Усны агентлаг хэнд ашигтай вэ

Хоёрхон жилийн дараа манай оронд хур борооны татралтын мөчлөг эхлэхийг судлаачид анхааруулсаар байна. Монголд 1575-1593 онд 18 жил хур татарч, гол, булаг, шанд ширгэн, бэлчээр хатаж, цөлжилт явагдсанаас болж 450 мянган айл өрх баруун тийш нүүдэллэсэн нь одоогийн халимагууд аж. Хамгийн сүүлд гэхэд 1996-2007 онд 11 жилийн турш үргэлжилсэн хур борооны мөчлөг татрах үед Хангайн нуруунаас эх авсан Онги, Таац, Түйн голын ус багасаж, Улаан, Таац, Бөөнцагаан, Адгийн цагаан зэрэг олон нуур, цөөрөм, баянбүрд ширгэсэн. Гэтэл манай орны нутаг дэвсгэрт унадаг нийт хур тунадасны 68 хувь нь гадагш урсаж, үлдсэн нь ууршдагийг эрдэмтэд судалгаагаараа баталсан. Өөрөөр хэлбэл, бид газрын гадаргын усыг хуримтлуулж чаддаггүй тул хур бороо татрах мөчлөгөөс үүдэлтэй эрсдэлд бэлэн биш гэхэд хилсдэхгүй.

Уг нь Усны асуудал хариуцсан агентлаг байгуулах тухай өнгөрсөн жилээс ярьсан. БОАЖЯ-ны харьяа усны асуудал хариуцсан байгууллага, УСУГ, газар цөөнгүй агентлаг байхад дахиад нэгийг байгуулж төсвийн хөрөнгөөр тоглох боломж бүрдүүллээ гэж хардах иргэд ч бий. Гэхдээ ийм агентлагтай болох нь хэрэгжүүлдэггүй хууль, тогтоомж, стандартыг албадан сахиулах, усны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын уялдааг сайжруулахад чухал ач холбогдолтой хэмээн мэргэжлийн хүмүүс дүгнэсэн. Гагцхүү өнгөрсөн хугацаанд гаргасан алдаагаа давтахгүй байх хэрэгтэйг усны салбарын мэргэжилтнүүд онцоллоо.

...Манай оронд сүүлийн арван жил усархаг, хур тунадас ихтэй үе тохиосон. Харин 2021 оноос хур бороо татрах үзэгдэл эрчимжиж, гангийн мөчлөг эхлэхийг дахин сануулъя. Тухайн үед үүл буудах зэргээр арга хэмжээ авч болох ч тэдгээр нь эргээд экологид сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэсэн. Тиймээс бэлчээрээ хамгаалж бороо, хур ихтэй үед үр цацах, булаг, шандаа хамгаалах зэрэг ажлыг одоогоос хийх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна...

Монгол Улс түүхэндээ хоёр удаа Усны аж ахуйн яам байгуулж байв. 1965 онд Усны аж ахуйн яам байгуулсан ч дөрвөн жилийн дараа татан буулгажээ. Дараа нь 1971-1981 он хүртэл ийм яамтай байсан аж. Харин 1990-ээд оноос хойш усны салбар эзэнгүйдэж байсан бол 2006 онд Усны асуудал хариуцсан газар байгуулж, 2012 оноос БАОЖЯ-ны харьяанд үйл ажиллагаа явуулж буй. Тухайн үед усны салбарт баримтлах бодлогын томоохон баримт бичгүүд гаргасан ч хэрэгжүүлж байсан чиг үүрэг нь төрийн үйлчилгээнд хамаарахгүй болсонтой холбоотойгоор Усны аж ахуйн яамыг татан буулгасан гэж судлаачид өгүүлэв. Ийм яам, агентлаг үйл ажиллагааг зөв удирдаж явуулбал чухал ач холбогдолтой гэдгийг зарим судлаач онцолдог. Тухайлбал, Сав газрын захиргааны захирал Д.Чандмань “Усны аж ахуйн яам, хэрэг эрхлэх газартай байхад Монгол орны эдийн засаг өссөн үзүүлэлттэй гардаг байсан. 1971 онд Усны яамтай байхад бэлчээр услалт дээд цэгтээ хүрч, Монгол орны нутаг дэвсгэрийн 68 хувийг усжуулдаг байжээ. Түүнийгээ дагаад газар тариалангийн салбарт ч ахиц гарч, төмс, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн хангадаг байлаа. Улаан буудай, үр тарианыхаа нөөцийг ч дотооддоо зуун хувь хангаад зогсохгүй экспортолдог байв. Энэ нь усны салбарыг хариуцсан агентлаг ажиллуулахын зэрэгцээ төрийн бодлого сайн байсантай холбоотой” гэлээ.

