Урлагийн тоглолт, спортын арга хэмжээг гурав хоног хориглолоо

Маргааш аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль болно. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан аравдугаар сарын 12-нд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/1184 тоот захирамж гаргасан билээ.

Захирамжид "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал авах, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 14-16-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосугай” гэж заасан тул өнөөдрөөс эхлээд гурав хоног архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй. 

Мөн өдрүүдэд соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Спортын хороо болон бусад холбогдох аж ахуйн нэгж, байгууллагуудад үүрэг болгосон юм. 

Түүнчлэн гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийг тухайн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгасан билээ. 
 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)