Урлагийг урвуулагчид

Хэд хоногийн өмнө Монголын дуу, хөгжмийн урлагийн виртуоз буюу гарамгай уран бүтээлчид болох “Харанга” хамтлагийнхан 30 жилийн ойн тоглолтоо сүртэй сайхан хийв. Ажил, амьдралаа зохицуулаад тоглолтыг нь үзчих сэн гэж хичээгээд ч амжаагүй, эсвэл тоолдог “хэддээ” захирагдаад чадаагүй нэг нь “Харанга”-тай хамт догдолж, баярласан хүмүүсийн ярианаас тэр үдшийн уур амьсгалыг бага боловч мэдэрч сэтгэлээ хөглөж, хөгжсөн. Монголын рок, попын аваргуудын тоглолтыг үзээгүй ч сохор нохой дүйвээнээр гэгчээр сураг сонсох төдийхнөөр тийнхүү “цадаж”, баярласан хүн өчнөөн бий.

Энэ бол “Харанга” хэмээх хамтлаг монголчуудын шүтээн буюу жинхэнэ idol болсныг илтгэх ганцхан жишээ. Гэтэл үе үеийнхний шүтээн болсон энэ хамтлагийнхан гудамж, талбай, олон нийтийн газарт ер нь хаана ч хамаагүй тамхи баагиулаад л зогсож байдаг. Тэднийг харсан хүүхэд, залуучууд “Хөөх, Лхагваа, Энхманлай ах байна” гээд сүйд болох. Зарим нь шүтээнээ эргэн эргэн харсаар явж одно. Тэднийг хараад сүрддэг нэгэн ч байдаг гэсэн. Шүтэж биширнэ гэдэг бол хайрлал, хүндлэлийн нэг хэлбэр. Түмэнд хайрлуулсан, шүтүүлсэн, хүндлүүлсэн хүмүүс тэр хэрээр хариуцлагатай, үг, үйлдлээ хянаж, зөв зам мөр, үлгэр дуурайлтай байх ёстой. Олон улсад эх орныхоо нэрийг гаргаж яваа зураач Э.Отгонбаяр “Хүлээн зөвшөөрөгдөж чадсан бол үнэ цэн, өндөр босго, үлгэр дуурайлтай байх ёстой” гэж нэг ярилцлагадаа дурдсаныг энд дурдахад илүүдэхгүй болов уу.

Урлаг бол манлайлах, соён гэгээрүүлэх хүчин. Аль ч үеийн, ямар ч нийгэмд урлаг, соёлынхон үзэгчдийг “ховсдох” хүчтэй. Тиймээс тэднийг өндөр хариуцлага, ухамсартай, эерэгээр үлгэрлэгч байхыг шаарддаг.

Харамсалтай нь, манай урлагийнхан дунд нийгмийг гэгээрүүлэхээсээ илүүтэй хорлож байна уу гэлтэй хүн олон бий. Татдаг, сордог, тарьдаг гээд бүх төрлийн мансууруулагчийг хэрэглэдэг, дамладаг гэх айхтар “мангасуудын” талаар бол бүр ярих юм биш. Урлагийн гоё сайхныг бусдад түгээх нь битгий хэл, өөрсдөө ч мэдэрдэг, эсэх нь эргэлзээтэй хачин нөхөд тэдний дунд олон. Тэдний дуу гээд байгаа нь ч үнэндээ муу, муухай үгний “жорлон”. Тиймээс зүгээр л даган дуурайгчид гэж тэднийг хэлнэ, уучлаарай. Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг газар авч, донтогчид нэмэгдэж байгаад “урлагийн” гэсэн тодотголтой “мангасуудын” хувь нэмэр асар их. ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас ганц шөнө хэдхэн цагийн хугацаанд хоёр цэнгээний газарт хяналт, шалгалт хийхэд 24 хүн хар тамхи хэрэглэсэн, таван залуу биедээ хадгалж байсныг тогтоосон нь саяхан. Хар мөртэй “уран бүтээлчдийн” балаг ийм бөлгөө.

“УРАН БҮТЭЭЛ” НЭРЭЭР НИЙГМИЙГ ХҮЧИРХИЙЛЭГЧИД

Манай уран бүтээлчид урлагийг гутаан доромжилж, урвуугаар ашиглаад байгааг шүүмжлэхээс аргагүй. Хаялга дааж амьдар гэсэн егөөтэй үг бий. Урлагийн ачаар хоолтойгоо залгаж, олонд танигдсан хүмүүст энэ үгийг хэлмээр байна. Тэд урлаг хэмээх сайхан зүйлийг урвуулан ашиглаж, ердөө орлогын төлөөх хэрэгсэл болгож байгаа нь харамсалтай. Хэрэв урлаг нь бодит хүн байсан бол “Монголын хошин урлагийнхан, уран бүтээлчид нэр төрийг минь гутаалаа” гэж шүүхэд хандах байсан биз.

