Ургацын хэмжээ төлөвлөснөөс буурч болзошгүй нь

Газар тариалангийн зарим бүс нутгаар зуншлага оройтсоноос ургацын болц хангалтгүй, чийг, ногоон тариа ихтэй байгаа аж. Улсын хэмжээнд энэ онд 420 000 тонн буудай хураан авах урьдчилсан баланс гарсан. Гэсэн ч байгаль, цаг уурын байдлаас шалтгаалан ургацын хэмжээ төлөвлөснөөс буурч болзошгүй гэнэ. Тиймээс үр тариагаа хэрхэн хаягдал багатай хураан авах талаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан (ТЭДС), ОБЕГ-ын харьяа Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газар, Монголын тариаланчдын үндэсний холбоо зэрэг байгууллагынхан өнгөрсөн баасан гарагт зөвлөлдлөө. Тариаланч иргэн, аж ахуйн нэгжүүд цаг агаарын нөхцөлд тохируулан, дулаан хоногуудыг алдалгүй, ургацаа богино хугацаанд хурааж авахыг зөвлөлөө. Үүний тулд техник хэрэгслээ сайтар бэлдэж, бэлэн байдлаа хангахыг анхааруулав. 

Урьд жилүүдэд тариаланчид сайн чанарын улаан буудайгаа гурилын үйлдвэрүүдэд тушаасны дараа үрээ нөөцөлж эхэлдэг байжээ. Харин энэ удаад нэн түрүүнд сайн чанарын үр бэлтгэж, нөөцлөх шаардлагатайг мэргэжлийн байгууллагынхан зөвлөлөө. Үүнтэй холбогдуулан ТЭДС-гаас хүнсний улаан буудай хүлээн авах түр журам боловсруулж байгаа гэнэ. Ташрамд дурдахад, энэ сарын эхээр цаг агаар тогтуун, дулаан байна. Харин 9-10-наас эхлэн уулархаг нутгуудаар 3-10 градусаар цочир хүйтэрч болзошгүй гэнэ. Мөн сарын сүүлчээр нийт нутгаар хүйтрэх төлөвтэйг Цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурч Х.Ахмед-Али мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)