгэсэн: Ж.Уранмандал

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Л.ЭРДЭНЭБУЛГАН: Газар доорх ус нөхөн сэргэддэггүй, сэлбэгддэггүй гэж ярьдаг ч тийм биш

Монгол орны усны нөөц, ашиглалтын талаар БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулгантай ярилцлаа.

-Манай орны усны нөөц, ашиглалтын байдал ямар түвшинд байна вэ. Усны нөөцөө хамгаалахад ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?

-Дэлхийн жишгийн дагуу усны нөөцийг сав газраар нь хамгаалах бодлого баримталж байна. Монгол Улсын нийт газар нутгийг 29 сав газарт хуваадаг. Сав газарт хуваана гэдэг нь урсац бүрдэх эх, ус тэжээгдэх хил заагийг хүрээллээр нь ангилна гэсэн үг. Дээрх газруудад 21 захиргаа ажиллаж Усны болон Байгаль орчны тухай хууль тогтоомж, тоо бүртгэл явуулах зэрэг бүх үйл ажиллагааг хянаж байна.

-Монгол орны усны нөөц шавхагдаж байна гэсэн янз бүрийн мэдээлэл бий. Хэр баталгаатай бол?

-Жилд хуримтлагдан бий болдог нөөц гэж бий. Манай улсын хэмжээнд 564.8 шоо км ус жил бүр дахин хуримтлагдсаар байдаг. Нөөц дууслаа гэх мэдээлэл ямар үндэслэлтэйг мэдэхгүй. Цэвэр усны 1.9 хувь буюу 10.8 шоо км нь газрын доорх ус. Энэ нь шар болон хур борооны усаар тэжээгддэг. Үүнийг нөхөн сэргээгдэх нөөц гэнэ.

-Жил бүр хэдэн зуун гол, горхи ширгэлээ гэх мэдээ чих дэлсдэг. Ер нь гол, горхи ширгэхээс хэрхэн хамгаалдаг вэ?

-Энгийн болон онцгой хамгаалалтын бүс гэж байгаа. Тэнд олборлолт хийх, үйл ажиллагаа явуулахыг хориглодог. Түүнчлэн урт нэртэй хуулиар тухайн усны, ойн сав бүхий газрыг хамгаалсаар байна. Газрын доорх ус нөхөн сэргэдэггүй, сэлбэгддэггүй гэж ярьдаг ч тийм биш. Нөөцийг нь тогтоосон 360 гаруй ордын усыг зөвшөөрөгдөх хэмжээнд авч ашиглахад 25 жилийн дараа нөхөн сэргэх боломжтой байхаар зохицуулдаг. Тэдгээр орд газрын доорх усыг хянах шинжилгээний 225 сүлжээ байгуулсан. Энэ сүлжээ усны нөөц ямар хэмжээгээр буурч байгааг илтгэдэг юм. Мөн тус сүлжээгээр гүний худаг ашигладаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг хянах боломж бүрдүүлсэн.

-Борооны ус нөөцлөх, хаягдал усаа дахин ашиглах талаар олон жил ярилаа. Энэ ажил ямар шатандаа байна вэ?

-Хаягдал ус дахин ашиглах чиглэлээр стандартгүй байв. Манай яамны зүгээс хаягдал ус дахин ашиглах, цэвэр усны стандартыг өнгөрсөн онд баталсан. Үүний дагуу холбогдох ажлууд хийж байгаа.

Бэлтгэсэн: Г.Баясгалан

“ӨНӨӨДӨР”-ИЙН АСУУЛТ

-Та хэрэглээний усаа хэрхэн хэмнэдэг вэ?

Б.БАТЧИМЭГ (Баянзүрх дүүрэг XIV хороо):

-Манайх орон сууцанд ороод удаагүй. Гэр хороололд байхад ус зөөх, угаалга хийх нь нэлээд хэцүү ажил байсан тул усаа хэмнэх нь дадал болжээ. Нойтон цэвэрлэгээ хийсэн усаа дахин ашигладаг. Аягаа угаахдаа саванд ус тосон угааж, зайлдаг. Хагас автомат угаалгын машин хэрэглэдэг тул хувцас угаахдаа усыг боломжийн хэрээр хэмнэдэг. Ер нь ус гэлтгүй бүх зүйлийг хэмнэж, үргүй зардал гаргахаас сэргийлдэг арвич зантай, би. Ус, цахилгаанаа хэмнэх нь гэр бүлийн санхүүд нэмэр болохоос гадна байгаль дэлхийгээ хайрлаж буй хэлбэр гэж хүүхдүүддээ ойлгуулдаг. Харин манайх нэлээд олон цэцэгтэй тул тэдгээрийг тарьж, арчлахад ус хайрлахгүй юм даа.

