Усны үнийг нэмлээ

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн айл өрх, аж ахуйн нэгжийн хэрэглээний усны үнийг нэмэх шийдвэр гаргаснаа мэдээллээ. Айл өрхийн ахуйн хэрэглээний, нэг литр цэвэр усны өртгийг өмнөхөөс есөн мөнгөөр нэмж, 71 болгожээ. 

Түүнчлэн бохир ус татан зайлуулах өртөг литр тутамд 47 мөнгө байсныг 58-д хүргэсэн аж. Аж ахуйн нэгж, байгууллагын хэрэглээний цэвэр усны үнийг 18, бохирынхыг нь 20 мөнгөөр өсгөжээ. Уг шийдвэрээ ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэх юм байна. Үүнээс гадна Налайх дүүргийн айл өрхийн хэрэглээний усны үнийг 10 мөнгөөр нэмсэнээр цэвэр усны үнэ (нэг литр) 58, бохир усных 36 мөнгө болжээ.

Ташрамд дурдахад, үүнээс өмнө 2018 оны гуравдугаар сарын 30-нд усны үнийг нэмж байжээ. Валютын ханш, инфляц, цахилгааны тарифын өсөлт зэргээс шалтгаалан цэнхэр “алт”-ны өртгийг зайлшгүй өсгөх шаардлага тулгарсныг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийнхөн онцолсон юм. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн орон сууцны айлуудын хэрэглэх усны үнэ өмнөхөөс хэрхэн өөрчлөгдсөнийг хүснэгтэд үзүүллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)