Урд хөршид Австрали 13.9 сая тонн нүүрс нийлүүллээ

Урд хөрш далайгаар тээвэрлэн хүргэх нүүрсний нийлүүлэлтэд тавих хяналтаа нэмэгдүүлж буй, энэ нь Австралийн экспортын хэмжээг бууруулж магадгүй талаарх мэдээлэл өмнө нь цацагдсан. Тэгвэл энэ сарын эхээр гаалийн байгууллагаас нь БНХАУ нүүрсний импортын бодлогодоо өөрчлөлт оруулаагүй гэж мэдэгдсэн юм.

Австралиас урд хөршид энэ оны эхний хоёр сард нийлүүлсэн нүүрсний хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеийнхээс төдийлөн өөрчлөгдөөгүй тухай “Reuters” дамжууллаа. Энэ хугацаанд БНХАУ 13.9 сая тонн нүүрс нийлүүлсэн нь 2018 оны мөн үед дээрх тоо 13.3 сая байснаас 4.5 хувиар илүү дүн гэдгийг “Refinitiv” компанийн мэдээллээс эш татан дурджээ. 

Үүний 5.83 саяыг нь нэг, 8.07 сая тонныг нь хоёрдугаар сард нийлүүлсэн байна. Өнгөрсөн сарын эхээр Хятадад баяр болж, олон хоног амарсантай холбоотойгоор ийн буурсан байх талтайг мөн тэмдэглэсэн байв. Гэхдээ энэ сарын дундуур гаргасан статистикаар Хятадын боомтуудад 2.5 сая тонныг л хүргээд буй мэдээлэл бий. Түүнчлэн Австралиас нүүрс ачсан 17 усан онгоц БНХАУ-ын боомтуудад ачаагаа буулгахаар хүлээж буй нь ердийнхөөс олон гэнэ. 

Үүнээс гадна Индонезийн нүүрс тээвэрлэсэн 13 онгоц ч урд хөршийн боомтуудад байгаа аж. Нэг, хоёрдугаар сард тус улсаас урд хөршид 21.2 сая тонн нүүрс экспортолжээ. Өмнөх оны мөн үед дээрх тоо 21.9 сая тонн байв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)