Ургацынхаа 85 хувийг хурааж амжаагүй байтал цас дарлаа

Зургийг Баттөр фотографи


Дотоодын хэрэгцээг бүрэн хангахуйц буюу 450 300 тонн буудай энэ онд хураан авах урьдчилсан баланс гарсан. Харамсалтай нь, газар тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч, цас унаснаас ургацынхаа багагүй хувийг алдаж болзошгүй эрсдэл тулгарлаа.

Энэ сарын 19-20-нд шилжих шөнө Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорнодод хур тунадас унасан бөгөөд Сэлэнгийн Сүхбаатарт 33, Баруунхараад 26, Дархан-Уулд 24-32, Орхон аймагт 25 мм цас унасан нь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогдож байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тэр дундаа дотоодын хэрэгцээний буудайн 60 орчим хувийг бүрдүүлдэг Сэлэнгэ аймгийн газар тариалангийн бүс нутаг тэр чигтээ цасанд даруулсан байна.

Хэд хэдэн тариаланчтай холбогдоход “19-ний өглөө бороо орж эхэлсэн. Дараа нь цас орж, шууран, шамаргаллаа" гэсэн юм. Тус аймгийн хэмжээнд ургацынхаа дөнгөж 15 хүрэхтэй, үгүйтэй хувийг л хураагаад байжээ. Өөрөөр хэлбэл, ургацынхаа 85 хувийг хурааж амжаагүй байсан гэсэн үг. Гэхдээ хохирлын хэмжээг одоогоор тогтоох боломжгүй, орон нутгийн мэдээллийг нэгтгэж байгаа аж.

Ургацаа “аврах”-ын тулд цасан шуурганд мал уруудаж, тариалангийн талбай сүйтгэхээс сэргийлэх, уг ажилд иргэдийг дайчлан оролцуулах үүргийг ХХААХҮ-ийн сайд, Улсын ургацын комиссын дарга Б.Батзориг орон нутгийн удирдлагуудад өглөө. Мөн налсан тариа хураахад зориулсан нэмэлт тоног төхөөрөмжийг тариаланчдад нийлүүлэх ажлыг зохион байгуулах чиглэл гаргасан юм.

Дашрамд дурдахад, цас орж, шуурсны улмаас зам, даваа цасанд хаагдан, халтиргаа гулгаа үүссэн тул Улаанбаатараас Дархан-Уул, Сэлэнгэ чиглэлд зорчих автомашины хөдөлгөөнийг түр хязгаарласан байна.


М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)