Усан борооны уршиг замын эвдрэлээр хязгаарлагдахгүй

2020.06.24. Нийслэлд түр зуурын усархаг бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн I хорооллын арын зам буюу Өнөрийн гудамж, Чингэлтэйн Тасганы овоо, Баянбүрдийн тойрог, Баянголын Хасбаатарын гудамж, 28 дугаар сургуулийн урд хэсэг, Баянзүрхийн Дарь-Эхийн авто замын зорчих хэсэг усанд автаж, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болов.

2020.06.30. Хүчтэй аадрын улмаас Баянзүрх дүүргийн хоёр, 21, 27 дугаар хороонд 10-аад айл усанд автаж, авто замын зарим хэсэг эвдэрч, урсав.

2020. 07.07. 30 минут хэртэй үргэлжилсэн ширүүн бороонд Баянгол дүүргийн II хорооны нутаг дахь 25 дугаар эмийн сангаас “Өргөө” кинотеатр руу өгсөх хэсгийн зам “нүүв”. Тодруулбал, тус хэсгийн авто замын хучилт хууларч, усанд урслаа.

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс энэ зун манай орны ихэнх нутаг гантай, хур бороо багатай байна гэсэн “бүрхэг” зураглал гаргаад буй. Гэвч өнгөрсөн сарын дунд үеэс эхлэн зүүн, төвийн аймгуудын зарим нутаг, ялангуяа нийслэл Улаанбаатар борооны даллагатай мэт байх болов. Хүчтэй борооны улмаас орон нутагт томоохон голуудын усны түвшин нэмэгдсэн, зарим аймагт мал мянга мянгаараа хоргодож, иргэд алтан амиа алдсан таагүй мэдээ бий. Харин нийслэлд бороо орох бүрт авто замын хучилт хууларч, эвдрэн, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүйд хүрсэн гэх мэдээ энэ мэтчилэн (дээрх) ёс юм шиг л дуулдах аж. 15-20 минут хэртэй үргэлжилсэн бороо нийслэлчүүдийг сандаргаж, аз жаргалтай, их хотын минь бүтээн байгуулалтыг хэрхэн сүйтгэж, даажигнахыг бид сүүлийн үед хангалттай харлаа. “Улсын чанартай” гэх сүржин тодотголтой замууд улсын хамгийн чанаргүй байгууламж болохыг энэ өдрүүдэд батлав. Ерөөс энэ бороо Улаанбаатарт зохихгүй “эд” бололтой.

14 600 АМ МЕТР АВТО ЗАМ ЭВДРЭВ

Сүүлд орсон гурван удаагийн бороо нийслэлд 4.7 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ. Тодруулбал, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт 14 600 ам метр авто зам, 13 100 метр урт хашлага эвдэрч, сүйдсэн байна. Явган хүний 7300 ам метр зам ашиглахад бэрх болов. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхнаас эдгээр зам, байгууламжийн засварын ажлын явцыг тодруулахад “Дөрвөн тэрбум 762 сая төгрөгийн хохирол учирснаас 150 орчим саяыг нь Замын сангийн хөрөнгөөр шийдэж, яг одоо засвар хийж эхэлсэн. Энэ сард усархаг бороо ойрхон давтамжтай орно гэж цаг уурын байгууллагаас анхааруулж буй учир засвар, шинэчлэлийг түргэн дуусгахын тулд холбогдох байгууллагынхан уртасгасан цагаар ажиллаж байгаа. Одоогоор 1340 ам метр нүхэн эвдрэлийг засаж, 26 ам метр талбайд үүссэн асфальт бетонон хогийг цэвэрлэн, борооны 2300 тонн ус соруулсан. Борооны улмаас зөвхөн авто замд 3.9 тэрбум төгрөгийн хохирол бий болсон учраас эвдэрсэн байгууламжуудыг нэгбүрчлэн шалгаж, шалтгаан нөхцөлийг нь тодруулан, шаардлагатай тохиолдолд арга хэмжээ авах чиг үүргийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох албаныханд өгсөн” гэв.

“ГЭГЭЭНТЭН”-ИЙ УУЛЗВАР, ВОКЗАЛЫН ХОЙД ХЭСЭГ ЭРСДЭЛТЭЙ

Авто замын чанартай холбоотой жилийн жилд сөхөгддөг сэдэв бол ус зайлуулах шугам сүлжээ. Хотын дэд бүтцийн хамгийн чухал хэсэг, эрсдэлээс хамгаалах шийдэл хэмээн чухалчилдаг ийм байгууламж нийслэлд хангалттай биш ч 187 км бий. Эдгээр нь борооны болон хөрсний ус төвлөрүүлэх зориулалттай. Гэвч хог шороогоор дүүрч битүүрэх, бөглөрөх, стандартын дагуу байршуулаагүй зэргээс үүдээд энэ шугам үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрч, нийслэлийн төв хэсэг “Усанбаатар” болж хувирдаг байна. Нийслэл дэх ус зайлуулах шугам хоолойн бодит нөхцөлийг Геодези, усны барилга байгууламжийн газрын ахлах инженер С.Батсайханаас тодруулахад “Ил задгай тогтсон борооны ус харсан иргэд тухайн хэсгийн замыг шугам хоолойгүй гэж боддог. Ус газарт дусаад, шууд л алга болох ёстой юм шиг ойлгодог нь өрөөсгөл. Нэг хувингаас нөгөө рүү юүлж байгаагаас ондоо шүү дээ. Зэргэлдээх зам, талбайгаас ч тухайн хэсэг рүү ус урсаж орж ирдэг учраас ийм шугамтай газарт ч хэсэг хугацаанд тогтоол үүсэх нь бий. Энэ бүхнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Нэг үеэ бодоход үндсэн, төв замуудын ус зайлуулах шугам хоолой харьцангуй сайжирсан. Гэхдээ ийм хоолой шинээр барьж, хуучныг нь засаж сайжруулах шаардлага мэдээж бий. Энэ сарын 3, 5, 6-нд орсон борооны үеэр манай байгууллагаас зургаан бригад, 18 машин механизм, 40 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан” гэв.

