Усны хомсдол их нүүдэл, дайн дагуулж болзошгүй

Хүн амын өсөлт, эдийн засгийн эргэлт, махны хэрэглээ манай гаргийн усны нөөц хомсдоход хүргэж болзошгүй. Усны хэт хомсдолын голомт хаа сайгүй үүсэж буй тухай АНУ-ын Вашингтон хот дахь Дэлхийн нөөц баялгийн хүрээлэнгээс мэдээллээ. Энэ нь мөргөлдөөн дэгдэх, хүмүүс олон саяараа дүрвэх, тэрчлэн улс төрийн байдлыг тогтворгүй болгож мэдэхийг эрдэмтэд сэрэмжлүүлж байна. Мексик, Чилиэс эхлээд Африк, Европын өмнөд хэсэг, Газар дундын тэнгис дэх жуулчны бүс хүртэлх усны хомсдолын түвшин аюултай хэмжээнд хүрчээ.

БӨМБӨРЦГИЙН АСУУДАЛ

Манай гаргийн хүн амын гуравны нэг орчим нь буюу 2.6 тэрбум хүн усны ноцтой хомсдолтой, 1.7 тэрбум нь усны аюултай хомсдолтой тулгарсныг Дэлхийн нөөц баялгийн хүрээлэнгийн мэдээлэл нотолж байна. Ойрхи Дорнодын хуурайшилттай бүс нутгийн арваад орон усны маш хурц хомсдолтой. Энэтхэгт ус хүрэлцэхгүй байгаа нь хэрэглээ болон нөөцөө хуваарилахад их хүндрэл учруулах болсон гэнэ. Энэ нь эдийн засгаа хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийн асуудлаас авхуулаад бүх салбарт хүнд тусаж болзошгүй. Дэлхийн нөөц баялгийн хүрээлэнгээс энэ онд гадаргуугийн болон гүний усны газрын зураг гаргаснаас үзвэл манай гаргийн 80 хувь нь усны маш их хомсдолд өржээ.

“Энэтхэгийн байдал үнэхээр анхаарал татаж байна” гэж судалгааг удирдан явуулсан мэргэжилтэн Рутгер Хофсте ВВС-д ярьжээ. Усны нөөцийн хомсдолын түвшнээр тус улс дэлхийд 13 дугаарт орж, 26 муж болон нутаг дэвсгэрийн есөд нь ноцтой нөхцөл байдал үүсжээ. Тэр дундаа өмнөд нутгийн Тамил Наду мужийн нийслэл Ченнаи сүүлийн үед үер, ган гачигт нэрвэгдэх болсон гэнэ. Мөн усны нөөцийн их хомсдолтой орны тоонд Пакистан, Эритрей, Туркменистан, Ботсвана багтжээ.

Усны хурц хомсдолтой Катар, Израил, Ливан, Иран, Йордан, Ливи, Кувейт, Саудын Араб, Эритрей, АНЭУ, Бахрейн, Сан-Марино, Энэтхэг, Пакистан, Туркменистан, Оман, Ботсвананд 1.7 тэрбум хүн аж төрж байна.

УС ОЛБОРЛОХ НЬ ИХЭСЖЭЭ

1961-2014 онд усны хэрэглээ 2.5 дахин нэмэгджээ. Сүүлийн 50 жилд тариалангийн усалгааны эрэлт нэмэгдэж, жил тутам ашиглаж буй усны 67 хувийг үүнд зориулдаг аж.

УУР АМЬСГАЛ БА МӨРГӨЛДӨӨН

Уур амьсгалын өөрчлөлт хэд хэдэн бүс нутгийн устай болох найдлагыг тасалж байгааг НҮБ-аас анхааруулжээ. Халуун орны бүс нутгийн агаарын температур өсөж, орох тунадасны хэмжээ тогтворгүй байдаг нь угаас хүнсний аюулгүй байдлын асуудалтай, хөгжиж буй орнууд ургац алдахад хүргэж болзошгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сэрэмжлүүлсэн байна. Цөлжилттэй тэмцэх талаарх НҮБ-ын конвенцын өнөөгийн хандлагаас үзвэл 2030 он гэхэд хуурай бүс нутгууд дахь усны хомсдол 24-700 сая хүнийг шилжин суурьшихад хүргэж мэдэх нь. Дэлхийн нөөц баялгийн хүрээлэнгээс мэдээлснээр усны хэт хомсдол манай гаргийн хэд хэдэн халуун цэгт ажиглагдсан бөгөөд энэ баялгийн төлөөх тэмцэл мөргөлдөөн гарах нэмэлт хүчин зүйл болж магадгүй. Тухайлбал, эл асуудал Израил, Ливи, Йемен, Афганистан, Сири, Иракт хамаатай аж. Дүрвэгч олноор хүлээн авч буй Йордан, Турк зэрэг улс усны хомсдолд оржээ.

Усны нөөцийн эрэлт одоогоор их биш орнууд ч ган гачгийн улмаас эмзэг болж магадгүй гэж шинжээчид үзэж байна. Жишээлбэл, Украин болон Молдовад ган гачиг нүүрлэвэл хүнд уршиг дагуулж болзошгүй.

САЙН МЭДЭЭ

Усны хомсдол нь нийгэм, эдийн засгийн хүчин зүйлүүдтэй холбоотой бүс нутгуудад эд баялгийнхаа нөөцийг үр өгөөжтэй удирдвал учрах эрсдэл багасна гэдгийг дээрх судалгааны мэдээлэл харуулжээ. Тухайлбал, Сингапурын Засгийн газрын ус хуримтлуулах болон хуваарилах “Дөрвөн гоожуур” системийг энд нэрлэж болох аж. Эл нэршил нь Сингапур импорт, далайн давснаас цэвэрлэсэн, дахин боловсруулсан усыг олон шат дамжлагатайгаар цэвэрлэх “NEWater” систем, борооны хураасан ус гэсэн дөрвөн эх үүсвэрийн ус ашиглаж буйг илтгэж байгаа юм.

Ус олборлох, нөөцөө хуваарилах салбарт тэргүүлэгчдийн эгнээнд Израил орох аж. Рутгер Хофстегийн хэлснээр Энэтхэг зэрэг усны хомсдолтой улс тулгамдсан асуудлаа шийдэхийн тулд Израилаас жишээ авч болох гэнэ. “Тухайн улсын удирдлагаас бүх зүйл шалтгаалж буй бөгөөд усны ноцтой хомсдолыг амжилттай шийдсэн жишээ манай гарагт бий” гэж эрдэмтэн Рутгер Хофсте тэмдэглэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)