Яамыг татан буулгаснаас хойш 2006 онд Усны асуудал хариуцсан газар байгуулсан ч Усны тухай хуулийг шинэчлэн, Монгол орны усны нөөцийн нэгдсэн системийн төлөвлөгөө батлуулсныг эс тооцвол тодорхой үр дүнд хүрч чадаагүй гэнэ. Тиймээс эдийн засагт ч эерэг нөлөө гараагүй аж. Уг нь дээрх төлөвлөгөөнд тусгасны дагуу ажил хийсэн бол тодорхой үр дүнд хүрэх байжээ.

Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй усны хомсдол дэлхий нийтийн тулгамдсан асуудал болсон өнөө цагт хариуцсан агентлаг байгуулах нь гадаадын орнуудад хэрэгжүүлдэг сайн жишиг юм байна. Хэрэв агентлаг дахин байгуулах бол өнгөрсөн хугацаанд юу нь буруу, зөв байсныг эргэн харж, алдаагаа давтахгүй байх нь чухлыг мэргэжилтнүүд хэлж байна.

Бид өмнө нь ямар алдаа гаргаж байсныг судлаач нар дүгнэжээ. Тухайлбал, усны агентлагийг БОАЖ-ын сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулж байсан. Ус зөвхөн тус яамны бус, бүх салбарынханд хамаатай. Уул уурхайд их хэмжээгээр ус ашигладаг ч, нөхөн сэргээх нь ховор учраас түүнийг холбогдох яамныхан нь бодлогоор зохицуулах ёстой. Газрын гадаргын усаа нөөцлөх, цахилгаан станц, хиймэл нуур байгуулахад Барилга, хот байгуулалтын, Эрчим хүчний зэрэг бусад яамныхан ч анхаарал хандуулах шаардлагатай. Хэрэв холбогдох албаныхан өмнөх шигээ уялдаагүй ажиллавал үр дүнд хүрэхгүй байсаар усны агентлагийг дахиад л татан буулгах нь гарцаагүй.

Түүнчлэн 2012 онд баталсан Усны тухай хуулиа эргэж харахгүй бол агентлагийн үйл ажиллагаатай харшилдаж ч мэдэх гэнэ. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааны чиглэл зөрчилдөх учраас Усны хангамж ариутгах татуургын болон Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиа эцэг хуультайгаа холбон зангидах ёстой юм байна.

Үүнээс гадна усны агентлаг байгуулахад боловсон хүчнийг зөв сонгох асуудал чухал. Уух усгүй болбол улсын мөнгөөр “тоглосон” ч амьд явахгүйг эрх мэдэл бүхий хүмүүс анхаарах ёстойг салбарын хүмүүс анхааруулсан. Хэрэв урьдын адил мэргэжлийн бус хүмүүс ажиллавал усны салбарт ахиц гарахгүй гэнэ. Газрын доорх ус хайдаг, өрөмддөг, усан цахилгаан станц барих зэрэгт тус бүрт нь тухайн чиглэлээр мэргэшсэн хүн ажиллуулах ёстой аж.

Манай оронд сүүлийн арван жил усархаг, хур тунадас ихтэй үе тохиосон. Харин 2021 оноос хур бороо татрах үзэгдэл эрчимжиж, гангийн мөчлөг эхлэхийг дахин сануулъя. Тухайн үед үүл буудах зэргээр арга хэмжээ авч болох ч тэдгээр нь эргээд экологид сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэсэн. Тиймээс бэлчээрээ хамгаалж бороо, хур ихтэй үед үр цацах, булаг, шандаа хамгаалах зэрэг ажлыг одоогоос хийх хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Дэлхийн ихэнх оронд газрын гадаргын усны 80, гүнийхийн 20 орчим хувийг ашигладаг. Харин ядуу, буурай оронд газрын гадаргын бус, гүний усныхаа 90 орчим хувийг ахуйн хэрэгцээ, уул уурхайн салбарт ашигладаг. Монголчууд ч гэсэн гадаргын усаа ашиглаж чаддаггүй. Усны тоо бүртгэлийн өнгөрсөн оны судалгаагаар манай орны газрын гадаргын усны 1495 эх үүсвэр хатаж, ширгэсэн. Төв аймагт гэхэд газрын гадаргын усны 94 эх үүсвэр ширгэснээс ердөө 15 нь сэргэжээ. Энэ байдлаар хэчнээн гол, мөрөн, булаг шанд ширгэх бол.