Чанаргүй авто зам барьж, түүнийгээ засаж сэлбэх нэрийдлээр жил бүр төсвийн мөнгө “хийсгэдэг” явдлыг бууруулахын тулд яах ёстой вэ хэмээн түүнээс асуухад “Гүйцэтгэгч буюу замын компаниудад шаардлага тавьж, босго тогтоох хэрэгтэй. Уг нь авто зам барихдаа л ус зайлуулах шугам хоолойг давхар төлөвлөж, байгуулах ёстой юм. Гэтэл манай компаниуд хөрөнгө санхүүдээ “баригдаад” хамгийн чухал зүйл (шугам хоолой)-ийг нь орхигдуулдаг” гэсэн юм. Түүний хэлж буйгаар ойролцоох газарт нь “ус сорогч” байхгүй, нийслэлийн хамгийн эрсдэлтэй бүс бол Вокзалын хойд, “Гэгээнтэн” кинотеатрын уулзвар хэсэг гэнэ.

Ташрамд дурдахад, 2020 онд Замын сангийн хөрөнгөөр борооны ус зайлуулах шугамын өргөтгөл, засвар, шинэчлэлийн 15 төслийг хотын 11 хэсэгт хэрэгжүүлэхээр төлөвлөснийг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын ажлын төлөвлөгөөнд тусгажээ.

АЮУЛ ТЭЭГЧ БОРООНЫ УС

Юухан хээхнийг ч шүүрэн авч, сошиалд дуулиан үүсгэдэг нийслэлчүүд бороог ч трэнд сэдэв болгов. Олон нийтийн сүлжээнд “Гол явж амжихгүй байтал өөрөө ирчих үед”, “Улаанбаатар нэрээ өөрчилж “Усанбаатар”, “Урсдаг баатар” боллоо”, “Хотын төвдөө голтой болов” хэмээн маазарч, хөгжилдөх хүн бишгүй. Борооны тогтоол усанд сэлж буй хүүхдийн зургийг сошиал даяар түгээлээ. Нүүр номын найзуудын минь олонх нь тэр хүүгийн үйлдлийг өхөөрдөж, зөвтгөсөн утгатай зүйл бичсэн харагдав. Орчны, тэр дундаа хөрсний бохирдол гаарсан, гэр хорооллын 200 гаруй мянган өрхийнхөө хог хаягдал, ариун цэврийн байгууламжийн асуудлыг өнөө хэр бүрэн шийдэж дөнгөхгүй буй бидний хувьд энэ инээдэм биш, эмгэнэл. Тиймээс иргэд “Бороо бороо ороосой” хэмээн хөөрцөглөхөөсөө урьтаад борооны уснаас үүдэлтэй наад захын эрсдэлийг мэддэг, түүнээс сэргийлж чаддаг байх хэрэгтэй.

Авто зам, гудамж, талбайд тогтсон усанд сэлэх нь бүү хэл, туулахад ч хувцас, хэрэгслээр халдвар дамжих эрсдэлтэй гэдгийг НЭМҮТ-ийн Орчны эрүүл мэндийн албаны эрдэм шинжилгээний ажилтан Г.Амарбаясгалан хэллээ. Тэрбээр “Хамгийн энгийнээр бодоход л, хөрсний өнгөн хэсэгт хуримтлагдсан бүх бохир борооны устай холилдон урсах аюултай. Мал, амьтны баас, шээс, хүний нус, шүлс, цэр гэх мэт элдэв нян, халдвар үүсгэгчээр бохирлогддог учраас тогтоол усыг халдварын эх үүсвэр гэж үздэг. Үүний улмаас үүсэх хамгийн түгээмэл эмгэг бол цусан суулга зэрэг гэдэсний халдварт өвчин. Тиймээс хүүхдийг, тэр дундаа бага насныхныг борооны тогтоол усанд тоглуулахгүй байхыг зөвлөдөг. Нэн ялангуяа “Ковид-19”-ийн энэ онцгой дэглэмтэй нөхцөлд иргэд тогтоол ус аль болох туучихгүй, маскаа зүүгээрэй гэж зөвлөмөөр байна” гэв.

Борооны ус хөрсөнд шингэж алга болсон ч түүнд агуулагдах элдэв нян тоос, шороонд хадгалагдан үлдэж, салхи босох төдийд л хүссэн газраа тэнүүчилж, харшил, халдвар тараадаг. Хэдий бүрэн хувцасласан ч бохир усанд ойртуулахгүй гэсэндээ хоёр хүүхдээ ташаандаа тэврэн, замын хажууд зогсох нэгэн ээжийн зураг саяхан фэйсбүүкт түгсэн юм. Борооны ус халдвар дамжуулагч гэдгийг тэр ээж хэн хүнээс илүү мэддэг учраас үрсээ ийн хамгаалжээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)