Б.УРАНЦЭЦЭГ (Баянгол дүүрэг XVIII хороо):

-Аль болох усаа хэмнэхийг боддог ч төдийлөн чадахгүй байна. Манайх 60 орчим ам метр талбайтай орон сууцанд дөрвүүлээ амьдардаг. Усны төлбөр сард 50 000-60 000 төгрөг гарах юм. Манайхтай адилхан талбайтай зарим айл 20 000-30 000 төгрөг төлдөг гэсэн. Тэгэхээр манайх ус их хэрэглэж байна гэсэн үг. Автомат угаалгын машинтайгаас шалтгаалдаг болов уу. Тиймээс хувцсаа аль болох олноор, төрөлжүүлж угаадаг. Тосгуурынхаа нүхийг бөглөж, ус тосож аягаа угаадаг. Зарим айл ус буцалгагч дахь хөрсөн усыг дахин буцалгах нь эрүүл мэндэд муу хэмээн цэцэг услах, нүүр угаах зэрэгт ашигладаг бол манайх тэгдэггүй. Ус, цахилгаанаа хэмнэх санаатай ахин буцалгаад л уучихдаг. Ер нь орон сууцныханд усны тоолуур тавьсан нь их чухал зүйл болсон. Дэмий үрсэн усныхаа төлбөрт мөнгө зарлагадахыг ойлгуулсан.

Н.ОЮУНБИЛЭГ (Баянзүрх дүүргийн XXI хороо):

-Манайх нийтийн байранд амьдардаг. Байрны түрээсийн төлбөрт ус, цахилгааны мөнгө багтчихдаг тул ус хэр зарцуулдгаа хянаж, тооцдоггүй. Гэсэн ч усаа хэмнэхийг л хичээдэг. Мөн цоргоноос ус гоожуулж юм угаахаас зайлсхийдэг. Угаалгын машингүй, хувцсаа гараар угаадаг тул аль болох бага ус зарцуулахыг хичээдэг. Харин шалаа угаахдаа хувцас угаасан усаа ашигладаггүй. Тэр бол ариун цэврийн хувьд байж боломгүй зүйл.

Ц.УРАНЧИМЭГ (Сүхбаатар дүүрэг XX хороо):

-Гэр хороолололд амьдрахад хамгийн хэцүү асуудал бол ус зөөх. Манай гэр худгаас нэлээд зайтай. Машинаар явж усаа авдаг. 2-3 хоноод 100 гаруй литр ус авчирдаг. Тэгэхээр зургаан ам бүлтэй айл өдөрт 30-50 литр ус зарцуулж байгаа хэрэг.

Заримдаа усаа авах завгүйгээс ганц, хоёр хоноход зургаан хүн өдөрт 10 орчим литрийг хэрэглэх нь ч бий. Тиймээс усаа хэмнэхийг хичээн хувцсаа угаасан усаар шалаа цэвэрлэдэг. Саванд ус халааж аягаа угаадаг. Усаа холоос зөөдөг, мөн хангалттай нөөцлөх боломжгүй тул сайн хэмнэдэг.

А.АЗЖАРГАЛ (Чингэлтэй дүүрэг XIX хороо):

-Манайх хувийн байшинд амьдардаг, гүний худгаас хэрэглээний усаа шийдсэн. Гэхдээ бойлуураа дүүргэхийн тулд шахуурга ажиллуулдаг. Энэ тохиолдолд их хэмжээний цахилгаан зарцуулдаг. Тиймээс усаа хэмнэхийг чухалчилдаг. Аль болох шүршүүрт усанд ордог болсон. Хүүхдүүд шүдээ угаахдаа ус урсгахгүй байгаасай гээд, бас сонирхолтой байлгах үүднээс өнгө өнгийн шилэн аяга авч өгсөн. Хагас автомат угаалгын машинтай тул хувцас зайлсан усаараа шалаа угаачихдаг. Аягаа угаахдаа саванд ус тосож хэрэглэнэ. Гүний худгийн маань усны түвшин жил ирэх бүр доошилж, удаан хугацаагаар хэрэглэхгүй байж байгаад шахуурга ажиллуулахад булингартай гардаг болсон. Энэ нь газрын гүний усны хэмжээ багасаж буйтай холбоотой болов уу.

