Ургацын хэмжээг “ХӨӨЛГӨГЧ”

Монголд хоёр сая бүл зөгий тэжээх бэлчээрийн даац бий хэмээн нэлээд хэдэн жилийн өмнө эрдэмтэд тогтоосон. Одоогоор манай улсад 40 000 орчим зөгийн бүл байгаа бөгөөд дийлэнх нь Сэлэнгэ, Дорнод аймагт бий. Байгаль орчинд ээлтэй, хөрөнгө оруулалтаа хялбар нөхдөг, зардал багатай, эрүүл мэндэд ээлтэй бизнес гэдэг утгаар нь сүүлийн жилүүдэд зөгийн аж ахуй эрхлэгчдийн тоо өссөөр байгаа. Тэдгээрээс 2017 оноос хойш зөгийн аж ахуй эрхэлж буй “ABC eco” компанийг онцоллоо.

Монгол, Японы төвийн Бизнес удирдлагын сургалтыг төгссөн таван хүн нийлж “Аравт бизнесийн нэгдэл”-ийг 2015 онд үүсгэн байгуулжээ. Одоогоор тус нэгдлийнхэн модон болон ноос, ноолууран эдлэл, хуванцар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд зөгийн аж ахуй дагнан эрхэлдэг “ABC eco” компанийг байгуулжээ. Тэд 2017 онд 75 бүл зөгийг 45 орчим сая төгрөгөөр худалдан авч Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараад аж ахуйгаа эхлүүлсэн байна. ОХУ-аас оруулж ирэн Монголд нутагшуулсан зөгий худалдан авчээ. Тэдний зөгийн тоо өнгөрсөн зун 175 орчим бүлд хүрсэн байна. 

Нэг бүлээс дулааны улиралд 3-5 удаа, 20-40 кг бал хураан авдаг аж. Ер нь нэг зунд зөгийн тоо 4-5 дахин өсөх бололцоотой гэнэ. Зөгийн хүч бүлийнх нь тоонд байдаг тул нэг бүлд байх зөгийн хэмжээг нарийн зохицуулах шаардлагатай юм байна. Ерөнхийдөө нэг бүлд 30 000-50 000 зөгий байх бөгөөд энэ тоо хэт багасвал бүл хүчгүйдэж, хэт ихэсвэл хатан зөгий нь сүргээс нь таслан, дагуулан нисчихдэг тул тоог тодорхой байлгах нь зөгийн маллагаанд чухал байдаг аж. 

“ABC eco” компани зөгийн аж ахуй эрхлээд удаагүй ч өөрсдийн зоорь, бал савлах машин, байнгын хэрэглэгчтэй болж чаджээ. Энэ төрлийн аж ахуй эрхлэгчид нэмэгдэн, зөгийн тоо өсөхийн хэрээр бэлчээрийн даац багасан, хомсдол үүсэж байгаа гэдэг ч одоогоор Зүүнхараад бэлчээр нутгаа булаалдсан, зөгий тавих талбай хом содсон нөхцөл үүсээгүй аж. Зөгий олон байх нь харин ч ашгаа өгч газрын гарцыг сайжруулж, тариан талбайн нэгж талбараас авах ургацын хэмжээг ч нэмэгдүүлдэг талаар тус компанийнхан хэлж байна. Балны хувьд зөгий ямар цэцгээр хооллосон гэдгээс шалтгаалж өнгө, үнэр, амт нь өөр өөр байна.

Сүүлийн үед манай зөгийчид балаа төрөлжүүлж савлаж байгаа бөгөөд самар, жимстэй хольж бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй. Харин “АВС eco” компанийнхан балаа төрөлжүүлэхээс илүүтэй бүх төрлийн зэрлэг цэцгээс хураасан бал үйлдвэрлэж, энэ чиглэлээр ч дагнан ажиллах гэнэ. Учир нь хамгийн түгээмэл гаргаж буй рапс болон гурвалжин будааны цэцгийн бал үйлдвэрлэхэд тариан талбайд буюу таримал цэцэгт зөгийгөө тавьдаг. Түүгээр хооллосон зөгийн бал зэрлэг цэцгийн балны чанартай дүйцэхгүй хэмээн тооцжээ. Тиймээс ч гурван төрлийн савлагаатай “Түнхэл” нэрийн зэрлэг цэцгийн балыг зах зээлд нийлүүлж буй гэлээ. Тэд бал савладаг шилээ урд хөршөөс оруулж ирдэг юм байна. Шилийг нь авч ирвэл бүтээгдэхүүнээ 5-10 хувиар хямдруулан борлуулдгаа ч дуулгасан.

