Урлаг улстөрчдийн зэвсэг биш

- Жүжигчид тархи угаах хэрэгсэл болж байна –

Урлаг бол манлайлах, соён гэгээрүүлэх, ховсдох хүчтэй зэвсэг. Тиймээс урлагаар зэвсэглэдэг мэргэжилтнүүд өндөр хариуцлага, ухамсартай байх учиртай. Харамсалтай нь, манай урлагийнхан дунд нийгмийн оюун санааг хорлогч олон. Тамхи татаж, мансуурсан, зодоон хийсэн, гэр бүл, эцэг, эхээ дарамталсан, хуурч мэхэлсэн гээд тэдний тухай муу мэдээ байсхийгээд л чих дэлсдэг.

...Тэд урлагаар олж авсан “улаан нүүрээ” улстөрчдөд ашиглуулж байгаа нь харамсалтай. Урлагийн нэр хүндийг ашиглан, улс төрийн суртал хийж байгаа тэднийг нийгмийг хүчирхийлэгч гэж хэлнэ. Ингэж хэлснийхээ төлөө уучлалт гуйхгүй. Учир тэд улстөрчийн зэвсэг болох нь ямар муухайг өөрсдөө ухамсарлаагүй нь уйтай...

Түүний хажуугаар “ажлаа” хийж байгаа нэрээр улстөрчдийн зэвсэг болж, иргэдийн сонгох эрхэд бүдүүлгээр халддаг жишиг ч бий болжээ. Дөрвөн жилийн давтамжтай шүдэнз зурдаг “нөгөөх” эр үүний тод жишээ. Түүнээс үлгэрлэн Б.Навчаа хэмээх бас нэгэн “баатар” гарч ирэв. Удахгүй болох улс төрийн сонгуульд зориулан улстөрчид энэ мэт олон “бөмбөг” тэсэлж байгааг сурталчилгаануудаас нь харж болно. Монголын хошин урлагийн жүжигчид махны үнээр даажигнаж, иргэдийн сэтгэл зүйгээр наадсанаараа ямар увайгүй, ухаангүй “хямдхан” зэвсэг болохоо илтгээдэхэв.

“Мах магнагт туллаа” гэсэн Аглуу нь ч, түүнийг “загнаж”, залруулж байгаа Одноо нь ч ялгаагүй улстөрчдийн тулааныг нийгэмд цацах нь хэр урхагтайг бодож үзээгүй гэж үү. Иргэдэд ухуулга хийж, хэн нэгнийг дэмжихийг уриалан чанга яригчаар “шүршсэн” тэр нөхрийг ч энд дурдахад илүүдэхгүй.

Өдөр бүр шахам зурагтаар дамжин айлуудын хойморт залардаг телевизийн ахмад хөтлөгчид, нэр алдартай яруу найрагчид, чихэнд чимэгтэй дуу хоолойгоор уран уншдаг урлагийнхан гээд олны танил эрхмүүдийг улстөрчид сурталчилгааны ажилдаа бамбай болгох сонирхол их. Үнэндээ бол улстөрчийг нь тоож бус, түүнийг “дагалдах” урлагийн алдартнууд, хөтлөгчийг нь харах гэж уулзалт, цуглаанд нь иргэд оролцдог нь нууц биш. Орхон аймагт байдаг хамаатан маань үүнийг батлах мэт “Хэд хоногийн өмнө жүжигчин Ундармааг амьдаар нь харлаа. Хөөрхөн “туучий” байна. Ярьж хэлж байгаа нь ч тэр нэр дэвшигчээсээ дээр юм” гэж байх вэ. Нийгэмд эерэг үйлсээрээ хүндлэгдсэн жүжигчин бүсгүй мөн л улс төрийн сонгуулийн сурталчилгааны зэвсэг болон, уулзалт эхлүүлэн гялалзаж яваа нь энэ. Хамгийн гол нь тэд урлагаар олж авсан “улаан нүүрээ” улстөрчдөд ашиглуулж байгаа нь харамсалтай.

