Ургацынхаа 58 хувийг хураагаад байна


Өнгөрсөн сард цас орж, цаг агаар гэнэт муудсан нь тариаланчдыг нэлээд сандаргасан. Гэсэн ч тэд ургацынхаа 50 гаруй хувийг хураагаад байгаа аж. Ажлын явцыг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас тодруулахад:

-Улсын хэмжээнд ургац хураалт 58 хувьтай байна. Одоогоор 12.3 мянган га талбайгаас 156.9 тонн төмс, 7.4 мянган га-гаас 84.4 тонн хүнсний ногоо хураасан. Мөн 151.2 мянган га-гаас 213.8 мянган тонн үр тариа авсан. Нэг га талбайгаас авах ургацын хэмжээ 14 центнер байна.

Төмс, хүнсний ногоогоо хурааж дууссан, нөөцлөх, худалдах ажилдаа орсон. Өнгөрсөн сард цаг агаар муудсанаас үр тариа хураах ажил хойшилсон ч ойрын өдрүүдэд тэнгэр тогтуун болсон тул боломжийг алдалгүй ургацаа хурааж дуусгахаар шуурхайлж байгаа.

-Цаг агаараас шалтгаалж хэр хохирол амссан бол?

-Цас орж, хүйтэрсэн тул буудай чийгтэй бууж байна. Мөн тарианы хольцонд ногоон буудайн эзлэх хувь багагүй хэмжээгээр нэмэгдэх хандлагатай. Үүнийг “Алтан тариа”, “Улаанбаатар гурил” зэрэг хатаалгатай элеватортой аж ахуйн нэгжүүд авч буй.

Хүлээх цаг байхгүй учраас аж ахуйн нэгжүүд тариа ногоон, чийгтэй байсан ч хамаагүй бүгдийг нь хурааж буй. Хураасан ногоон будааг үтрэм дээр хатаан, сэлгэж, үүнээс гарсан чийгтэй будааг элеваторуудад тушааж буй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)