УРГАДАГ УУРХАЙН ШҮҮСЛЭГ ГҮЗЭЭЛЗГЭНЭ

Гадаа цас хаялж, бороо шивэрч, шороо шууран эргэх дөрвөн улирал яаж ч солигдсон тэнд мөнхийн ногооноороо л байдаг. Яг л зуны аагим халуунаас зугтаж ойн гүнд сэрүүцэх үед төрдөг тэр тааламжтай байдлыг эндээс мэдэрч болно. Эзнийх нь тодорхойлсноор “Ухдаг биш ургадаг уурхай” болох өвлийн хүлэмжинд очсон анхны сэтгэгдэл минь тэр. Мод, бут сөөгний суулгац тарьж, иргэд албан байгууллагын цэцэрлэгийг зүлэгжүүлэн, ногоон байгууламж тарьж ургуулдаг “Мөнх ногоон амьдрал” ТББ-ынхан өнгөрөгч онд Шувуун фабрикт өвлийн хүлэмж барьж, гүзээлзгэнэ, улаан лооль, өргөст хэмхийн үрсэлгээ тарьж үйл ажиллагаагаа өргөжүүлжээ.

Өргөст хэмх, улаан лоолийг бид эртнээс тарьж, хүнсэндээ хэрэглэх болсон. Харин таримал гүзээлзгэнэ гэдэг энэ салбарт харьцангуй шинэлэг тариалан тул өвлийн хүлэмжийг зорих иргэдийн хөл амралтын өдрүүдэд тасардаггүй гэсэн. Зуны дэлгэр цагт унахаас нь урьтаж түүх гэж яардаг зэрлэг гүзээлзгэнэтэй харьцуулахад эрхий хуруун чинээ том, хараа булааж, арааны шүлс асгаруулах жимсгэнийн ургаж, боловсорч буйг харах гэж, урд хөршөөс авчирдаг усан гүзээлзгэнээс амт, чанараар илүү гэдгийг мэдрэх гэсэн иргэдийг тэд найрсагаар хүлээн авдаг юм билээ. Гэхдээ хөл доорхоо үл анзааран бут дамжин гүйх бяцхан зочид гүзээлзгэнийн навч, шилбийг нь гэмтээх, томчуудын гадуур хувцсандаа тээвэрлэн ирсэн “урилгагүй зочид” болох элдэв төрлийн тоосонцрууд ургамлын өвчлөл үүсгэх эрсдэлтэй байдаг тул үүдний хэсгээс цааш аялуулдаггүй дүрэмтэй аж.

Хаврын хахирган салхитай, жиндүү өдрөөр цөөхүүл зочилсон бидэнд үрсэлгээ, гүзээлзгэний ургацтай ойр дотно танилцах онцгой эрх өгсөн. Солонгос сортын том гүзээлзгэнийн навч, шилбэ ч ойн гүзээлзгэнийнхээс харьцангуй том. 15-25 хэмд, харьцангуй чийглэг орчинд ургадаг тул бут бүрийг гялгар уутаар нямбайлан хучих шаардлагатай байдаг аж. Ингэснээр хөрсний чийгийг удаан хадгалаад зогсохгүй сайн дураар ургадаг зэрлэг ургамлуудыг устгадаг тул ажил хөнгөвчлөх ач холбогдолтой. Усалгааны том савыг дээр байрлуулснаар шахуурга шаардагдахгүй бөгөөд бут бүрт хүрэх усны хоолойн үзүүрт дуслаар услах тусгай ажиллагаатай хаалт хийсэн нь ажлыг ч амарчилдаг гэнэ. Газар тариалангаар тэргүүлдэг урд хөршид дээрх байдлаар ажлыг хөнгөвчлөх арга, технологийг ашигладаг тул зуун ам метр хүлэмж хариуцан ганцхан хүн ажилладаг аж.


Ойн гүзээлзгэнэ жилдээ ганцхан удаа л жимс нь гардаг бол хүлэмжийнх жилийн дөрвөн улиралд жимсээ өгдөг онцлогтой. “Мөнх ногоон амьдрал” ТББ-ынхан одоогоор туршилтын байдлаар өвлийн хүлэмжээ ажиллуулж байгаа тул нэг удаадаа 30 кг орчим жимс хурааж байгаа гэнэ. Гүзээлзгэнийн бут шилбэ нь үндэслэж, үржихдээ амархан ургамал. Шилбэ нь ургаж, үндэслэх үед жимсний гарц буурдаг учир цаг тухайд нь шилбийг нь таслан авдаг. Зургаан сар тутам бутаа амраах шаардлагатай байдаг аж. Ингэхдээ хөрсний хэм таваас дээш болмогц бутыг гадаа талбайд шилбийг тайралгүй, ургуулж амраадаг байна. Гүзээлзгэнэ тарихад төдийгүй худалдан авахын тулд мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлагатай гэвэл та итгэх үү? Урд хөршид хүнсний ногоо, жимс жимсгэнийг тарьж ургуулахын тулд химийн бодис, бордоо ашигладаг талаар бид уншиж, сонсохоороо л нэг болсон.


Химийн бодисоор бордоогүй байлаа гэхэд жимс жимсгэнийг аюулгүй тээвэрлэхийн тулд хамгаалах бүрхүүл үүсгэдэг тусгай химийн бодис цацахаас өөр аргагүй байдаг аж. Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хавдар үүсгэдэг хэмээн эмч, эмнэлгийн байгууллагуудын сэрэмжлүүлдэг химийн бодистой хүнснээс монгол хөрсөнд органикаар бордож, ургуулсан жимсийг ялгаж таних анхан шатны мэдлэгтэй байх шаардлагатай. Харин монгол гүзээлзгэнийг импортынхоос ялгахын тулд юун түрүүнд үнэрлэж үзэх ёстой гэнэ. Химийн бордоо ашигласан, хиймлээр ургуулсан гүзээлзгэнэ үнэр багатай, усархаг, таллаж үзэхэд ус их ялгарч харагддаг бол хүлэмжнээс хэрэглэгчийн гарт очиж буй монгол гүзээлзгэнэ шинэ байдаг тул үнэр нь зэрлэг жимснийх шиг хурц, ус багатай байдаг.

Монгол хөрсөнд зардалгүй шахуу тарьсан гүзээлзгэнийн үнэ өртгийн талаарх асуултад хүлэмж хариуцсан мэргэжилтэн З.Болд “Урд хөршийн хиймлээр ургуулж, хөөлгөсөн дийлэнх хувь нь ус болсон жимсэнд агуулагдах амин дэм, тэжээллэг байдал Монголд органикаар тарьсан жимснийхээс эрс бага. Тэгэхээр хэмжээ биш чанарыг нь дүйцүүлбэл монгол гүзээлзгэнийн үнэ өндөр биш” хэмээн хариулсан. Ирэх жилээс 1.5 га талбайтай өвлийн хүлэмж барьж жимс жимсгэнийн тариалалтаа өргөжүүлэх гэж буй тус байгууллага усан үзэм тарьж туршиж байгаа юм билээ. Тэгэхээр монголд идээшсэн солонгос сортын гүзээлзгэнэ тун удахгүй монгол усан үзэм гэх дүүтэй болох гэнэ.

О.УНДАРМАА


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)