ДЭЛХИЙН ЖИШИГ

Сомали улс усны хомсдолд хамгийн их өртжээ

НҮБ-ын тодорхойлсноор нэг хүнд жилд 1700 шоо метрээс бага ус ногдож байвал тухайн улсыг усны хомсдолд орсон орон гэж үздэг байна. Тус байгууллагын Ерөнхий ассамблейгаас баталсан тогтоолд “2030 он хүртэл усны менежментийг тогтвортой байлгах, эрүүл ахуйг сайжруулахад анхаарлаа хандуулна” гэж тусгажээ. Гэвч зарим орон үүнээс өмнө усны хомсдолд орох эрсдэлтэй тулгараад буй. Тухайлбал, усны хомсдол болон бохирдлоос үүдэлтэй нас баралтаар дэлхийд толгой цохидог египетчүүд 2025 он гэхэд цэвэр усгүй шахам болно гэж BBC агентлаг мэдээлэв. Хамгийн олон хүн амтай Энэтхэгийн Карнатака мужийн Бангалор хотод ч усны хомсдол нүүрлэжээ. Тус хот орчмын нуурын усны 85 хувь нь хэт бохир гэж мэргэжлийн байгууллагаас дүгнэсэн учир усжуулалт болон аж үйлдвэрийн хөргөлтийн системд л ашиглахыг зөвшөөрчээ. Өөрөөр хэлбэл, бохирдол ихтэй учраас нуурын усанд орж, ахуйн хэрэглээнд ашиглахыг хориглодог аж.

Урд хөршийн нийслэл Бээжин хотод газрын гадаргын усан хангамжийн 40 хувийг хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт ч ашиглах боломжгүй болсныг 2015 онд зарласан. Тиймээс тус улсын Засгийн газар хог хаягдал бууруулах, хүн амаа соён гэгээрүүлэх, аж үйлдвэрийн томоохон үйлдвэрүүдэд усны үнэ нэмэх зэргээр нөөцөө хамгаалж байна. Их Британийн нийслэл Лондон хотод ч байдал сайнгүй. Жилд дунджаар 600 мм хур тунадас ордог тус хотынхон хэрэглээний усныхаа 80 хувийг газрын гадаргаас хангадаг. Лондон хотын засаг захиргааныхны мэдээлснээр, 2040 он гэхэд усны хомсдол эрс нэмэгдэх төлөвтэй.

Хомсдол үүсэж буйн шалтгааныг аж үйлдвэржилт, хэт их хэрэглээ зэрэг олон хүчин зүйлээс үүдэлтэй гэж эрдэмтэд үздэг. Үүнээс сэргийлэхийн тулд борооны ус цуглуулах, гадаргын усны хэрэглээг бууруулах зэрэг арга хэмжээ авч буй Япон улсын туршлага бий. Харин финландчууд усны нөөцийг тогтвортой ашиглаж, дэвшилт технологи нэвтрүүлэн, тэнцвэрт байдлыг нь хангах талаар хил дамнасан хэд хэдэн хэлэлцээр байгуулснаар усны “дипломат алба”-нд анхдагч болжээ. 2030 он гэхэд тус улс усны шинэ стратегиа тодорхойлох зорилт тавьсан аж. Усны хомсдолд хамгийн их өртсөн 10 орныг 2019 оны байдлаар нэрлэснийг trendrr.net цахим хуудсанд мэдээлснээр, нэгдүгээрт Сомали улс орсон бол аравдугаарт Афганистан бичигдсэн байна.

Харин Бразил, Канад зэрэг орон цэвэр усны нөөцөөрөө тэргүүлдэг юм байна.

Газар дундын тэнгисийн орнууд дахь хэмжилтийн станцын мэргэжилтнүүд дэлхийн нийт усны нөөцийг 43 750 шоо км жил гэж тогтоосон байна. Дэлхийн нийт цэвэр усны нөөцийн 45 хувийг АНУ эзэлдэг бол Ази 28, Европ 15.5, Африк есөн хувийг эзэлж байна.

Тив бүрт ногдох нөөцийн хувьд Америкт 24 000, Европ 9300, Африк 5000, Ази 3400 шоо метр жил гэж мэргэжилтнүүд тооцжээ.

Бэлгэсэн: Г.Жавхлан

Усны шагналтан тодров

Энэ оны Стокхолмын Усны шагналын эзнээр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын эрдэмтэн Жеки Кинг тодорчээ. Дэлхийн гол мөрний менежментэд асар их хувь нэмэр оруулсан учир тэрбээр эл нэр хүндтэй шагналын эзэн болсныг Стокхолмын олон улсын усны хүрээлэнгээс мэдээлсэн байна. Тэрбээр Кейптауны их сургуулийн шинжлэх ухааны ажилтан байхдаа уг аргыг боловсруулах ажлыг ахалсан бөгөөд судалгааны ажлыг нь ӨАБНУ-ын Усны судалгааны комисс санхүүжүүлжээ.

Стокхолмын Усны шагналыг усны нөөцийг хамгаалахад хувь нэмэр оруулсан судлаачид 1991 оноос хойш жил бүр олгож байна. Шагналыг 150 мянган ам.доллар, болор баримал, диплом дагалддаг. Шагнал гардуулах ёслол энэ оны наймдугаар сарын 28-нд эхлэх Олон улсын усны долоо хоногийн үеэр Стокхолм хотод болно.

Бэлтгэсэн: З.Гал


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)