Нийгэмд багагүй шуугиан дэгдээсэн хэд хэдэн зодоон цохион, бусдыг дорд үзсэн бичлэг сүүлийн үед цахим сүлжээгээр тархаж, түүнийг үзсэн хүмүүс янз бүрийн сэтгэгдэл үлдээж, хараал, ерөөлдөө тулсан. Тодруулбал, ТҮК-ийн ажилчныг хар жийптэй нөхөр цохиж унагаж байгаа бичлэг үнэндээ бол “Мөрөөдлийн театр”-нхны “Галзуу хот” нэртэй “уран бүтээлийн” сурталчилгаа байсан. Нийгмийн сүлжээгээр цацсан тэдний бичлэг буруу, зөрүү ойлголт төрүүлж, газар авсны дараа “Хүмүүс ээ, бүү бухимд. Энэ бол манай шинэ уран бүтээлийн зураг авалт” гэх зэргээр тайлбарласан. Нийгмийг хиртхийлгэсэн аллага үйлдсэнээ террорист “Аль-Кайда” бүлэглэл хүлээн зөвшөөрлөө гэдэг шиг хаашаа янзын гажиг үйлдэл вэ. Дараа нь бас хэдэн охид, хүүхэн үсдэлцэн, зодолдож байгаа бичлэгийн ардаас манай хошин “аль-кайдачууд” дээрхтэй утга нэг тайлбар “шидсэн”. Ингэж олон нийтийн сэтгэл зүйгээр “нааддаг” том “уран бүтээлчдэд” хэлэхэд урлагийг урвуулан ашиглах эрх хэнд ч байхгүй. Нийгмийг зориуд төөрөгдүүлж, худал мэдээлэл тараасан ийм бусармаг зүйлийг зохицуулах хууль, журам байна уу. Өнөөх Зөрчлийн хуулиар уг нь ийм л нөхдийг шийтгэх ёстой бус уу.

Урлагийг оюуны хоол гэдэгтэй маргах хүн байхгүй. Хүний оюун санаа, сэтгэлийг цэнэглэгч учраас урлагаар үзүүлэх, үзүүлэхгүй зүйл гэж бас бий. Өөрөөр хэлбэл, урлагийн хил хязгаарыг зөрчих нь гэмт хэрэг буй за. Ингэж сайхан зүйлээр халхавч хийн үйлдэж байгаа гэмт хэрэг нийгэмд ялангуяа залуу, өсвөр үеийнхэнд хамгийн хөнөөлтэй. Үргэлж маазарсан, бүдүүлэг үг хэллэгтэй, өөрсдийн үзэл бодлыг “урлаг” хэмээх агуу зүйлийн нэрээр хүмүүст түгээх нь нэг төрлийн гэмт хэрэг гэж бодном. Тийм гажиг зүйлийг нь үзэж, хүчирхийлүүлж өссөн хүүхэд, залуучууд хожим жинхэнэ гоо зүйтэй гайхамшигтай урлагийг хүлээж авч чадахаа болих эрсдэлтэйг уран бүтээл хийдэг хүн бүр бодож тунгаагаасай. Алдарт Ф.М.Достоевский “Гоо зүйгээс эмээх нь сул доройн шинж тэмдэг” гэжээ. Хошигнол хэтрэхээр гоо зүй алдагддаг гэсэн үг ч бий. Хэдэн жилийн өмнө манайдаа нэртэй хошин урлагийн хэдэн жүжигчин урд хөршийн Хөх хотод хийсэн тоглолтыг үзсэн өвөрмонгол эмч “Урлагийн хүмүүсийг оюун санааны эмч гэж боддог. Энэ цаг үед урлагийнхны дуу хоолой ард олны оюун санааны өвчнийг анагаах эм байх ёстой. Монголын хошин урлагийнхан хоосон үг зохиож хүмүүсийг хүчээр инээлгэж байгаа нь харамсалтай” гэж цахим хуудсандаа бичсэнийг нэг хүн эш татсаныг санаж байна. Энэ мэтээр манай урлагийнхан урлаг нэрээр гул барьдаг жишээ мундахгүй.

