Усайн Болтын дотнын анд олимпын мөнгөн медальт эр авто ослоор өөд болжээ

Ямайкийн нэрт гүйгч Усайн Болтын дотны анд Их Британийн өндрийн харайлтын тамирчин Жэрмайн Мэсон өнгөрсөн сард авто ослоор бурхан болжээ. Талийгаач ямайк гаралтай бөгөөд 2008 оны Бээжингийн олимпоос мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр энэ үед иргэншлээ сольж, Их Британийн нэрийн өмнөөс тэмцээнд оролцсон ч эх нутагтаа өөд болсон байна. Нэрт тамирчныг оршуулах ёслолд Усайн Болт, Английн "Болтон" клубийн тоглогч асан Рикардо Гарднер, мөн хөлбөмбөгчин Иан Гудисон нар оролцсон юм.

Хөнгөн атлетикийн чадварлаг тамирчин байсан Жэрмайн Мэсон өнгөрсөн дөрөвдүгээр сард "Honda CBR" мотоциклтэй явж байхдаа осолд орж, нас барсан юм. Түүнийг нас барсантай холбогдуулж, Их Британийн олон шилдэг тамирчид эмгэнэл илэрхийлсэн. Олимпын аварга Жессика Эннис-Хилл өөрийн твиттер хуудсаар дамжуулан "Тун харамсалтай мэдээ сонслоо. Эмгэнэлтэй байна" гэсэн бол өөр нэг олимпын аварга ямайк гаралтай британи гүйгч Линфорд Кристи "Түүнийг бид хэзээ ч мартахгүй" гэж сэтгэгдлээ хуваалцжээ.

Хөнгөн атлетикийн чадварлаг тамирчин байсан Жэрмайн Мэсон өнгөрсөн дөрөвдүгээр сард "Honda CBR" мотоциклтэй явж байхдаа осолд орж, нас барсан юм.

Мэсон Бээжингийн олимпоос медаль хүртсэн Британийн дөрвөн хөнгөн атлетикчдийн нэг. Үүнийхээ дараа өвдөгний гэмтлээс болж замналаа удаан үргэлжлүүлээгүй бол удалгүй түүний дүү Андрю нь баруун Лондонд 22 настай оюутны аминд хүрсэн хэргээр шоронд сууснаар их спортоос хөндийрсөн юм. 

Нэрт гүйгч Усайн Болт талийгаачтай 2002 оноос хойш найзласан аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)