Ур чадварын шалгалтыг цахимаар явуулна

СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургууль ирэх хичээлийн жилийн элсэлтийн ур чадварын шалгалтыг цахимаар явуулахаа зарлажээ. Тус сургууль дуулах, хөгжимдөх, багш, урлагийн боловсрол, үндэсний язгуур болон хөгжмийн урлаг гэсэн чиглэлээр оюутан элсүүлнэ. Бүртгэлийг өчигдрөөс цахимаар эхлүүлсэн бөгөөд ирэх сарын 1 хүртэл үргэлжлэх нь. Дуулах урлагт уртын, ардын, дуурийн, орчин цагийн дуу, харин хөгжимдөх урлагт бол төгөлдөр хуур, утсан, үлээвэр, цохивор, үндэсний хөгжим гэх зэрэг ангилал хамаарах аж. Багш, урлагийн боловсрол хөтөлбөрөөр хөгжмийн багш бэлтгэх юм байна. Хөөмий, цуурдах, тууль хайлах, ерөөл магтаал гэсэн чиглэлээр үндэсний язгуур урлагийн мэргэжилтэн бэлтгэнэ. Хөгжмийн зохиомж, найруулагч, судлаач, найрал дуу болон найрал хөгжим удирдаач гэсэн мэргэжлийг хөгжмийн урлаг хөтөлбөрт хамруулан оюутан элсүүлэх ажээ.

Ур чадварын шалгалтыг бүртгэл дууссаны маргаашаас хуваарийн дагуу авах гэнэ. Элсэхийг хүсэгч хуваарьт цагтаа хаа байгаа газраасаа шалгалтын комиссынхонтой цахимаар холбогдож, зааврын дагуу дуулж, хөгжимдөж үзүүлэх бөгөөд хөгжмийн хэмнэлийн мэдрэмж, хэл ярианы хөгжил зэрэг нэмэлт шалгалт ч өгөх юм байна. Энэ замаар ур чадварын шалгалт давсан элсэгчдийн оноог ерөнхий шалгалтын, эсвэл дээд сургууль төгссөн дипломын дүнтэй нэгтгэж эцсийн дүгнэлтийг хийх тухай Хөгжмийн урлагийн сургуулиас мэдээллээ. Бүртгүүлэх бол burtgel.mnu¬ac.edu.mn хаягаар хандаарай.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)