ХУВИЙН АМЬДРАЛАА УРЛАГТАЙ АНДУУРАГСАД

Найздаа нөхрөө булаалгасан гэх хачин “өрөвдмөөр түүх” гурван залуу дуучны дунд өрнөжээ гэж цахим ертөнцөд ямар ч шүүлтүүргүй ханддаг хүмүүсийн дунд шивэр авир. Урвасан шарвасан, урвуулсан шарвуулсан алин болохыг мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй. Хүний амьдралд юу эс тохиохыг таашгүй. Тэгэх тоолонд хувийн амьдралынхаа далан булчирхайг нийгмийн сүлжээнд дэлгэх донтой хүмүүсийн сэтгэц лав эрүүл биш. Харамсалтай нь, нийгмийг хөтөлдөг, ариун сайхан урлагт тийм гаж донтой хүмүүс байх юм.

Гадаадын одод карьераа өсгөхийн тулд зориуд цуу үг нисгэдэг байсан “моод” аль эрт үгүй болсон. Харин ч өнөөдөр хувийн амьдралаа аль болох нууцалж, зөвхөн уран бүтээлийн чансаагаараа танигдахыг хичээдэг жишиг бий. Гэтэл Монголд худал, үнэн нь мэдэгдэхгүй, хувийн, тэр дундаа хамгийн ариун нандин харилцаагаа олон нийтэд дэлгэж, дэнслүүлж, тоглолт хийдэг хүн олширчээ. Тэр тоолонд өнөөх муу урлагийн нэр навс унах. “Муусайн дуучид” гэж цоллох. Уг нь дуучин, дууны урлаг тэдний бөөр бөгсний асуудалд хамаагүй байтал ингэж л муйхраар хүлээж авч байна, олон нийт. Энэ бол нэг талаар монголчуудын сэтгэлгээний гажуудал. Ийм гажуудалд урлагийнхны хувь нэмэр их. Үзэгчдийн оюуны хоосролыг тэд арилгах бус, нэрмээс болж байгаа нь харамсалтай.

Алдармаа, Туул гэж хоёр хүүхний дунд өрнөсөн тулааныг Монгол даяар мэднэ. Хүний нүүр лүү буцламгай халуун ус цацсанаа юман чинээ тоогоогүй тэр хүүхэн өнөөдөр тайз, дэлгэцийн урлагт хээв нэг ажиллаж байна. Тайз бол гэгээрэлд хөтлөх талбар болохоос гэмт хэрэгтэн, хэн дуртай, атаач, танхай нарын орогнох орон зай биш. Ерөөс Монголд үлгэргүй аашилсан, танхайрч, гэмт хэрэгт холбогдсон дуучин, жүжигчин, уран бүтээлчдийг хуулиар хатуу чанга цээрлүүлэхгүй байгаагийн нэг жишээ энэ. Тиймээс л тэднийг даган дуурайх нь хүүхдүүдэд гоё санагддаг байх. Нийгмийг хошин тайзаа гэж андуурдаг “урлагийн” “аль-кайдачуудад” хэлэхэд БНСУ, Япон зэрэг улсын жүжигчид, дуучид олны хэл ам, хараанаас хувийн амьдрал, харилцаагаа үргэлж нууцалж, эвгүй үйлдэл гаргахаас болгоомжилдог юм билээ. Энэ бол нэг талаар том хариуцлага, нөгөө талаар бол карьер, мөнгө санхүүтэй нь шууд холбоотой асуудал. Тодруулбал, хов живд өртөж, буруу үг хэлж, зөрүү үйлдэл гаргавал ажил олгогч нар нь гэрээгээ шууд цуцалж, нийгэм даяараа адалдаг учраас урлагийнхан хариуцлага гэдэг зүйлийг өндөр ухамсарладаг. Хариуцлага алдвал хоолгүй болно гэсэн үг ч бий, тэдний дунд. Энэ бол албаны зүгээр нэгэн баримтлал, журам бус, урлагийн байгууллагынхны хариуцлагын тогтолцоо гэдгийг ч онцолдог. Монголын уран бүтээлчдэд ийм хатуу дүрэм, тогтолцоо үгүйлэгдэж байгаа нь гарцаагүй үнэн.

Урлаг бол оюуныг цэнэглэгч болохоос хэн нэгэн уран бүтээлчийн сурталчилгааны хэрэгсэл, урвуулан ашиглах тоглоом биш гэдгийг дахин хэлье.

Бэлтгэсэн: Ж.Эрдэнэ


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)