Урдаас уралддаг УИХ-ын гишүүд буюу “хийгээгүй” ажлын тайлан

Улс төрчдийн тараасан сонин, сэтгүүлээс болж бүү цухалд, хүмүүс ээ. УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа дуустал гоё, ганган гадартай сэтгүүл, сонин, ном, товхимол танайхаар тасрахгүй. Энэ сарын 10-наас өмнө УИХ-ын гишүүд буюу 76 хүрэхгүй хүн ажлын тайлангаа хэвлэж хүргүүлсэн. Тэгвэл тун удахгүй, ирэх сарын 2-нд сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхээр хэдэн зуун нэр дэвшигч хэвлэмэл материал тараана. Бие даан нэр дэвших хүсэлтэй нь гэхэд л 200 гаруй байна. Үүн дээр улс төрийн нам, эвслийн нэр дэвшигчдийг нэмбэл бараг 800 орчим хүн өрсөлдөж, дээд амжилт тогтоохоор байгааг Сонгуулийн ерөнхий хорооныхон хэлж буй. УИХ-ын гишүүн сонгуульд нэр дэвшихээр бол ажлын тайлангаа нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс (тавдугаар сарын 10) өмнө тарааж болох бөгөөд үүнийг сонгуулийн сурталчилгааны материалд тооцохгүй учраас тэд дахиад л хаалгыг тань амраахгүй, тайван байгаарай. Тиймээс тэдгээрийг нь урж шатаах, уншиж танилцах, эсэх нь та бүхний хэрэг.

Уг нь уншчихаад ч болов урах нь зөв баймаар. Харин манайхан сөхөж харах нь битгий хэл босго ч давуулахгүй төвөгшөөх нь өнөөх л хууль тогтоогчдын нэр хүнд унасны нэг илрэл.

Ер нь УИХ-ын гишүүний хийх ажил чухам юу юм бэ. Тэдний үндсэн ажил нь ердөө л хууль батлах. Өөрөөр хэлбэл, тэд ямар ямар хууль баталсан, хуралдаа хэрхэн оролцсоноо тайлагнахад л хангалттай. Харин манай гишүүд Улаанбаатарын утаа буурсныг хүртэл хийсэн ажлаа болгоод биччих жишээтэй. Гэтэл өнгөрсөн өвлийг эс тооцвол жилээс жилд утаа өтгөрсний шалтгааныг өөртөө нааж, буруу хүлээсэн гишүүн ганц ч болов гарсан бил үү. Мөн улсын төсвийг баталдаг онцгой бүрэн эрхдээ дулдуйдан татвар төлөгчдийн мөнгөөр хийсэн бүх хөрөнгө оруулалтыг өөрсдөдөө наан, “Би хийсэн. Би хөөцөлдөж байж хөрөнгийг нь гаргуулсан” хэмээн хээв нэг тайлагнадаг. Өөрийнхөө мөнгөөр хийсэн бол хамаа алга. Төсвийн мөнгөөр барьсан ганц сүүдрэвчийг хүртэл “өмчилж”, “Өөрөө хийсэн” хэмээн нэрлэж болох бүхнийг хамдаг гэхэд болно. 

Угтаа төрийн бодлого, зарчим нь тодорхой улсад тус тойргоос хэн сонгогдохоос эс хамааран төсвийн шаардлагатай хөрөнгө оруулалт хийгдэж л таараа. Харин аливаа ажлыг хөөцөлдөж, бүтээхдээ гаргуун сайн гишүүд бас байдаг. Жишээ нь, овсгоотой, сэргэлэн гишүүнийхээ хүчээр овоо тохь тухтай орчинд ажиллаж, амьдардаг иргэд, сонгогчид ч байна. Гэвч алслагдсан сумын сургуулийн нэг ангид 10 хүрэхгүй хүүхэд хичээллэж байхад заримд нь сандал, ширээ нь хүрэлцэхгүй, гурван ээлжээр суралцдаг нь шударга гэж үү. Сангийн сайд, эсвэл Төсвийн байнгын хорооны дарга, цаашлаад жил жилийн улсын төсвийн төслийг нэгтгэн хэлэлцүүлдэг ажлын хэсгийн ахлагч хүртэл сум, аймгаас нь тодорсон сонгогчид ямар додигор байдаг гээч. Монгол Улс мөнгөгүйдээ биш, бодлогогүйдээ хөгждөггүй гэдгийн нэгээхэн шалтгаан нь энэ. Жалга довны үзэл гаргаж, нэгдмэл бус, тархай бутархай оршдогийн суурь шалтгааныг тайлант сэтгүүл нь илчилчихдэг гэсэн үг.

Ер нь бол УИХ-ын гишүүн ажлаа тайлагнахгүй байсан ч болно. Тайлант сэтгүүл тараах нь битгий хэл нүүр царайгаа харуулахгүй явсаар дөрөв дэх жилдээ “сюрприз” барьдгийг эрх биш анзаарч буй биз ээ. Ядаж л өмнөх жил одоогийнх шиг сэтгүүл, тайлан танайд ирсэн, эсэхийг санах гээд үзээрэй. Гэтэл одоо, бүрэн эрхийн хугацаа нь дуусахын өмнөхөн баахан тайлангаар “бөмбөгддөгийн” шалтгаан нь мэдээж сонгууль. Үнэндээ УИХ-ын гишүүн баталсан хуулиа тайлагнахдаа тулбал алгын чинээ цаасан дээр ч бичиж, сийрүүлж болох л зүйл. Нэг гишүүний байтугай нэгэн УИХ, өнгөрсөн 30 орчим жилд баталсан бүх хуулийг жагсаан бичихэд ч гишүүдийн гаргадаг тэр зузаан сэтгүүлийг дүүргэхгүй. Тиймээс ажлаа тайлагнах л гээд байгаа юм бол гишүүд түүнийгээ өдөр тутмын сонинд хэвлүүлчих хэрэгтэй. Арай ахиухан тоогоор хэвлүүлээд сонгогчийнхоо тоогоор тараачихвал сэтгүүлээс хэчнээн дахин бага зардал гаргана. 

