Урьдчилсан сунгаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд болно. СЕХ-ноос гаргасан цаг хугацааны хуваарь ёсоор бол тавдугаар сарын 2-ноос нэр дэвшүүлэх үйл явц эхлэх юм. Тэр үед намуудын албан ёсны нэр дэвшигч тодорно гэсэн үг. Хэдий тийм боловч оны өмнөөс л өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд сэм “сойсон” улстөрч олон.

Тэд түрүүчээсээ энэ хүсэлтээ албажуулж байна. Уг сонгуульд парламентад суудалтай МАН, АН, МАХН оролцох эрхтэй. Квот ганц, горилогч олон тул эдгээр нам дотор тэмцэл, сунгаа өрнөж буй. Ардчилсан нам нэр дэвших хүсэл сонирхолтой хүмүүстээ бүгдэд нь боломж олгож, нээлттэй сунгаа зохион байгуулан, бүх гишүүнийхээ саналаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулахаа мэдэгдсэн.

МАН, МАХН-ынхны хувьд ийм ардчилсан хувилбар үгүй ч дотооддоо “хөөрхөн” өрсөлдөөн өрнөж буй нь мэдээж.

МАН

Тус нам илүү дэг журамтай гэдгээрээ ялгардаг. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүн олон байсан ч намын шийдвэрийн дагуу дотоод хүслээ дараад өнгөрөх биз. Энэ намаас дарга М.Энхболд нь нэр дэвших тухай яриа УИХ-ын сонгуульд МАН ялсантай зэрэгцээд л гарсан.

Сонгуульд ялсан намын дарга Ерөнхий сайд болдог жишигтэй ч энэ эрхэм УИХ-ын даргын суудлыг илүүд үзсэн нь том албан тушаалд горилж буйг нь баталсан. УИХ-ын даргын албыг хашиж буй, Ерөнхий сайд байж үзсэн түүнд одоо “мөрөөдөх” нэг л өндөр албан тушаал үлдсэн нь Ерөнхийлөгч. Тус намаас мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн нэр дуулдаж буй.

Гэхдээ түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвших гэхээсээ илүү дараагийн УИХ-ын дарга болно гэдэг мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүний нэр албажаагүй л болохоос анхнаасаа тодорхой байсан гэсэн үг.

АН

Амбийц ихтэй олон фракцтай учраас Ардчилсан нам доторх өрсөлдөөн үргэлж анхаарал татдаг. Тус нам УИХ-ын сонгуульд ялагдсаныхаа дараа шинэчлэл хийхээр оролдож, анх удаа бүх гишүүнийхээ саналаар даргаа сонголоо. Даргад горилох хүсэлтэй хүмүүст хүрд эргүүлэх боломж олгож, гишүүдийнхээ олонхын саналыг авсан хүн онцгойрох нь ардчилсан зарчим.

Тиймээс эл зарчмаа Ерөнхийлөгчийн сонгуульд ч ашиглана гэдгийг намын дарга С.Эрдэнэ мэдэгдсэн. Төрийн тэргүүний сонгуульд намаа төлөөлөн нэр дэвших хүнийг тодруулах сунгаагаа тэд ирэх сарын 7-нд зарлах сурагтай. Тавдугаар сарын 2-ноос өмнө АН-ынхан нэр дэвшигчээ тодруулна.

Сунгаа хийх тухай ярианаас бүр өмнө, өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 9-нд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ олон нийтэд мэдэгдсэн билээ. Эхнэрийг нь хуулийн байгууллагынхан саатуулсны дараа буюу өнгөрсөн арваннэгдүгээр сард тэрбээр “Шударга ёс тогтоохын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” хэмээн мэдэгдсэн юм.

Үүний дараа тэрбээр намынхаа даргын сунгаанд өрсөлдсөн. Тухайн үед “Намын даргын сунгаанд оролцсон хүмүүс Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй” гэх мэтээр ярьж байсан. Гэвч энэ нь албан бус яриа. Тус намын дүрэмд ингэж хориглосон зүйл үгүй юм билээ. Тэгэхээр Н.Алтанхуяг АН доторх гол өрсөлдөгчийн нэг хэвээр байгаа аж. АН-ын олон фракцын учрыг олж, намынхаа түүхэнд хамгийн удаан буюу хоёр жил гаруйн турш Засгийн газрыг тэргүүлсэн түүнийг дэмжих магадлал сайн байх болов уу.

Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах сунгаанд оролцохоо мэдэгдсэн удаах хүн нь нийслэлийн АН-ын дарга Э.Бат- Үүл. Н.Алтанхуяг хэвлэлийн хурал хийж, олон нийтэд мэдэгдсэн бол Э.Бат-Үүл намын гишүүддээ зорилгоо уламжилсан юм билээ. УИХ-ын сонгуулийн дараачаас өрнөсөн АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай хүмүүсийн тоонд энэ хоёр эрхэм багтаж байсан. Нийслэлийг удирдахдаа чамгүй ажил хийсэн, Улсын баатар эрхэм Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаанд өмнө нь ч оролцож байсан туршлагатай.

Үүний дараа Ерөнхий сайд асан Р.Амаржаргалын нэр дуулдаж буй. Зангарагтай улстөрч эрхэм гэвч нам дотроо дэмжлэг муутай гэгддэг. МҮДН фракцын төлөөлөл тэрбээр “Шонхор”-ынхонтой хамтарч ажиллаж чадвал бас л дэмжлэг авч чадах улстөрчдийн нэг.

Гэхдээ энэ тухайгаа ямар нэг байдлаар албажуулж, мэдэгдээгүй байна. Мөн УИХ-ын гишүүн асан Д.Ганхуяг горилогчдын жагсаалтад орж ирсэн сураг байна. Дээрх гурван хүнтэй харьцуулахад энэ эрхэм хамгийн сул өрсөлдөгч болно.

АН-ын түүхэнд зургаан хүн Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байсан тохиолдол бий. Энэ удаа горилогчдын жагсаалт хэд хүрэхийг одоогоор хэлэх хэцүү. Гэвч нийт гишүүнийхээ саналаар нэг л хүнийг нэр дэвшүүлнэ.

МАХН

МАХН-аас нэр дэвшүүлбэл ялах өндөр магадлалтай ганц хүн нь тус намын дарга Н.Энхбаяр. Гэвч түүнийг нэр дэвшүүлэхгүй байх бүх хаалтыг хуулиар хийчихсэн. УИХ Эрүүгийн хуулийг долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр хойшлуулсан нь чухам түүнд зориулсан арга хэмжээ хэмээн гишүүд тухайн үедээ хэлж байлаа.

Үүгээр Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусна гэж буй. Харин намынхан нь ялтайд тооцох заалт бүхий Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 78 дугаар зүйлийг хүчингүй болгосон, Дээд шүүхээс ч тайлбар гарсан учраас нэр дэвших боломжтой гэж байгаа юм.

Гэвч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүн сүүлийн таван жилд эх орондоо байнга оршин суусан, зургаан сараас илүү хугацаагаар гадаадад амьдраагүй байх хуулийн заалтад тэр бүдэрнэ. Тиймээс МАХН-аас өөр хэн нэр дэвших вэ гэдэг нь анхаарал татах сэдэв болов.

Тус намыг УИХ-д төлөөлдөг гишүүн О.Баасанхүүгийн “халаас”-нд найман хүний нэр байгаа гэнэ. Гэвч тэр “Тодорхой нэр зарлах нь Сонгуулийн хуулиар хориотой. Ингэвэл сурталчилгаанд тооцогдоно. Улмаар тухайн хүний нэрийг хасах, эгүүлэн татахад хүргэнэ” хэмээн болгоомжилж буй аж. МАХН-аас хэнийг нэр дэвшүүлэх тухай албан ёсны шийдвэрийг тус намын Бага чуулганаас гаргана. Одоогоор хэзээ хуралдах тухай тодорхой тов гараагүй юм байна.

Аливаа нам сонгууль дангаар болон өөр намтай хамтарч оролцох боломжтой. АН, МАН-ынхан бол өөр намтай хамтрах тухай бодох шаардлагагүй. Харин МАХН-ынханд ийм нөөц хувилбар бий гэнэ. Гэхдээ одоогоор эхлүүлсэн яриа хэлэлцээ үгүй сурагтай. Хүрд эргүүлэх боломжоо эдлээд МАХН нэг хүн тодруулж, сойх нь мэдээж. Гэвч тэр нь нөгөө хоёр намтайгаа өрсөлдөх хэмжээний улстөрч байх нь юу л бол.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнээ тодруулах хоёр сарын хугацаа дээрх гурван намд үлдэж байна. Харин тэднээс хэнийг нь дараагийн Ерөнхийлөгч болгох вэ гэдэг шийдэл ард түмний гарт бий.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)