БОАЖЯ-ны Усны нөөцийн хэлтсийн дарга Л.Эрдэнэбулганаас усны бодлого зангидах, агентлаг байгуулах ажил ямар шатанд буйг тодруулахад “Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, хүний буруутай үйл ажиллагаатай холбоотойгоор гол, горхи ширгэдэг. Газар тариалангийн салбар улсын усны хэрэгцээний талаас илүү хувийг ашиглаж байна. Усны нөөцийг хамгаалахад төрийн бодлого мэдээж чухал. Уг нь усны салбарын хууль эрх зүйн орчныг сайн бүрдүүлсэн гэж гадаадын судлаач нар биднийг үнэлдэг. Гэвч хуулиа хэрэгжүүлэхгүй байгаагаас усны нөөц хамгаалах ажил урагшлахгүй байна. Ус ашигласны төлбөрийн 35 хувийг ус хамгаалахад зориулахаар хуульчилсан.

Өнгөрсөн онд Улсын төсөвт ус ашигласны төлбөрт 44.6 тэрбум төгрөг төвлөрүүлсний 16.3 тэрбумыг нөөц хамгаалах ажилд зориулах ёстой байснаас ердөө 3.9 тэрбумыг л зарцуулжээ. Үлдсэнийг нь орон нутгийн удирдлага өөр зүйлд дур мэдэн зарцуулж буй нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад сөргөөр нөлөөлж байгаа гэсэн үг. Энэ нь усны салбар хариуцсан төрийн захиргааны байгууллага байхгүйтэй холбоотой” гэлээ.

Одоогоор агентлаг байгуулах хуулийн төсөл санаачилж, Сангийн болон ХЗДХ-ийн, БОАЖ-ын сайд нар үзэл баримтлалыг нь батлаад буй. Улмаар Засгийн газрын хурлаар үүнийг хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих юм байна.

Хуульд заасан хувь, хэмжээгээр авсан төлбөрийг жил бүр ус хуримтлуулан усан сан, цөөрөм, бохир ус цэвэрлэх байгууламжийн засвар, гүний усны хайгуулд зарцуулсан бол чамлахааргүй үр дүнд хүрэх байсан нь гарцаагүй. Хур тунадасны болон гадаргын ус нөөцөлж, ашигладаггүй орон дэлхийн хэмжээнд манайхаас өөр үгүй биз. Хөрш орнууд хэдэн зуун мянган усан сан барьж, цэвэр ус нөөцөлдөг. Манай улсын газар нутгийн хэмжээнээс хэд дахин бага нутаг дэвсгэртэй, арлын Японд гэхэд 17 мянган усан сан, хиймэл нуур бий аж. Гэтэл бидэнд Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дахь “Гэгээн” хэмээх хиймэл нуураас өөр усан сан байхгүй. Завхан голын усыг хуримтлуулдаг 20 км урт, 10 гаруй км өргөн тус нуурыг байгуулснаар монгол хадран, Алтайн сугас гэсэн хоёр төрлийн загас үржүүлж, усны шувууд суурьшин, мал ундаалах болсон төдийгүй цаг агаарт сайнаар нөлөөлж байна. Энэ мэт бүтээн байгуулалт олноор бий болгож, хур борооны татралтын мөчлөгөөс үүдэлтэй эрсдлээс урьдчилан сэргийлэх боломж бидэнд байна. Хамгийн гол нь ашиг хонжоо харж, усны агентлагийн үйл ажиллагаанд зарцуулах нэрээр төсвийн мөнгө идэхгүй байх нь чухал гэдгийг салбарын мэргжилтнүүд онцолж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)