Тэгээд ч энэ удаагийн сонгуулийг томсгосон мажоритар хувилбараар явуулах гэж буй. Өнгөрсөн сонгуулиар Чингэлтэй дүүрэг дөрвөн тойрогт хуваагдаж байсан бол өдгөө бүхэлдээ нэг болж байгаа. Өмнөх сонгуулиар нэр дэвшигч Чингэлтэй дүүргийн нийт сонгогчийн дөрөвний нэг орчимд буюу зөвхөн өөрийнхөө тойрогт л сэтгүүл тараасан бол одоо бүх хүнд сурталчилгааны материалаа илгээх шаардлагатай болж байна. Зөвхөн хэвлэмэл тараах материалаар жишээ авахад л Чингэлтэйд нэр дэвшигчийн зардал даруй дөрөв дахин нэмэгдэх нь. 2016 оны сонгуулиар жижиг тойргоос гарч ирсэн гишүүд өдгөө аймаг, дүүргийнхээ хэмжээнд сэтгүүлээ илгээгээд байгаа юм. Нэг дүүрэг, аймгийнх ч гэлээ түүнийг сонгоогүй, тойрог нь байгаагүй хүмүүст тайлан илгээх нь чухам юуг хэлнэ вэ.

Цаашлаад тэр олон ном, сэтгүүл, сонинг ямар мөнгөөр хийж байгаа нь чухал. “Мөнгөтэй хүн лаа, луувангийн алийг идэх нь маньд хамаагүй” гэдэг ч гишүүдийн тайлангийн (сонгуулийн жилийн) сэтгүүлийн мөнгө улсын төсвөөс гардаг юм биш биз. УИХ-ын гишүүний төсөвт зардлыг төлөвлөх, тооцох, зарцуулах, тайлагнах, журам батлах, зарим зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай УИХ-ын 2008 оны 28 дугаар тогтоол гэж бий. Уг тогтоолын дагуу хууль боловсруулахтай холбоотой болон цалин, унаа, утас, албан томилолт, мэдээлэл сурталчилгаа, ном хэвлэл, туслахын цалин гэхчлэн нийт 200 орчим сая төгрөгийг нэг гишүүний жилийн зардал болгон төсөвт тусгадаг аж. Тухайлбал, эндээс сэтгүүлийнхээ зардлыг гаргах боломжтой. Шилэн дансны хуулийг шинэхэн бөгөөд хэрэгжилтэд нь ширүүхэн хяналт тавьдаг байхад гишүүд хэвлэлийн ямар компани руу хэзээ, хэдэн төгрөг шилжүүлснийг бид ил тод хардаг байсан учраас ийн хардаж буй хэрэг. Шуудхан хэлэхэд, ээлжит сонгуулийн жил гишүүд тайлан болгож сонин, сэтгүүл тараадаг нь, тэр тусмаа түүнийхээ зардлыг төсвөөс гаргуулдаг бол үүнийг гарцаагүй хориглох ёстой. Сонгуулийн, нэр дэвшигчдийн гарааны тэгш нөхцөл чухам энд алдагдаж байна.

Хэрэв зайлшгүй тайлан гаргах ёстой бол бүх гишүүн ижил загвараар, нүсэр биш сэтгүүл хийх ёстой. Үнэндээ одоо гишүүд ч хийсэн сэтгүүлээрээ зиндаархаж, хэн нь технологийн шийдэл ашиглаж, “тасархай” тайлан хэвлэв гэдгээрээ уралддаг болчихсон. Өнгөрөгч сонгуулиас эхлэн зардлыг бууруулахын тулд сурталчилгааны хэвлэмэл тараах материалыг хэмжээ, хязгаартай хийхээр зохицуулсан ч “цоорхой” нь багассангүй. Ядаж л нэг тойрогт хамтдаа өрсөлдөж буй намын нөхөд сурталчилгааны сонин, сэтгүүлээ хамтдаа хийчих хэрэгтэй. “Нэг нам, эвслийн нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материалаа нэгдмэл байдлаар хамтран гаргаж болно” гээд УИХ-ын сонгуулийн тухай хуульд хэдийн заачихаж.

Энэ удаагийн сонгууль тун онцгой нөхцөлд болох гэж байна. Он гарснаас хойш хорио тогтоож, хөлд нь хий орсон улстөрчдийг цар тахал тушиж байгаа нь үнэн. Энэ байдал цахим шилжилтийг бараг 10 жилээр наашлууллаа гэж байгаа ч сонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал, уламжлалт арга ч газар авах шинжтэй байна. Өөрөөр хэлбэл, хөл, гараа тушуулсан нэр дэвшигчид том тойрогт олноороо өрсөлдөж, богино хугацаанд өөрийгөө таниулахын тулд тараах материалд нэлээд ач холбогдол өгөх шинжтэй дэг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)