“Шаардлага гарвал дуулж, бүжиглэх, царайлаг хөтлөгч, жүжигчин санал болгооч” гэж найзаас минь нэг улстөрч хүсжээ. Түүнийг хөдөө сурталчилгаанд авч явах юм гэсэн. Энэ мэт жишээ олон. Хамгийн гол нь тэд нэр дэвшигчийг тэнгэрт тултал магтах ёстой. Өөрөө дургүй байсан ч хамаагүй. Өөрөөр хэлбэл, хувь хүний итгэл үнэмшлээ хэсэг зуурт уландаа гишгээд ч хамаагүй улстөрчийн аманд “орж” байгаа тэд урлагийн нэр хүндийг ашиглан, суртал хийж байгаа. Тиймээс тэд нийгмийн оюун санааны хүчирхийлэгч болж байгаагаас ялгаа юун. Хэдэн төгрөгтэй болохын төлөө ингэж хувь хүнийхээ итгэл үнэмшлийг гээх нь дэндүү доройгийн шинж. Улстөрчдийн бамбай болдог жүжигчин, дуучин, зохиолч, найрагч, хөтлөгчдийг “урлагийн биеэ үнэлэгчид” гэдэг юм билээ. Тэгэхээр сонгуулийн үеэр хэнд ч хамаагүй “биеэ” үнэлдэг явдлыг харин тэд болон хөлслөгч нь “сүйдтэй юм биш” гэх. Энэ л хамгийн уйтай юм.

Урлагийн хүмүүс оюун санааны эмч байж, үйлдэл, үг, дуу хоолой нь нийгмийг анагаах эм байх учиртай. Харамсалтай нь, манайд эсрэгээр нь яваад байна уу гэлтэй. Урлаг бол оюуныг цэнэглэгч болохоос хэн нэгэн уран бүтээлчийн сурталчилгааны хэрэгсэл, улстөрчийн зэвсэг, урвуулан ашигладаг тоглоом биш. “Уран бүтээлч юу гэж бодох нь хамаагүй, нийгэмд хэрхэн хүлээж авч буйгаар урлагийг тодорхойлно” гэж суут Лев Толстой хэлсэн байдаг.

Гэтэл захиалгат “тоглогч” Б.Навчаа “Би жүжигчнийхээ хувьд л захиалгаар сурталчилгаанд тоглож, мөнгө авсан. Тэр текст нь тусгай зохиогчтой, найруулагчтай, захиалагчтай. Навчаа гэдэг бие хүний үзэл бодол биш” гэж хийсэн үйлдлээ зөвтгөсөн байна лээ. Тийм ээ, иргэн Б.Навчаа гэдэг хувь хүний үзэл бодол биш байж болно. Гэхдээ урлагаар зэвсэглэсэн жүжигчин Б.Навчаагийн хэлж, ярьсанд итгэж сонголтоо хийх хүн хэчнээн байгааг таашгүй. Улс төрийн сонголт хийх жилүүдэд гарч ирээд “харанхуйг гэрэлтүүлдэг” Б.Амараа хэчнээн хүний тархи угаасныг ч тооцох боломжгүй. Хувийн ашгийн төлөө хэн нэгэн улстөрч, улс төрийн нам, эвслийн зэвсэг болсноор урлаг хэмээх “гал тогоог” хэрхэн бузарлаж байгааг тэд ухаарч байгаа болов уу.

Ер нь урлагийнхныг нохойд барьдаг мод, амаа арчаад хаягдаг цаас шиг үздэг нь манай улстөрчдийн “төрөлхийн” араншин. Тэглээ гээд хүн төрөлхтний эрхэмсэг оршихуй болсон урлагийн нэрээр гул барьж орлого олох нь нийгмийг гэгээрүүлэх үүрэгтэй уран бүтээлчдийн хийх ажил мөн үү. Улс төрийн нам, эвслээс зохион байгуулдаг урлагийн тоглолтуудыг энд дурдаагүй гэдгийг онцолмоор байна. Урлагийн итгүүлэн ятгах “шидийг” хамгийн ихээр урвуулан ашиглаж, олон нийтийн тархийг угаагч нь аливаа засаглал, улстөрч гэдэг. Ингэхдээ тэд дуучин, жүжигчин, зураач гэхчлэн урлагийн хүмүүсийг гол хэрэгслээ болгодог. Тэглээ гээд нийгмийн хөгжил дэвшил, ирээдүйг сонгох чухал үед аль нэг нам, эвсэл, хэн нэг улстөрчийн “тоглогч” болж, урлагийн нэр хүндийг гутаах эрх ямар ч жүжигчин, дуучинд байх учиргүй.

Хамгийн эмгэнэлтэй нь, урлагаар “амилсан” нүүрээ улс төрийн зорилгоор ашиглуулдаг үзэгдэл Монголд моод болох вий. Энэ бол доромжлолоос ялгаагүй зүйл гэдгийг “шүдэнз зурагчид” ойлгоосой.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)