Зөгийн үржил 4-6 дугаар сарын хооронд явагддаг. Энэ үед нь нэмэлт тэжээл, өндөг нэмэгдүүлдэг бэлдмэлийг зөгийдөө өгдөг аж. Ингэж анхаарснаар бал хураах зөгийн бүлээ өтгөрүүлж, хүчтэй болгодог байна. “АВС eco” компанийнхан зөгий үржүүлсэн эхний жилдээ өөр айлын зооринд тэднийг өвөлжүүлсэн бол өнгөрсөн зун өөрсдийн зоорьтой болжээ. Зоориных нь хэмжээ 400 бүл зөгий өвөлжүүлэх боломжтой гэсэн. Зөгийнүүд өвөлд хагас унтаа, хөдөлгөөнгүй, чимээгүй байдаг. Тэд сард 1-2 удаа зөгийнүүдээ эмчийн чагнуураар чагнан, хэвийн унтаж байгаа, эсэхийг нь шалгадаг. Мөн зоориныхоо температурыг -3-10 градуст байлгах ёстой бөгөөд зөгийнүүд тодорхой хэмжээний дулаан үүсгэдэг тул зооринд халаалт тавих шаардлага үүсдэггүй аж.

Зөгийн бал, тоосонцор хоёр үйлдвэрлэж буй тус компанийнхан цаашид зөгийн хор, жилий, сүүнцэр болон бусад бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж буйгаа дурдсан юм. Зөгийн бал нь эрэлттэй, эсэх талаар “АВС eco” компанийн үүсгэн байгуулагчдын нэг, усан спортын багш, дасгалжуулагч Н.Баярсайхан “Бид хоёр дахь жилдээ л бал хураан авсан. Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөн төдийгүй боломжийн ашигтай ажиллаж байна. Гэхдээ борлуулалт сайнгүй. Учир нь манай иргэд хүнсэндээ зөгийн бал хэрэглэж хэвшээгүй. Хүний эрүүл мэнд, гоо сайханд үзүүлэх ач холбогдлыг нь ойлгоогүй хэвээр байна. Юуны түрүүнд бид хүнсэндээ хэрэглэдэг төрөл бүрийн чихрийг зөгийн балаар орлуулчихмаар байгаа юм. Ингэвэл зөгийчдөө дэмжих төдийгүй эрүүл мэнддээ үнэлж баршгүй тус хүргэж байгаа хэрэг. Одоогоор нэг кг цэвэр зөгийн бал 20 000-40 000 төгрөг байгаа ч хэрэглээ нь өсвөл үнэ буурах боломжтой” гэлээ.

Мөн зөгийн аж ахуй эрхлэхэд тулгардаг бэрхшээлийн тухайд тэрбээр “Туслах аж ахуйнуудаас бага зардлаар боломжийн ашиг олдог нь зөгийн аж ахуй болов уу. Малчин өрх бүр 1-2 бүл зөгий үржүүлж, бэлчээртээ тавьж сурах хэрэгтэй. Ингэснээр бэлчээрийн гарц сайжирч, өрхийн эдийн засаг болон эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ. Зуны саруудад маллаад өвөлд нь ичүүлчихдэг, үхсэнийг нь ч эмчилгээний зориулалтаар ашиглаж болдог бараг хаягдалгүй амьтан бол зөгий. Үүнийг хүн бүр мэдэж, энэ салбарт хөрөнгө оруулж, хөдөлмөрлөж үр шимийг нь хүртээсэй” гэсэн юм.

Тус компани зөгийн бал болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ өргөжүүлэхээс гадна зөгийн үржил, селекцийн ажлыг хийж, сайн чанарын бүл өсгөн, худалдаалдаг болохыг зорьж буй гэлээ. Балны гарц сайтай, хүчтэй зөгийн бүлтэй болоход хатан зөгий хамгийн чухал нөлөөтэй. Хээлтэй, “мундаг” хатныг олохын тулд зөгийчид нэлээд эрэл болдог ба өнгөрсөн жил нэг нь 60 000-80 000 төгрөгт хүрсэн тухай ч сонирхуулсан юм. Тэд зөгийн үржлийн төв байгуулах ажлынхаа бэлтгэлийг хангаж буй бөгөөд үр дүнг нь хоёр жилийн дараагаас харж болох гэнэ.

Ташрамд дурдахад, дэлхий дээрх хамгийн үнэтэй “Манука” нэрийн зөгийн балыг Шинэ Зеланд улс зах зээлд бэлтгэн, нийлүүлдэг бөгөөд нэг кг-ынх нь үнэ 1000 орчим ам.доллар гэнэ. Байгалийн цэвэр бүтээгдэхүүн, эрүүл мэндэд тустай, антиоксидант шинж чанараараа дэлхийд танигдсан тус бүтээгдэхүүнээс чамлахааргүй ашиг олдог нь дамжиггүй. Гэсэн ч уг балыг таримал цэцэгсээс цуглуулдаг тул учир дутагдалтай хэмээн монгол зөгийчид үздэг юм байна. Манай улсын хувьд зэрлэг цэцгийн зөгийн балаар дэлхийд танигдах цаг ойрхон байгаад аж ахуй эрхлэгчид итгэлтэй байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)